“Инновацийн үзэсгэлэн-2018” үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар мэдээллийн технологийн чиглэлийн “Инновацлаг сургалтын төв”-ийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан, оролцож байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оюутан залуучуудыг тогтвортой ажлын байраар хангах, нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулах зорилт тусгагдсаны дагуу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-гийн (KOICA) санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран “Мэдээллийн технологийн инновацлаг сургалтын төв”-ийг 2017 оны 5-р сарын 19-ны өдөр албан ёсоор нээсэн.
Монголын Улсад инновацийн соёлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой “Монголын Инновацийн 7 хоног-2018” ажлын хүрээнд зохион байгуулж буй “Инновацийн үзэсгэлэн-2018” Нийслэлийн Засаг захиргааны 5-р байранд байрлах Улаанбаатар Чуулгын Үзэсгэлэнгийн танхимд 2018 оны 5 дугаар сарын 11, 12-ны өдөр 11:00-18:00 цагуудын хооронд болох юм.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Тус сургалтын төв нь мэдээллийн технологийн чиглэлээр нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэргэшүүлэн, сургаж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Өнөөдрийн үзэсгэлэнгийн үеэр сургалтад суухыг хүссэн залуучуудыг бүртгэж, сургалтын менежерүүд дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх тул залуучууд Та бүхнийг урьж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.