Хошууч генерал Б.Пүрэвтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Нийслэл Улаанбаатар хотод автозамын түгжрэл жил ирэх тутам нэмэгдээд байна. Түгжрэлийг бууруулах нь аль байгууллагын үүрэг вэ?
-2015 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд төрийн төв болон нутаг дэвсгэрийн олон байгууллагын үүргийг ялгаж зааж өгсөн.Түгжрэл саатал нь юуны өмнө замын зохион байгуулалт, хот төлөвлөлтийн асуудал. Мөн нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын хариуцах ажил бий. Төсөв хөрөнгө тэнд байдаг.
Зам засах, зам дээрх саадыг арилгах, тэмдэгжүүлэх гэх мэт ажлыг авто замын байгууллага хариуцдаг. Цагдаагийн байгууллага зам тээврийн гэмт хэрэг, ослыг мөрдөн шалгах, хэрэг, зөрчил гаргагчид шийтгэл оногдуулах, замын хөдөлгөөн зохицуулах, хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавих үүрэгтэй.
-Замын цагдаагийн байгууллага хуульд заасан үүргээ хэр зэрэг биелүүлж байна гэж та үздэг вэ?
-Хамгийн их ажиллаж, ачааны хүндийг үүрч байгаа мөртлөө хамгийн их муу хэлүүлдэг.
-Яагаад муу хэлүүлж байна вэ?
-Хөдөлгөөний аюулгүй байдал, замын түгжрэлтэй холбоотой бүх асуудлыг замын цагдаа хариуцдаг мэт буруу ойлголт түгээмэл байгаатай холбоотой. Мөн Замын цагдаагийн албатай холбоотой зүйл ч бий.
-Тэр талаар дэлгэрүүлж ярина уу?
-1990 онд би ЦЕГ-ын дарга байхад Замын цагдаагийн албыг 483 алба хаагчийн орон тоотойгоор байгуулж байжээ. 1990 онд тээврийн хэрэгслийн тооллого явуулаагүй, 1991 оны тооллогоор тээврийн 43621 хэрэгсэл тоолжээ. Энэ оны эхний улирлын байдлаар Монгол Улсын Замын цагдаагийн алба цагдаагийн алба хаагч, энгийн нийлээд 992 орон тоотой, Монгол Улс тээврийн 900127 хэрэгсэлтэй болсон байна.
Ажиллагчдын тоо хоёр дахин, тээврийн хэрэгслийн тоо 18.6 дахин нэмэгджээ. Ажиллагчдын тоо орон нутагт арай илүү нэмэгдсэн байхад автомашины тоо нийслэлд илүү нэмэгдсэн байна. Зам дээр ажиллах цагдаагийн алба хаагчдын хүч хүрэлцээгүй нь тод харагдаж байгаа биз. Үүнийг батлах өөр нэг жишээ, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээний жишиг норматив”- аар бол тээврийн 350 хэрэгсэл тутамд замын цагдаагийн нэг алба хаагч ажиллахаар заасан байтал өнөөдөр тээврийн 907 хэрэгсэл тутамд нэг алба хаагч ажиллаж, 992 алба хаагч 2571 хүний ажил хариуцаж байна.
Одоогоос хэдэн жилийн өмнө Хүний эрхийн үндэсний комиссын 14 дүгээр илтгэлд замын цагдаагийн нэг алба хаагч жилд дунджаар 528 цаг илүү ажилласан, тэгэхдээ үүнд шуурхай цугларалт, хүчлэн хамгаалалт, бэлэн байдал зэргийг оруулж тооцоогүй гэж дурдсан. Энэ тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэн байж таарна. Надтай уулзсан нэг ахлагч сүүлийн дөрвөн жил цагаан сараар өглөө гэртээ золгож чадаагүй гэж ярьсан.
-Энэ байдлыг өөрчлөх талаар төрөөс ямар арга хэмжээ авч байна вэ. Таны бодлоор ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?
