Дэлхий даяар газар тариаланд ашиглах боломжтой үржил шимт газрыг нэмж өргөжүүлэх боломж хомс болсон төдийгүй өнгөрсөн 100 гаруйхан жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн 75% нэгэнт эргэж буцалтгүйгээр устаж үгүй болжээ. Иймээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, тогтвортой ашиглах замаар даян дэлхийн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ (ХХААУГНОУГ)-г баталж, 2004 оноос үйлчилж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 145 орон нэгдсэн байна.
Уг гэрээ нь хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийг олон улсын хэмжээнд чөлөөтэй солилцох, судалж ашиглах хууль эрх зүйн боломж бий болгож тэдгээрийг хамтран хамгаалах, үр ашигтай ашиглах замаар даян дэлхийн хүнсний хангамж аюулгүй байдал, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах түүнчлэн олон зуун жилийн явцад тухайн улс орны тариаланчид, судлаачдын хуримтлуулсан уламжлалт мэдлэг, ургамлын генетик нөөцийг ашигласнаас бий болсон ашгаас тэдэнд буцааж хүртээх олон улсын тогтолцоо бий болгох зорилготой юм.