Тамхи баагиулж яваа охид, эмэгтэйчүүд хаа сайгүй. Автобусны буудал, гудамж талбай, ресторан, кафе гээд л. Харамсалтай нь тэдний дийлэнх нь 20 ч хүрээгүй насны охид байх. Маргааш өөрт нь огт хамаагүй юм шиг хандах энэ үйлдэл нь ямар их эрсдэл дагуулж байгааг тэд тооцоолсон болов уу?
Монголчууд жилд 3.2 тэрбум ширхэг тамхи татаж, 100 тэрбум төгрөгөөр тамхи худалдан авдаг. Хүн амын 27.1 хувийг эзэлсэн тамхичдын эгнээнд өсвөр үеийнхэн нэгдэж байна. НЭМҮТ-ийн хийсэн судалгаанд 61.3 хувь нь тамхи татаж үзсэн бол 54.3 хувь нь хамааралтай гэж хариулжээ. Энэ хор улс орон даяар авч хэлэлцэх аюултай түвшинд хүрсэн гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар. Ялангуяа өсвөр насны охид хамгийн их анхаарал татаж байгааг энд онцолъё.
Хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжил, нийгмийн тулгуур болсон гэр бүлийн дайсан нь “тамхи” болоод байна. “Үргүйдэл” гэсэн онош өнөөдөр залуу хосын “голыг харлуулж”, эдийн засгаар нь сөхрүүлж байхад, умайн хүзүүний хорт хавдар, өндгөвчний үрэвсэл охид эмэгтэйчүүдийн толгойн өвчин болжээ.
Удмын санд заналхийлсэн чимээгүй алуурчин
Тамхины хор нөлөөнөөс үүдсэн өндгөвчний үрэвсэл, умайн хүзүүний хорт хавдар “үргүйдэл” хэмээх том аюулыг ардаа дагуулж байна. Энэ өвчинөөр өвдсөн тохиолдолд хүүхэд төрүүлэх асуудал дэндүү оройтсон байдаг гэж “Етемо” эмнэлгийн их эмч, эмэгтэйчүүдийн хавдрын тэргүүлэх зэргийн эмч С.Мөнхбат хэлж байв.
Өдөрт 4 удаа тамхи татдаг эмэгтэй дунджаар өдөрт 2 ширхэг тамхи хэрэглэдэг эмэгтэйгээс илүү үргүй болох өндөр магадлалтай байдаг аж. Судалгаагаар хорт зуршилгүй эмэгтэйчүүдийн 60 хувь нь жирэмсэлсэн бол тамхичин эмэгтэй хүүхэд олоход илүү их цаг хугацааг зарцуулдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Янжуур нь зөвхөн уушгинд биш зүрх судас, ходоод, нөхөн үржихүйн эрхтэн, ген зэрэг хүний бүхэл эрхтэнд нөлөөлж, биеийг асар их хордуулдаг болохыг НЭМҮТ-ийнхэн онцолж байлаа. Иймд та бидний оролцоо, эцэг эхчүүдийн хүүхдэд тавих хараа хяналт хамгийн чухал.
Таны хүүхэд хаана юу хийж, хэнтэй нөхөрлөж, хэрэглээний мөнгөө юунд зарцуулж байгаад хяналт тавья. Хүүхдүүд тамхины мөнгөгүй үедээ ээж аавдаа элдэв бусын шалтгаан хэлж, худлаа ярьж бүр уурлаж авсан мөнгөө тамхинд зориулдаг гэдгээ нуугаагүй. Ихэнх нь сонирхож бас гэр бүлийн таагүй уур амьсгалаас болж хорт зуршилтай нөхөрлөдөг гэнэ. Ширхэгээр тамхи худалдаалдаг түц дэлгүүрүүд өөрийнхөө охин, дүү шиг хүүхдэд зөвхөн өнөөдрийн ашиг орлогоо бодохгүйгээр ирээдүйд тус хүргэж энэ хорыг бүү өгөөч.
“Үхлийн бөмбөг”
Дайны хажуугаар дажин гэгчээр тамхи үйлдвэрлэгчдийн зальжин арга, овжин рекламны “ачаар” борлуулалт нь өсч байгаа электрон тамхи ч бас эмзэглэх асуудал болжээ. Шоколад, гүзээлзгэнэ, кока кола, кофены амт, үнэртэй эрүүл мэндэд хоргүй гэж чихэр шиг сурталчилах рекламанд нь итгэсэн залуус тамхинаас гарах гэж хэрэглэх нь түгээмэл болсон.