-Ажиллах хүчийг нэмэх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Төр зүгээр суугаагүй. Орон тоог эрхбиш нэмсэн, бас олон нийтийн цагдаагийн ажилтнууд ажилладаг болсон. Гэхдээ орон тоог мэдэгдэхүйцээр нэмэх төсвийн боломж үгүй байгааг бид мэдэж байна. Ийм нөхцөлд өөрөөр хэлбэл, төр (төсөв) дийлэхгүй байгаа нөхцөлд олон нийтэд түшиглэх зам л аврал болно.
-Олон нийтэд түшиглэх гэдгийг тодруулбал?
-Социализмын үед үүнийг өргөн дэлгэр хийж болдог байлаа. Цагдан сэргийлэхэд туслах олон нийтийн бригад сум, бригад (баг тийм нэртэй байсан), ОСГ-ны хороо бүрт томоохон албан газар, үйлдвэр бүрт ажиллаж байсан. Зам дээр пионер сурагчид хүртэл ажилладаг байлаа. Одоо ч иргэдийн эргүүл Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байгаа дуулдсан. Энэ аргыг орчин үед хэрэглэх боломж байгаа эсэхийг судлах хэрэгтэй. Ядаж цагдаагийн болон тээврийн салбарын ахмадууд тус болж магадгүй. Шууд авч хэрэглэх нэг арга бий.
Тэр бол гэрээт алба хаагчид ажиллуулах юм. Цагдаагийн түүхэнд гэрээт алба хаагчид их үүрэг гүйцэтгэж байсан. Өмч хөрөнгө, тээврийн хэрэгсэл цуглардаг, хүн, автомашины хөдөлгөөн ихтэй томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд цагдаагийн гэрээт ажилтан ажиллуулах сонирхолтой байдаг. Сонирхсон бүхэнд гэрээт ажилтан ажиллуулж бас болохгүй. Шаардлагатай бөгөөд боломжтой газарт ажиллуулах нь зөв. 2014 онд цагдаагийн гэрээт ажилтны ихэнхийг татан буулгасан нь амьдралаас тасарсан, алдаатай шийдвэр гэж хэлмээр байна. Гэрээт ажилтны хүчээр их ажил нугалах бодит боломж байна.
Гэрээт ажилтан авсан, өгсөн аль алинд нь улмаар нийгэмд чамлахааргүй ашигтай хэлбэр шүү дээ. Харин улсын онц чухал обьектоос бусад харуул манааг цагдаа гэрээлж хийх шаардлага ч, ашиг ч байхгүй. Орлого, ашиг олох нь аж ахуйн нэгж бүрийн зорилт. Үүний зэрэгцээ олон мянган хүн, олон арван тээврийн хэрэгсэл цугларах үйл ажиллагаа явуулах эрхээ эдлэхдээ үүргээ биелүүлэхийг сануулах шаардлага бас байна.
Улсад татвар төлдөг нь үйл ажиллагаа явуулахдаа гэмт хэрэг, зөрчил гарах нөхцөл бүрдүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх хуулиар хүлээлгэсэн үүргээ биелуүлэхээс чөлөөлөхгүй. Өөрөө хийж чадахгүй бол чаддаг байгууллага, хүнээр хийлгэх нь зүйтэй. Техник, технологийн дэвшлийг ашиглан нэмэгдүүлэх зам бий. Хяналтыг цахим хэлбэрт шилжүулсэн нь үр дүн өгөх шиг болсон.
Харин зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар энэ ажлыг нэлээд хүндрүүлчихсэн, түүнийг засч залруулах байлгүй. Гадаадын олон улсад хэрэглэдэг “дундаж хурд”-ны камерын хяналтыг хөдөө орон нутагт хэрэглэвэл ашигтай байх. Энэ системийг хувийн хэвшлийн оролцоотой хэрэгжуүлж болмоор санагддаг.
