Айл бүр цэнгэг агаартай цэвэр орчинг хашаандаа бүрдүүлэх хүсэлтэй ч тэр бүр явган зам яаж тавих, хэрхэн өвс, мод, цэцэг тарих, хэрхэн тохижуулах гээд мэдэхгүй зүйл их болохоор юу ч хийж чаддаггүй. Харин энэ бүхэнд санаа авч сэдэл төрүүлэх үүднээс UPDOWN.MN “Ногоон хөгжил” зөвлөгөө, мэдээллийн булан нээж байна.
Энэ удаад “Хар Интоор” ТББ-тай хамтран хашаандаа үзэсгэлэнтэйгээр цэцэглэдэг мод, бут тарих зөвлөгөө хүргэж байна.
НЭГ. МОД СУУЛГАХ НҮХ БЭЛТГЭХ
Доорх мод бут, сөөгийг тарихдаа дараах аргыг хэрэглэнэ. Голчоороо 40-50 см, гүнээрээ 40 см нүх ухаж бэлтгэнэ. Хайрга чулуутай хөрсийг зөөж зайлуулан ханыг тэгшлэнэ. Үржил шим муутай, хайрга чулуу ихтэй хөрсөнд бут сөөг тарьж суулгахдаа хар шороон хөрс,элсийг нүхнийхээ ойр овоолж бэлтгэнэ.
ХОЁР. МОДОО СУУЛГАХ
Урьдчилан бэлтгэсэн нүхээ услаад тарих суулгацаа нүхнийхээ голд зөв байрлуулна. Аль болох эгц шулуун тэгш суулгавал үзэмжтэй харагдана. Суулгасны дараа бэлтгэсэн хар шороо элсийг нүхэндээ бага багаар хийж улмаар дүүргэн суулгацаа тойруулан гишгэж чигжинэ. Үндсийг ил гаргаж болохгүй. Тогоог хар шороогоор дүүрмэгц ирмэгийг тойруулан үржил шим муутай үндсэн шороогоор тогоо бэлтгэнэ. Тогооны хажуу ирмэг 10-15 см байвал зохино. Нэг бүрчлэн услах модонд ийм тогоог заавал гаргаж өгөх шаардлагатай.
МОНОС
ОНЦЛОГ: Байгальд голын хөндий, шугуй горхины эрэг, хусан төгөл, ам хавцлын ёроол хажуу энгэрт ургах 3-7 метр өндөр сөөг юм. Газрын хөрснөөс дээш богинохон иш гарч тэр нь цаашдаа бутлан салаалж сөөг хэлбэрийг үүсгэнэ. Яст жимс нь шүүсэрхэг бөмбөлөг хэлбэртэй тас хар өнгөтэй, чийглэг, хүйтэнд тэсвэртэй.
ЦЭЦЭГЛЭХ: Тавдугаар сарын сүүлч зургадугаар сарын эхээр цэцэглэдэг. Цэцэглэх үедээ сайхан үнэртэй. Үр жимс нь наймдугаар сард боловсорно. Үр боловсорсон үедээ үзэсгэлэнтэй өнгө хувиргадаг гоёл чимэглэл болон жимсний зориулалтаар тарималжуулна. Таналт, хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.
ТАРИХ АРГА: Мод хооронд 3-4 метр зайтай тарихад тохиромжтой. Дээрх аргаар тарина.
АГЧ
ОНЦЛОГ: Агч мод нь олон иш үүсгэн дугуйвтар титэм хэлбэртэйгээр 3-7 метр өндөр ургах гоёмсог навчтай бэсрэг мод юм. 4-5 настайгаасаа эхэлж үрлэх ба 5-р сарын сүүлчээр цэцэглэж 9-р сарын эхээр үр боловсорно. Агчны бүх зүйлүүд ганд тэсвэрлэх чадвар дунд зэрэг, хүйтэнд тэсвэртэй. Өсөлт ургалтынхаа эхний үедээ сүүдэрлэг орчинд ургахдаа сайн. Үржил шим сайтай. Элсэрхэг хөнгөн хөрсөнд сайн ургадаг. Үрээр үржүүлэхэд хялбар үржинэ. Гоёл чимэглэлийн зориулалтаар ганц нэгээр болон бусад зүйлийн мод буттай хослуулан төгөл, гудамжны хажуу зам дагуулж цуваа хэлбэрээр тарихад нэн зохимжтой. Таналт хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.
ТАРИХ АРГА: Мод хооронд 3-4 метр зайтай тарих тохиромжтой. Дээрх аргатай ижил.
