Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн багш Д.Баатарсүрэнгийн тосон будгийн “Эделвайс” болон тус сургуулийн сурагч Т.Тэргэлийн зурсан хэд хэдэн бүтээл Тайваньд зохиогдсон Тайжуны 23 дахь удаагийн “Да Дун уран бүтээлийн үзэсгэлэн”-ийн хагас финалд оролцохоор шалгарчээ.
Ирэх зургаадугаар сарын дундуур тус үзэсгэлэнгийн эцсийн шатны хариу гарах юм. “Да Дун уран бүтээлийн үзэсгэлэн” нь Тайванийн Засгийн газраас зохион байгуулдаг олон улсын чанартай хамгийн чухал үзэсгэлэнгийн нэг бөгөөд энэ удаад дэлхийн 40 гаруй улс орон, бүс нутгийн уран бүтээлч 1390 бүтээлээ ирүүлжээ.
Эхний шалгаруулалт тавдугаар сарын 6-нд зохиогдож, нийт 209 шилдэг бүтээлийг сонгосноос Монгол Улсаас ирүүлсэн тосон будгийн 40 бүтээл, бусад найман бүтээл хагас финалд оролцохоор шалгарсан байна. Энэ тухай Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Хуан Куо Рун: “Хагас финалд шалгарна гэдэг бол шагнал авсантай дүйцэхүйц сайхан хэрэг. Монгол улсаас оролцсон бүтээл хагас шигшээд шалгарна гэдэгт эргэлзэхгүй байсан.
Учир нь, Монгол бол соёлын баялаг өв уламжлалтай. Нүүдэлчний соёл, зан заншил нь Монголын соёл урлагийн хөгжлийг бусдаас өөр, өвөрмөц хэв маягтай болгодог” хэмээн онцолжээ.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин