Улс төрийн намууд, тэдгээрийн хоорондын шударга өрсөлдөөн ардчиллын амин чухал нөхцөл болдгийг дэлхийн улс орнууд дахь ардчиллын түүхэн хөгжлөөс харж болно. Ялангуяа дарангуйллаас шилжилт хийж буй орнуудын ардчиллын бэхжилтэд намын тогтолцооны төлөвшлийн асуудал ихээхэн чухал нөлөөтэй юм.
Монголд өдгөө Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 28 нам байна.
Гэвч эдгээрээс орчин үеийн улс төрийн намын шалгуурыг хангах хэмжээнд төлөвшсөн нь цөөхөн юм. Өнгөрсөн хугацаанд Монгол улсын Ерөнхийлөгчийн , Улсын Их Хурал, Орон нутгийн хурлын нийт 21 сонгууль болж өнгөрснөөс Монгол Ардын Нам, Ардчилсан Намаас гадна ердөө 5 улс төрийн нам УИХ, Орон нутгийн хурлуудад ямар нэгэн хэмжээгээр төлөөллөө сонгуулж байжээ. УИХ-д суудалгүй жижиг намуудын зарим нь Дээд шүүхэд бүртгэгдсэн төдий л байгаа болохоос идэвхтэй улс төрийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байна.
Улс төрийн намуудын үйл ажиллагаа, төлөвшилд шууд нөлөөлөгч нэг хүчин зүйл бол санхүүжилт билээ. Монгол улсад өдгөө үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын ихэнх нь санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулж байгаа учраас цөөхөн хэд нь байнгын ажиллагаатай байгаа юм.
Улс төрийн намууд санхүүжилтээ гишүүдийн татвар, хандив, төрийн дэмжлэг гэсэн хэлбэрээр бүрдүүлж байна. Гэвч намын гишүүдийн татвар тухайн намын байнгын үйл ажиллагааг хангалттай санхүүжүүлэхэд хүрэлцдэггүй, зөвхөн УИХ-д суудал авсан намууд төрийн дэмжлэг авах боломжтой байдаг учраас бизнесийн салбарынхны хандив дэмжлэг намуудын санхүүгийн гол эх үүсвэр байсаар ирсэн билээ.
УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэг эрх зүйн баримт бичгүүдэд намын санхүүжилт, санхүүгээ тайлагнах үйл явц, хандивын эх үүсвэр зэргийг хангалттай сайн зохицуулаагүй байсаар байна.
Монгол улсын хувьд улс төрийн намуудад төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг Улс төрийн намын тухай хуулийн 19-р зүйлд заасан байдаг. УИХ-д суудал авсан намд УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг 1000 төгрөгөөр тооцож төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлэх ба УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцож, тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам тухайн намд санхүүжилт олгох бөгөөд үүний 50%-ийг нь УИХ-ын гишүүний сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулахаар заажээ.
Улс төрийн намын тухай хуулийн 20.3-д “Нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, нийтэд мэдээлнэ”гэж заасан ч улс төрийн намууд үүнийг биелүүлэхгүй байна.
Улс төрийн бодит байдал ийм байгаа нөхцөлд бид намын санхүүжилтийн асуудлыг ардчилал өндөр хөгжсөн орнуудын туршлагыг судлах үндсэн дээр боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа юм.
Дэлхийн улсуудад намууд яаж санхүүждэг вэ?
Өдгөө дэлхий дахинд улс төрийн намын санхүүжилтийн хоёр үндсэн хэлбэр байна.
Нэгд, АНУ зэрэг ерөнхийлөгчийн засаглалтай улсуудын намд төрөөс дэмжлэг үзүүлдэггүй, намууд нь хувь хүн, бизнесийн бүлгүүдээс 100 хувь санхүүждэг тогтолцоо.
Хоёрт, Европын либераль ардчилсан улсуудад нам бол ардчиллын гол институт гэж үзэж төрөөс санхүүжүүлэх хандлага. Энэхүү Европ маягийн загварыг Төв болон Зүүн Европын шилжилтийн орнууд ч нэлээд хэмжээгээр хэрэгжүүлж байгаа юм.
Намын санхүүжилтын энэ хоёр хувилбарын аль нь ардчилал болон улс орны хөгжилд хэрэгтэй вэ, тэр дундаа Монголд аль нь илүү тохирох вэ?
Америк маягийн загварыг хэрэглэдэг улс оронд улс төрийн амьдралд нам бус хувь хүн буюу Ерөнхийлөгчийн үүрэг өндөр байдаг. Намын санхүүжилт хувь хүн, компаниудаас шууд хараат байх нь сөрөг үр дагавар нэлээд гардаг. Жишээлбэл, өдгөө АНУ-д галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах талаар олон нийтийн тэмцэл хөдөлгөөн ид өрнөж байгаа билээ. 7000 гаруй дунд сургуулийн хүүхэд бууны суманд өртөж амь насаа алдсаны улмаас дунд сургуулийн хүүхдүүд, эцэг эхчүүд удаа дараа жагсаал хийж байна. Гэтэл АНУ-ын улстөрчдийг санхүүжүүлдэг асар том бүлэг бол зэвсгийн наймаанаас ашиг олдог компаниуд юм. National Rifle Association буюу Үндэсний зэвсгийн холбоо Конгрессын гишүүдийн сонгуульд их хэмжээний хандив өгдөг болохоор хуульд өөрчлөлт оруулж зэвсгийн хэрэглээг хязгаарлах боломж тун бага юм. Өөрөөр хэлбэл АНУ-ын улс төрчид зэвсгийн наймаачдын шахалтад орсон гэсэн үг. Улс төрийн намыг хувь хүн, компаниуд 100 хувь санхүүжүүлэх нь тухайн парламент ийнхүү бизнесийнхний лоббид өртөх аюул бий болгодог.
Тийм учраас Европын улс орнуудад бол хувийн санхүүжилтээс татгалзаж, улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх чиглэл давамгайлж байна. Европын ихэнх улсын намын санхүүжилтийн 60-70 хувь нь төрийн дэмжлэг байдаг. Төрөөс олгож буй энэ санхүүжилтийн нэлээд хэсгийг иргэдийн улс төрийн боловсрол, бодлого боловсруулах, бодлогын судалгаа хийхэд зарцуулна гэж хуульчилсан байдаг. зарцуулалтаар санхүүжилтийг олгодог.
Монгол улс парламентын засаглалтай орон болохын хувьд Европ маягийн улс төрийн намыг дэмжсэн загвар илүү тохиромжтой байж болох юм. Ардчилал, Сонгуулийн туслалцааны Олон улсын хүрээлэн (IDEA)-ийн судалгаанаас үзэхэд дэлхийн улс орнуудын намын санхүүжилтэд төрөөс үзүүлэх санхүүжилт голлох байр суурь эзлэх хандлагатай байна.
Германд 1959, Шведед 1965, Италид 1974, Испанид 1978, Францад 1988 оноос нэвтэрсэн төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх хандлага шинээр ардчилалд шилжиж буй Төв болон Зүүн Европын орнууд, Латин америкийн болон бусад бүс нутгийн орнуудад өргөн дэлгэр тархаж байна. Тухайлбал, Зүүн Европын орнуудын намуудын санхүүжилтын зонхилох хувийг төрийн санхүүжилт бүрдүүлдэг юм.
Авилгын эсрэг улсуудын бүлэг (Group of States against Corruption-GRECO)-ийн судалгаагаар Хорват, Грек, Бельги, Польш, Испани, Словак зэрэг улсуудын намын санхүүжилтийн 80 хувийг төрийн санхүүжилт бүрдүүлдэг байна.
Бүдүүвч 1.Европын орнуудын улс төрийн намуудын төсөв дэх төрийн санхүүжилтийн эзлэх хувь
Шууд санхүүжилт хийх гол шалгуур нь парламентад эзлэх суудал болон сонгуульд авсан саналын хувь хэмжээ байх нь түгээмэл байна. Намын системийн онцлогоос хамааран улс бүрт санхүүжилтийн хэлбэр хэмжээ өөр өөр байдаг. Тухайлбал, 180 улсыг хамруулан хийсэн судалгааны дүнгээс харахад нийт улсуудын 21 хувь нь сонгуульд авсан саналд үндэслэн улс төрийн намд төрөөс шууд санхүүжилт хийдэг, 18 хувь нь зөвхөн парламентад суудал авсан намд санхүүжилт өгдөг, 15 хувь нь дээрх хоёр шалгуурыг хослуулан санхүүжилт өгдөг, 14 хувь нь сонгуульд оролцсон нам бүрт санхүүжилт өгдөг, үлдсэн хэсэг нь санхүүжилтийг олон янзын шалгуур, хувилбараар өгдөг байна[1].
12 оронд бүх намд ижил хуваарилдаг, 19 оронд тухайн сонгуульд
[1]Funding of Political Parties and Election Campaigns. A Handbook on Political Finance. IDEA. 2014. P 24
авсан саналд үндэслэдэг, 25 оронд өмнөх сонгуулийн дүнд үндэслэдэг, 25 оронд одоогийн парламентад байгаа намын суудлын тоог харгалздаг, харин 8 оронд тухайн үеийн сонгуульд дэвшүүлсэн нэр дэвшигчийн тоо зэрэг үзүүлэлтийг голчлон харгалзаж төрөөс санхүүжилт олгодог байна.
Хамгийн түгээмэл хувилбар нь тухайн нам парламент дахь суудлын тоо болон сонгуульд авсан саналыг тодорхой томьёогоор тооцоолон санхүүжилтийг хуваарилах явдал юм.
Төв болон Зүүн Европын орнуудад хоёр янзын босго байгаа бөгөөд Босни Герцеговин, Эстони, Словенид хууль тогтоох байгууллагад доод тал нь нэг суудалтай бол төрийн санхүүжилт авах эрхтэй болох аж. Монголд мөн үүнтэй адил зарчмаар УИХ-д суудалтай намуудад сонгуульд авсан санал бүрт 1000 төгрөг тооцон өгч байна. Харин Албани, Болгар, Хорват, Чех, Литва, Македони, Орос, Словакид саналын тодорхой хувиас доошгүйг нам авсан байх ёстой гэж босго тогтоодог юм. Энэ нь Болгарт 1% байдаг бол Литвад 3% байдаг аж. Харин Румын, Польшид дээрх хоёр босгыг хослуулах хэрэглэдэг ажээ.
Төрөөс үзүүлэх шууд санхүүжилтээс гадна дэлхийн олон оронд төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийн хэлбэр түгээмэл байдаг.
Хүснэгт 2. Төрөөс олгох шууд бус санхүүжилтийн хэлбэр[1]
Хэлбэр | Улсын тоо |
Улс төрийн намд хандив өгөгчид татварын хөнгөлөлт эдлүүлэх | 61 |
Сонгуулийн үеэр уулзалтын байр гаргаж өгөх | 28 |
Сонгуулийн ухуулга сурталчилгааны материалыг байрлуулах газар талбайг гаргаж өгөх | 20 |
Шуудангийн зардлыг бүтэн юмуу хэсэгчлэн гаргах | 13 |
Сонгуулийн үеийн тээврийн зардлыг бүтэн юмуу хэсэгчлэн гаргах | 9 |
Хүснэгт 2-оос үзэхэд улс төрийн намыг санхүүжүүлэгч, ивээн тэтгэгчдэд урамшуулал үзүүлэх явдал түгээмэл байна. Хувь хүмүүсээс улс төрийн намд дэмжлэг болгож өгсөн хандивын хэмжээтэй тэнцүү хэмжээний татаасыг улсаас дүйцүүлэн санхүүжилт олгодог байна. Тухайлбал, Франц, Итали, Герман, Нидерланд, Португал, Норвеги, Швейцарь, Чех, Австрали, Япон зэрэг оронд улс төрийн намд хандив өгөгч татварын тодорхой хөнгөлөлт эдэлдэг, зарим улсад намууд татвараас хөнгөлөгдөх нөхцлүүд ч үйлчилдэг ажээ.
Намыг төрөөс санхүүжүүлсний гол үр дүн
- Төрийн санхүүжилт улс төр дэх бизнесийн бүлгүүдийн нөлөөг багасгана.
АНУ-ын Үндэсний Ардчилсан Хүрээлэн (NDI) –ээс хөгжиж буй 22 оронд хийсэн судалгаанд улс төрийн намуудад төрөөс олгож буй санхүүжилт нь авлигыг амжилттай шийдвэрлэхэд чухал үүрэгтэйг дурьдсан байдаг.
- Намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгоно.
- Намуудын төлөвшлийг дэмжинэ.
- Сонгуулийн кампанийн зардал нэмэгдэж байгаа нөхцөлд намд дэмжлэг болно.
