Говь-Алтай аймгийн Цогт суманд тавдугаар сарын 9-ны өдөр 36 настай иргэн М нь бензинийг устай андууран халуун тогоо руу хийсний улмаас их хэмжээгээр хордож, биеийнх нь 80 хувь түлэгдсэн талаар бид мэдээлсэн. Түүний биеийн байдал хүнд байгаа учраас Улаанбаатар хотод ирж эмчлүүлэх шаардлагатай болсон аж. Гэвч онгоцны суудалгүй гэх асуудал тулгарсан ч Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ асуудлыг шийдвэрлэж, тухайн иргэнийг яаралтай Улаанбаатар хот руу явуулахаар болсон билээ.
Өчигдөр /2018.05.10/ оройн 17.00 цагийн орчимд нийслэл хотод түлэгдсэн иргэнийг онгоцоор тээвэрлэж ГГСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт авчирчээ. Түлэгдсэн иргэн М нь гэр бүлийнхээ долоон хүнийг галын аюулаас аварч өөрөө түлэгдсэн бөгөөд хугацаа алдсан бол түүний амь нас эрсдэх аюултай байжээ.