Мөстлөгийн үеэс өнөөдрийг хүртэл тэсэж үлдсэн 50 орчим ургамал байдгийн нэг нь гингко ургамал юм. Дулаан чийглэг уур амьсгалд ургадаг халуун орны энэ ургамалын төрөл зүйл манай улсаас олдсон байна. Өнгөрсөн долоо хоногт энэ олдворын талаар “Proceedings of National Academy of Sciences” (PNAS) сэтгүүлд нийтлэгджээ. Тус сэтгүүлд бичсэнээр, гинкго мод нь эмчилгээний өндөр ач холбогдолтой, өөрийн төрлөө ганцаар төлөөлдөг байна. Энэ талаар Йелийн их сургуулийн Петр Крэйн тэргүүтэй олон улсын эрдэмтдийн баг мэдээлснийг тус сэтгүүлд дурджээ.
АНУ-ын эрдэмтэд Монголын Тэвшийн говиос энэ төрлийн модны шинэ төрлийг олж илрүүлсэн бөгөөд 100-125 сая жилийн өмнөх үед хамаарагдаж буй юм байна.
Эрдэмтэд өмнө нь энэ төрлийн ургамлын олдвор олж байсан ч маш муу хадгалагдсан байдаг учраас судалгааны ажилд нь хүндрэл учирч байсан аж. Эдүгээ палеонтологичид маш сайн хадгалагдсан тэрхүү “дээж”-ийг гартаа атгаад байна. “Umaltolepis mongoliensis” хэмээн нэрлэгдээд буй тус олдворын иш, болон навчны байдал, ялангуяа бүтэц нь гинкгогийнхтой төстэй аж.
Харагдах өвөрмөц байдлаар нь гинкго (Ginkgo biloba) модыг ихэвчлэн амьдаараа чулуужсан буюу “амьд байгаа эртний мод” хэмээн нэрлэх нь бий. Пермийн үед түүний төрөл зүйлүүд удаан хугацааны турш дэлхийн ургамалд зонхилж байсан ч өнөөдөр нэг л төрөл нь хадгалагдан үлдээд буй юм. Өнөөдөр энэ ургамал зөвхөн БНХАУ-д байдаг аж.
Мезозойн эринд манай гаригийн дулаан чийг уур амьсгалтай хойд хэсэгт энэхүү ургамал нь өргөн тархаж байжээ. Гинкго нь өндрөөрөө 30 метр, тойргоороо 3 метр хүртэл томордог гэнэ.
Зарим эх сурвалжид мэдээлснээр, гинкго нь амьдрах чадвар сайтай, маш тэсвэртэй ургамал бөгөөд солирын бороо, мөстлөгийн үе, цөмийн дэлбэрэлт, хүний буруутай үйл ажиллагаанаас улбаатай байгаль орчны бохирдол гэх мэт дэлхий дээр болж өнгөрсөн олон гамшгийг даван гарчээ. Энэхүү амьд эрдэс баялгийн эх болсон өндөр ишт ургамал нь манай дэлхий дээр ойролцоогоор 200 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг байна.
Эрт дээр үед Хятадын анагаах ухаанд түүний навчаар ханиалга, багтраа, харшлаас шалтгаалсан үрэвсэл зэргийг эмчилдэг байжээ. Хиросимийн атомын бөмбөгдөлтийн дараа ч Гинкго мод нь ганцаараа үлдсэн баримт байдаг ажээ.
Түүний энэхүү амьдрах гайхамшигт нууц хүч чадал нь маш хүчтэй антиоксидантууд болон бусад идэвхтэй бодисуудыг өөртөө агуулсан ховор фотохимийн бүтэцтэй нь холбоотой юм байна. Энэхүү бүтэц нь агаарын бохирдолт, мөөгөнцрийн болон вирусын өвчлөлт, хэт халуун болон хүйтэнд тэсвэртэй болох нь нотлогджээ.
Европчуудын хувьд оньсого мэт байсан энэхүү гайхамшигт ургамлыг Японы шинжлэх ухаан анх нээсэн түүхтэй. 1960 онд Японд суугаа Голланд улсын Элчин сайдын яамны эмч Е.Кемпфэр Японы хээ угалзтай адил хоёр салаа навчийг сонирхон судалжээ. Үр жимс нь абрикос шиг хэмжээтэй буюу шатсан тос шиг эвгүй үнэртэй хэдий ч түүнийг Японы үндэсний хоолонд өргөн ашиглаж, давирхайг нь хүртэл хүнсэндээ хэрэглэдэг байж.
Эрдэмтэд гинкго нь хөгшрөлтийн явцыг удаашруулж, ой санамжийг сайжруулж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэн, уураг тархины үйл ажиллагааг хэвийн хэмжээнд байлгадаг болохыг нотолжээ.