Ингээд дээр дурьдсанаас үзэхэд улс төрийн намуудад ил тод, нээлттэй байдлаар санхүүжилт хийснээр улс төрийн намуудын институтжилтийн түвшинг нэмэгдүүлдэг байна. Үүний үр дүнд иргэний оролцоо, улс төрийн үйл явцад олон түмнээс итгэл хүлээлгэх түвшин өсдөг ажээ.
ХБНГУ дахь намын санхүүжилт
Улс төрийн намын санхүүжилтын жишиг болгож ХБНГУ-ын намууд хэрхэн санхүүждэгийг авч үзье.
Дэлхийн I ба II хоёрдугаар дайн, тэр дундаа Гитлерийн нацизм, еврейчүүдийг хомроголон устгасан аймшигт геноцид, үндэстнээрээ дайны гол буруутан гэж тооцогдож бусдад адлагдах явдал дайны дараах Баруун Германы төрийн тогтолцоонд гүнзгий ул мөрөө үлдээсэн билээ
1949 оны Германы үндсэн хууль болон түүнээс хойш батлагдсан бүхий л хуулинд аливаа хүчирхийлэл, төрийн эргэлт, дарангуйлагч дэглэм, нэг хүний харизматик засаглалаас сэргийлэх талаар байж болох бүх заалтуудыг тусгасан байдаг. Германы үндсэн хуулийн нэг үзэл санаа бол сул дорой намууд бүхий Веймарын БНУ-ын алдааг давтахгүйн үүднээс хүчтэй намын тогтолцоог дэмжих явдал байсан юм
- Тус улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улс төрийн намууд ард түмний улс төрийн хүсэл зорилго төлөвшихөд оролцох ёстой. Улс төрийн нам сайн дурын үндсэн дээр байгуулагдана. Улс төрийн намуудын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчмаар бүрдэх ёстой. Улс төрийн намууд хөрөнгө санхүү, түүний эх үүсвэрээ нийтэд тайлагнах ёстой” гэж заасан байдаг билээ.
- Улс төрийн намын тухай хуулийн 18.1-д Үндсэн хуулинд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь төрийн зүгээс санхүүжүүлнэ. Улсын төсвөөс санхүүжилт олгохдоо намуудын Европарламент, Бундестаг, Ландтагийн сонгуульд оролцсон байдал, гишүүдийн хувь нэмэр, хандивын нийт хэмжээг харгалзана” гэж заасан байна.
Өнөөгийн байдлаар Германы улс төрийн намууд жилдээ нийт 133 сая еврогийн төрийн санхүүжилт авч байгаа юм. Намын тухай хуулийн 18.4-д зааснаар Европарламент болон Бундестагийн сонгуульд тухайн нам 0.5 хувиас доошгүй санал авсан, эсвэл Ландтагийн сонгуульд нийт сонгогчдын 1%-иас доошгүй санал авсан бол төрөөс санхүүжилт авах эрхтэй болдог. Тухайн намд өгсөн 4 сая хүртэлх санал бүрт 0.85 Евро, 4 саяас илүү гарсан санал бүрт 0.70 евро авах авдаг байна.
Мөн үүнээс гадна гишүүнчлэлийн татвар, хандиваас олсон нэг евро бүрт 0.38 еврогийн “дүйцүүлэх санхүүжилт” авах бөгөөд ингэхдээ нэг хүний 3,300 еврогоос дээшгүй хандивыг тооцох юм. Энэхүү дүйцүүлэх санхүүжилт нь улс төрийн намуудыг бизнесийн бүлэглэл, цөөхөн том санхүүжүүлэгчийн нөлөөнөөс хамгаалах зорилготой байдаг юм.
Иргэд улс төрийн мэдлэггүй байх нь ямар аюултай гэдгийг 1933 оны Рейхстагийн сонгуульд Гитлерийн нам ялалт байгуулсан явдал гэрчилдэг тул өдгөө Германы засгийн газар ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд ихэд анхаардаг юм. Иргэдийн улс төрийн боловсрол, ардчиллыг дэмжих нэг онцгой дэмжлэг бол намуудын дэргэдэх улс төрийн сангууд билээ.