ШАР ХУАЙС
ОНЦЛОГ: 6 м хүртэл өндөр ургадаг модорхог сөөглөг ургамал. Мөчир ногоон саарал. найлзуур нь ногоон, шаргал хүрэн. Навчны дагавар өргөслөг. Навчис өдлөг нийлмэл. Навчинцар 4-8 хос зууван. Цэцэг ганц нэгээрээ юм уу, 5 хүртэл бөөнөөр байрлана. Цэцгийн шилбэ 2-5 см урт, үзүүр хэсэгтээ үетэй. Цомирлог өргөн хонхорхой. Дэлбэ шар. Буурцаг шугаман бортгорхуу, З,5-6 см урт, нүцгэн. Цэцэглэх, үрлэх хугацаа 6, 7, 8-р сар Таналт, хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.
ТАРИХ АРГА: Мод хооронд 3-4м зайтай тарих тохиромжтой. Дээрхтэй ижил
БҮЙЛС
ОНЦЛОГ: 1-5 см өндөр өргөслөг сөөг. Салаархаг саравгар мөчиртэй, залуу найлзуур улаавтар хүрэн, үсэрхэг, их өргөстэй хатгууртай. Цэцэг ганц нэгээр юм уу хааяа богиноссон найлзуур дээр хэд хэдээрээ багцалж байрлана. Дэлбэ ягаан, тонгоруу өндгөрхүү 5-7 мм. Навчлахын өмнө дэлгэрдэг. Яст жимс өргөн өндгөрхүү бөөрөнхий.1,2-1,5 см урт, 1 см өргөн, үсэрхэг. Цэцэглэх, жимслэх хугацаа 5-6, 8-9 сар.
ТАРИХ АРГА: Мод хооронд 3-4 м зайтай тарих тохиромжтой. Дээрхтэй ижил аргаар тарина.
ДОЛООГОНО
ОНЦЛОГ: Бараан хүрэн найлзууртай, 1.0-2.5 см урт өргөстэй. Навчны илтэсний хоёр тал ихэвчлэн нүцгэн, заримдаа дээд тал хааяа хоёр тал нь ширүүн үстэй. Навчны илтэс гонзгойвтор өндгөрхүү хэлбэртэй. Баг цэцэг нь 7-20 ш цэцэгтэй, жимс бөөрөнхий буюу бага зэрэг гонзгойвтор улаан 3-4 ястай доод талдаа хонхорхойтой. Ургалт 5 дугаар сарын эхний арав хоногоос 9 сарын сүүлч хүртэл, найлзуурын өсөлт 5 дугаар сарын дундаас 8 дугаар сарын сүүлч хүртэл үргэлжилнэ. 5-р сард цэцэглэж, 6-р сард үрлэж, 8-р сарын сүүлчээр үр жимс нь боловсорч гүйцдэг. Үрээр ургуулсан 2 настай тарьцыг бойжуулгын талбайд 2 жил торниулаад байнгын талбайд шилжүүлнэ.
АШИГЛАХ ХЭЛБЭР: Ногоон байгууламжид ганц нэгээр болон хэсэг бүлгээр, хамгаалалтын зурвас, амьд хашлагад, хөрс хамгаалах зориулалтаар суулгахад тохиромжтой.
ӨРӨЛ
ОНЦЛОГ: Бөөрөнхий нягт титэмтэй, холтос нь арзгар, үнсэн саарал өнгөтэй. Найлзуур нь улаавтар хүрэн, нүцгэн. Навч нь өндөгөрхүү богино зууван 2,5-8,0 см урт, 1,3-5,0 см өргөн, навчны шилбэ 1,2-4,0 см урт. Цэцэг нь 4, 8-аар нийлж цагаан өнгийн шүхэр үүсгэнэ. Үр жимс бөөрөнхий, улаавтар туяа бүхий шаргал өнгөтэй, исгэлэн амттай. Ургалт 5-р сарын эхнээс 9-р сарын сүүлч хүртэл, найлзуурын өсөлт 5-р сарын сүүлчээс 8-р сарын сүүлч хүртэл үргэлжилнэ. 6-р сард цэцэглэж, 9-р сард үр жимс нь болвсорч дуусна. Хавар болтол үр жимс нь модон дээрээ хадгалагдана. Ган хүйтэнд тэсвэртэй. шилжүүлэн суулгалтыг даахдаа сайн. Үрээр ургуулсан 2 настай тарьцыг бойжуулгын талбайд 2 жил торниулаад байнгын талбайд шилжүүлнэ.
АШИГЛАХ ХЭЛБЭР: Ногоон байгууламжид ганц нэгээр болон хэсэг бүлгээр, хамгаалалтын зурвас, амьд хашлагад хөрс хамгаалах зориулалтаар суулгахад тохиромжтой.
БЭЛТГЭСЭН “Хар Интоор” ТББ, UPDOWN.MN