Цаашид борлуулалт нь өсөх хандлагатай байгаа уг бүтээгдэхүүн үнэн чанартаа тамхинаас гаргадаггүй гэдгийг мэргэжилтнүүд баталсаар байна. Хэрэглэгчид нь хорт зуршилаа орхих бус улам ч илүү донтдог гэх юм билээ. Үүгээр зогсохгүй дэлбэрч, хүний аминд хүрсэн анхны тохиолдол АНУ-д гарсан нь Е-тамхины хор хөнөөл бүр ч их аюултай болохыг баталлаа. Энэ сарын эхээр Флорида мужид 38 настай Тэйлмаже Дейлла гэх залуу унтлагын өрөөндөө галд өртөж амиа алдсан юм. Мужийн цагдаа нар электрон тамхи нь гэнэт дэлбэрснээс болж түймэр гарсныг тогтоосон аж. Тус улсад өмнө нь хүний амь эрсдэж байгаагүй ч 2009, 2016 онд электрон тамхинаас болсон дэлбэрэлтэнд 193 хүн бэртэж, 38 нь хүнд бэртэл авч байсан гашуун түүх бий. Ийм тохиолдол манай улсад гарахгүй гэх баталгаа алга. Ёстой л “үхлийн бөмбөг” гэсэн үг. Уг бүтээгдэхүүн таны халаас, цүнх, ажлын ширээ, бүр амандаа зуугаад явах үед ч дэлбэрэх аюултай гэдгийг анхааруулж байна.
Харамсахгүйн тулд өнөөдрөөс хичээ
Тамхичид хөх утаа суунаглуулснаас болж нас бардаггүй, жам ёсоороо хорвоог орхидог гэж боддог нь том эндүүрэл. Хүн амын нийт нас баралтын 77 хувийг тамхинаас үүдэлтэй зүрх судасны өвчин, хорт хавдар, эмгэг эзэлж байна. Тэдний ихэнх нь 70 нас ч хүрэлгүй цаг бусаар хорвоог орхиж байгаа нь харамсалтай. Энэ хүмүүст амьдрах боломж байсан ч алдсан.
Яаж вэ? гэвэл амьдралынхаа алдсан жилүүдэд хэн нэгний “тамхилах уу” гэсэн ёс юм шиг асуултад “Үгүй” гээд хэлчихсэн бол, өдөр бүр нэг ширхэг, хайрцаг янжуурт зарцуулах мөнгөө банкинд хадгалуулах зоригтой алхам хийсэн бол өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө хорт зуршилаа орхиж эрүүл мэнддээ анхаарсан бол ардаа өр зээлгүй, элэг бүтэн, эрүүл саруул ихийг бүтээх Монгол Улсын иргэн явах байлаа. Өнөөдөр нэг хүний амь нас зөвхөн гэр бүл, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал биш болсоныг эл тоон баримтаас харж болно. Иймд бурхан танд “запас” амь заяагаагүй тул өнөөдрөөс эхлэн тамхинд “Үгүй” гэж хэлье. Ингэж чадвал 5-10 жилийн дараа ходоодны шарх, зүрх судасны өвчинөөр өвдөх эрсдэл буурдаг төдийгүй хүүхэдтэй болохыг хүсч байгаа эмэгтэйчүүд 3-6 сарын дараа жирэмслэх боломжтой гэх мэт эерэг өөрчлөлт таны амьдралыг илүү гэрэлтүүлнэ.
Тамхинд үзүүлэх нударга
Тамхины хор хөнөөлийн талаар бид хангалттай сонссон, үзсэн. Ганц өчүүхэн дусал никотин бүхэл бүтэн туулайг үхүүлж байгааг харсан. Нэг ширхэг янжуур татах бүрт нас маань 7-11 минутаар хорогддог гэдгийг ч уншсан. “Тамхи таны эрүүл мэндэд хортой” гэсэн шошго тамхины хайцаган дээр байгааг бид мэднэ. Гэхдээ энэ бүхнээс болж монгол минь тамхинд живэх ёсгүй. “Утаат сум”-нд дайнтай орноос ч илүү олон хүний амь үрэгдэж, өнчин зүрхнүүд уйлаад суухыг, харсаар байтал үр удмаа таслуулахыг тэвчиж чадахгүй. Үүний тулд дэлхийн бусад орнуудын адилаар тамхины татварыг нэмж, тамхичидтай хатуу тэмцэх шаардлагатай.