Германы Үндсэн хуулийн заалтын дагуу иргэдийн улс төрийн боловсролд хувь нэмэр оруулах Үндсэн хуулийн үүргээ биелүүлэхэд нь туслах зорилгоор намуудын дэргэдэх сангуудыг 1962 оноос эхлэн төрөөс санхүүжүүлэх болсон билээ. Өдгөө Германы Бундестагт суудалтай зургаан улс төрийн нам дэргэдээ төрөөс санхүүждэг улс төрийн сантай байдаг. Эдгээр сан дотооддоо улс төрийн намуудын үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэх, намуудыг судалгаа шинжилгээний үр дүнгээр хангах, намын ажилтнууд, гишүүд дэмжигчдийг сургах, хилийн чанадад дэлхийн улс орнуудын ардчиллын төлөвшилтөнд тусламж үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Судлаачдын үзэж байгаагаар улс төрийн сангууд Германы ардчиллын төлөвшилтөнд онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.
Монгол улсын хувьд улс төрийн намын санхүүжилт ямар байх ёстой вэ?
Монгол улсын хувьд улс төрийн намын санхүүжилтийн талаарх төрийн бодлогод дараах хүчин зүйлсийг харгалзан үзэх нь зохистой байна. Үүнд:
- Монгол улс нь парламентын засаглалтай улсын хувьд хувь хүний хүчин зүйл, улс төрийн лидерийн хүч нөлөө голлох үүрэгтэй ерөнхийлөгчийн засаглал бүхий улсуудаас ихээхэн ялгаатай билээ. Тийм учраас улс төрийн үйл явцад намууд онцгой үүрэг гүйцэтгэдэг, намуудыг төрөөс шууд ба шууд бусаар хөхүүлэн дэмждэг парламентын систем бүхий Европ маягийн намын тогтолцоо болон санхүүжилтийн механизмыг Монгол улсад нутагшуулах нь тохиромжтой.
- Эрх баригч нэг намын дарангуйлагч дэглэмээс ардчилсан улс төрийн тогтолцоонд шилжээд удаагүй, намын тогтолцоо сайн бэхжээгүй байгаа учраас улс төрийн намын санхүүжилтийн талаарх бодлого нь намын тогтолцоогоо дэмжих тал дээр түлхүү анхаарах нь зүйтэй болов уу.
Монголын улс төрийн намуудын хувьд санхүүжилтийн оновчтой хувилбар бол төрөөс улс төрийн намуудад өгөх санхүүжилтийг нэмэгдүүлэх, улмаар хувь хүн, хуулийн этгээдийн өгөх хандивыг хориглох, намын сонгуулийн болон үйл ажиллагааны зардлыг төрөөс бүрэн санхүүжүүлэх явдал гэж үзэж байна.
Гэхдээ Монгол улсын эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, улсын төсвийн алдагдал өндөр түвшинд байгаа одоогийн нөхцөлд улс төрийн намын санхүүжилтийг төрөөс бүрэн даах боломжгүй байгаа тул төрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хэдий ч тодорхой хэмжээнд хувийн хандивыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байна. Тийм учраас эдийн засгийн тогтвортой өсөлт бий болох хүртэл хязгаарлагдмал хувийн хандивыг төрийн санхүүжилттэй хослуулах байдлаар намын санхүүжилтийг шийдвэрлэх нь зүйтэй юм.
Ингэхдээ намын санхүүжилтэнд хатуу хяналт тавьдаг, хэрэвзээ нам хууль бус, төрөөс олгож буй төсвийг зориулалтын бусаар зарцуулсан, тайлангаа мэдээлээгүй юмуу буруу мэдээлсэн тохиолдолд хариуцлага хүлээдэг байхаар хуулийн зохицуулалт хийх ёстой.
Мөн намын үйл ажиллагаа, дүрэм, санхүүжилтэд хяналт тавих байгууллагууд, үүний дотор Улсын дээд шүүх, Сонгуулийн Ерөнхий хороо, Үндэсний аудитын газар зэрэг байгууллагын эрх үүргийг тодорхой болгох, санхүүгийн давхар хяналтын үүргийг төрийн бус байгууллагууд тендерээр хэрэгжүүлэх боломж олгох нь зөв юм. Эдгээр арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж чадсан тохиолдолд улс төрийн намууд бизнесийн бүлэглэлийн нөлөөнөөс ангижирч эрүүл улс төрийн орчин бүрдэх болно.
1 comment
Uls turiin namuudiin sanhuujiltiig il bolgovol buh zanglaanii undes ni baga ch gesen haragdana