-Гэрээт ажилтан ажиллуулахын сөрөг тал гэж байдаг байх?
-Гэрээт ажилтан ажиллуулсан 90 гаруй жилийн түүхэнд сөрөг гэхээр зүйл гараагүй. Гэхдээ ажилтны гүйцэтгэх үүргийг гэрээнд тодорхой тоочиж өгөх, гэрээлэн авагчийн болохгүй бүтэхгүй бүхэнд оролцож, тэдний удирдлагын “нохойд барьдаг мод” болгохоос болгоомжлох, төрийн алба хаагчид үзүүлэх муу нөлөө их болсон одоо үед ажилд нь хяналт сайн тавих зэрэг анхаарах зүйл бий.
-Зам, тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар бодол байна вэ?
-Автотээврийн үндэсний төвөөс гаргасан статистикаас харахад манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 76.2 хувь нь арав ба түүнээс дээш жил ашигласан, өөрөөр хэлбэл, Япон, Солонгос улсын нийслэлд явуулахгүй машинууд байна. Тээврийн хэрэгслийн жил бүрийн үзлэг тун чанаргүй, орж ирсэн автомашины үзлэгийн хуудсыг халааснаасаа гаргаад бөглөөд өгдөг тохиолдол ховор биш. Гадаадын хүн “Танай энэ замыг барьсан хүн шоронд орсон уу” гэж асуухад “Үгүй ээ, УИХ-д суудаг болсон” гэж хариулсан шог яриаг дуулаагүй хүн цөөн биз. Энэ бүхнийг заавал анхаарах шаардлагатай.
-Буруу талдаа рультэй машиныг Монголд анх оруулсан хүн таныг гэх юм?
-Би Монголд гадаадаас нэг ч автомашин оруулж ирээгүй. Гэхдээ наад үг чинь үнэний хувьтай. НАХЯ-ны Сайдын 1987 оны 64 дүгээр тушаалаар баталсан “БНМАУ-ын Замын хөдөлгөөний дүрэм”-д “Жолооны хүрд нь баруун гар талдаа байрласан автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэсэн заалт байсныг ЦЕГ-ын даргын 1990 оны 816 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл олноор орж ирж хөдөлгөөнд оролцох болсон бодит байдалд тохируулан тийм шийдвэр гаргасан.
-Буруу рультэй машины муу тал байна уу?
-Жолооны хүрдний байрлал зөв, буруу гэж байхгүй л дээ. Харин зүүн ба баруун тапдаа жолооны хүрдтэй автомашинууд нэг урсгалаар холилдон явж байгаагийн муу тал байна. Бүртгэгдсэн автомашины 49.7 хувь нь зүүн гар талдаа, 50.3 хувь нь баруун гар талдаа жолооны хүрдтэй гэсэн статистик байгаа. Харин 2014 онд зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн 59.0 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй автомашин байсан бол 2015 онд 64.4, 2017 онд 71.8 хувь болж нэмэгджээ. Үүнийг анхаарахгүй байж болохгүй.
-Хөдөлгөөний аюулгүй байдлын үндэс болсон, мэргэжлийн албаны хяналтад байх ёстой чиг үүргийг салгасан гэж алба хаагчид ярьдаг. Энэ талаар?
-Тээврийн хэрэгслийн бүртгэл, тээврийн хэрэгслийн жолоочоос шалгалт авах ажлыг Замын цагдаагаас салгаж, өөр өөр байгууллага хариуцах болсон байна. Ажил тарснаас хойш тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой лавлагаа авахаас эхлээд хүндрэл байдаг гэж алба хаагчид хэлж байна. Жолооч болох шалгалтыг аргалж давах арга зааж өгдөг болсон жолооны сургууль байна л гэдэг. Тийм яриа гарах шалтгаан байгаа болоод л гарч байгаа байлгүй. Нэг гарт байвал, тэр дундаа Замын цагдаад байвал төрийн цагдаагийн алба арай л өөр дөө.