Монгол Улс жилд дунджаар хоёр хувийн хувийн онцгой албан татвар авч байгаа нь олон улстай харьцуулбал бага үзүүлэлт юм. Сангийн яамнаас өгсөн мэдээллээр импортын тамхины гаалийн албан татварыг 30 хувь болгон нэмэгдүүлснээр төсвийн орлого энэ онд 26, ирэх онд 27 тэрбум төгрөгөөр тус сайжирч тус нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Улмаар жижиглэнгийн үнэ дунджаар 300 төгрөгөөр нэмэгдэх юм. Ийм байдлаар цааш үргэлжилж, Филиффин шиг 62 улмаар 80 хувь болговол тамхинд үзүүлэх хүчтэй нударга болж чадна. Татварыг нэмэгдүүлснээр ширхэгийн худалдаа арилж, хүүхэд залуус тамхинаас хүчээр татгалзах эхний алхам энэ болно гэж эрх баригчид үзэж байна.
Хууль санаачлагчид өмнө нь тамхидалттай тэмцээгүй биш тэмцсэн. Дөрвөн удаагийн бүтэлгүй оролдлогын үр дүнд албан байгууллага орц хонгил, бар, кафед тамхины эхүүн үнэр ханхлахаа больж, бусдыгаа дам тамхидалтад хордуулахаа больсон. Хүмүүс ч нэгэндээ зоригтой шаардлага тавьдаг болсон гээд эерэг үр дүн бий.
Татвараас өөр ямар арга зам байна вэ?
1988 оны тавдугаар сарын 31-ны өдрийг “Тамхигүй өдөр” болгон ДЭМБ-аас зарлан тунхагласнаас хойш 30 жил болжээ. Энэ өдөр тамхины эсрэг олон нийтэд суртал ухуулга хийх зорилгоор олон ажил дэлхийн улс орнуудад өрнөдөг. Энэ жил “Зүрхээ хайрлая” уриан дор манай улс тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Учир нь зүрх судасны өвчлөлийн нас баралтаараа дэлхийд тэргүүлсээр байгаа монголчуудын үхлийн цаад шалтгаан нь “тамхи” учраас ийм уриаг гаргасан байна. Тиймээс хүн амын дундах нас баралтыг бууруулахын тулд татварыг нэмэгдүүлэх, тамхины эсрэг ухуулга сурталчилгааг явуулах, албан байгууллага, хувь хүмүүс нэгэндээ тавьдаг шаардлагаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Ийм арга, тэмцлийн үр дүнд манай гаригийн 4.7 тэрбум хүн тамхи сурталчилахын эсрэг нэгдэж, тамхи татдаг хүний тоо 2.8 хувиар буурсан гэдгийг ДЭМБ-аас онцлон тэмдэглэсэн байдаг. Японы нэгэн компани хорт зуршилгүй ажилтнууддаа тамхичдаас илүү амралт олгодог бол Ромын пап Франциск энэ оноос Ватиканы газар нутагт тамхи татахыг хориглож, иргэд нь газар нутаг дээрээ тамхи татах эрхгүй болсон. Өмнөд Солонгост тамхинаас гарсан цэрэгт чөлөө олгож байхаар урамшуулсан байдаг гэх зэрэг туршлагаас суралцаж болно. Үүний эх орондоо хэрэгжүүлэх бүрэн боломж бидний гарт бий.
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, хувийн хэвшил ажилтнууддаа шалгаруулж авахдаа “Хорт зуршилгүй” байдлыг онцолж, ажил олгоё. Өнөөдөр тамхи татсаныхаа төлөө илүү цагаар ажилдаггүй, цалингаа хасуулдаггүй тогтолцоог өөрчилж яагаад болохгүй гэж.
2 comments
Тамхийг болиулмаар л байна. Өөрсдийгөө гоё харагдаж байна гэж боддог байхдаа Үгүй лб йахгүй юу харин тамхины хогийн сав шиг харагддаг
Аяга хоол аятайхан хийчихэж чадахгүй байж ямбийчаад тамхи зууцан охид их байнаа
Ядаж сурах юмаа сурах хэрэгтэй шд