-Манай улс зам, тээврийн осол ихтэй улсын тоонд ордог уу?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг үнэлэхдээ 100 мянган хүн ам тутамд ногдох зам, тээврийн ослын нас баралтыг авч үздэг юм байна. Манай улсад энэ үзүүлэлт 2014 онд хамгийн их буюу 22.5 байсан бол 2017 онд 15.9 болж, дэлхийн дундаж 17.6-д хүрчээ. Харамсалтай нь, осол, хохирол цаашид буурах найдлага бага, харин нэмэгдэх магадлал их байна. Зөрчил, хөдөлгөөнд соёлгүй оролцдогоор бол дэлхийд дээгүүрт орох байх.
-Зарим иргэн дүрэм хэтэрхий чанга, цагдаа нар их өндөр торгох юм гэдэг?
-Торгуулийн хэмжээг цагдаа тогтоодоггүй, хуулиар тогтоодог юм. Дүрэм чанга, торгууль өндөр байна гэж байгаа хүмуүсийн олонх нь зөрчил гаргагчид гэдэг нь тодорхой. Торгууль төлмөөргүй байвал зөрчил гаргахгүй л бай. Олон мянган жолооч зөрчил гаргахгүй хөдөлгөөнд оролцож болоод л байна. Дүрэм зөрчиж зам дээр эрсдэл үүсгэсний хариуцлага өндөр байх ёстой. Учир нь, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай дүрэм нь “цусаар бичигдсэн” гэж нэрлэдэг дүрмүүдийн нэг шүү дээ.
-Жолооч нарын хэд орчим хувь нь зөрчил гаргадаггүй вэ?
-Зөрчлийн оноо тооцдог болсноос хойш бүртгэлтэй жолооч нарын 0.01 (0.0097) хувь нь оноогоо дуусгасан байна. Үүнээс үзвэл зөрчил гаргагчид жолооч нарын цөөнх байгаа нь харагдаж байна.
-Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн талаар хэлэх зүйл байна уу?
-Зөрчлийг санаатайгаар дахин дахин гаргаж байгаа хүмүүст хүпзэлгэх хариуцлагыг чангатгах хэрэгтэй нь амьдрал дээр харагдаж байна. Арав, хорь торгуулж байгаа жолоочтой алийн болгон муур хулгана болж тоглох вэ. Ноцтой зөрчил давтан гаргасан тохиолдолд эрүүгийн хэрэг болдог хуучин хууль илүү зөв байж дээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол хэрэг гаргавал гэмт үйлдлийг санаатай үйлдсэнд тооцдог улс бий.
Санамсаргүй архи уух, санамсаргүй машин жолоодох гэж байхгүй болохоор тэгж үзэх үндэслэл бий. Автомашиныг хөдөлгөөнд оролцуулахыг тодорхой хугацаагаар хориглох (жишээ нь, осол, зөрчлийг шалгаж шийдвэрлэтэл), согтуугаар осол хэрэг үйлдэж хүнд хохирол учруулсан гэмт хэргийн хэрэгсэл, зэвсэг болсон тээврийн хэрэгслийг хураах заалт ч байж болмоор. Монгол хүн нэрээ хичээмтгий.
Тэр онцлогт тохируулан олны өмнө уучлал гуйх, осол зөрчил гаргасан тухай нийтэд мэдээлэх зэрэг арга ч байж болох юм. Ер нь тэгээд хамгийн гол нь замын хөдөлгөөнд оролцох соёлыг төлөвшүүлэх нь чухал. Хөдөлгөөнд хэт соёлгүй оролцвол таарах зэмлэл хүлээлгэж байвал сайнсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэмд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг удаалгүй дор дор нь хийж баймаар байна.
Л.Тулга
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
2 comments
чухам үнэнийг цөөн үгээр хэлжээ
Аргагүй л голын нь олоод ярьж дээ!