Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаар зөвшилцөх саналаа УИХ-д хүргүүлэв. Элчин сайд М.Энхсайхан, С.Баяр нарыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад О.Энхцэцэг, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Н.Тулгыг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох санал гаргажээ.
Мөн Япон улсад Д.Батжаргал, Канадад Я.Ариунболд нарыг томилуулах саналаа уламжлав. Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нар дахиад л орхигдлоо. Уг нь Засгийн газраас Австралид Г.Тэнгэр, Тайландад Н.Чимгүүндарийг Элчин сайдаар томилуулах саналаа Төрийн тэргүүнд уламжлаад 10 хонож буй. Г.Тэнгэрийг Япон, Н.Чимгүүндарийг Канадад Элчин сайдаар ажиллахыг УИХ дэмжээд үндсэндээ жил тойрч буй ч Ерөнхийлөгч тэдэнд зарлиг, итгэмжлэх жуух бичгээ өгөхгүй гэдгээ ийнхүү дахин нотлов. Тэгвэл одоо Төрийн тэргүүнд УИХ ямар хариу барих бол.
Элчин сайд М.Энхсайхан, С.Баяр нарын тухайд тэднийг эгүүлэн татах санал өнгөрсөн оны долдугаар сард, Төрийн тэргүүн тангаргаа өргөсний дараахан олон нийтэд ил болсныг уншигч та санаж буй биз ээ. Гагцхүү тухайн үед уг саналыг Ерөнхийлөгч бус, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-д илгээсэн нь сонгуулийн дараа амсхийх завдал өгөлгүй, “хэрүүл” тарьж орхисон юм даг. Төд удалгүй Элчин сайд С.Баяр албанаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө уламжилсан. Энэ нь З.Энхболдын “даварсан” үйлдлийн хариу гэхээс илүүтэй түүнийг томилолцсон Ерөнхийлөгчийн орыг залгаж, ирэх дөрвөн жил Монголын төрийг тэргүүлэх эрхэм өөрийг нь дэмжиж, хамтран ажиллах хүсэлгүйг мэдэрсэн улстөрчийн алхам байсан.
Ийнхүү сая л Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газруудын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татахтай холбоотой Үндсэн хууль болон бусад хуулиар өөрт олгогдсон бүрэн эрхээ бусдад “булаалгалгүй” эдэлж эхлэх гэж байх шиг.
Засгийн газар С.Баярын чөлөөлөгдөх хүсэлтийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ёсоор болгож, М.Энхсайханыг эгүүлэн татах шийдвэрээ энэ сарын эхний өдөр гаргаад буй. Элчин сайдаар томилоход оролцдог гурван байгууллагын хоёр нь тэднийг ийнхүү чөлөөлье, эгүүлэн татъя гэж байгаа тохиолдолд УИХ С.Баяр, М.Энхсайхан хоёрыг явуулж, орных нь хүнийг томилоход Төрийн тэргүүнтэй толхилцох шалтгаан үгүй биз.
Харин “Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь хоёр хаачив” гэсэн асуулт хэрүүл тарьж болзошгүй. Элчин сайдтай ч юм шиг, сайдгүй ч юм шиг жил тойрчихсон Япон, Канадад Монгол Улсаа төлөөлөх элч, төлөөлөгчөө илгээхэд УИХ хойргошихгүй гэж найдна. Гэлээ ч тэдний оронд нэрийг нь өргөн мэдүүлж буй хүмүүсийг дэмжих, эс дэмжих нь бас л УИХ-ын бүрэн эрх, зөвшөөрсөнгүй гэж гомдоллох эрх Ерөнхийлөгчид байхгүй.
Өмнө нь томилохыг дэмжээд явуулсан хүмүүсээс нь гарын үсгээ харамласаар буй Ерөнхийлөгчид нэг намын 65 гишүүнтэй УИХ хуулийн хүрээнд яаж ч хатуурхаж мэднэ. Учир нь Ерөнхийлөгч Элчин сайд томилох, эгүүлэн татах саналаа өргөн мэдүүлсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж, дүгнэлт гаргах бөгөөд нэгдсэн хуралдаанаар санал хурааж, дүнг нь УИХ-ын дарга Төрийн тэргүүнд бичгээр мэдэгдэх хуультай. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг нэр дэвшигч авч чадаагүй бол Ерөнхийлөгч өөр хүний нэрийг өргөн барина.
Нөгөө талаас Ерөнхийлөгчийн эсэргүүцлийг үл харгалзан Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарын “буурийг нь сэлгэн” зүтгүүлж байгаа нь эрх баригчдын хатуурхлын дохио биз. Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарыг томилох зарлиг гаргаагүй, итгэмжлэх жуух бичгээ гардуулаагүй нь Ерөнхийлөгчид хуулиар олгосон бүрэн эрх гэдгийг бас мартах учиргүй. Юутай ч УИХ сая өргөн мэдүүлсэн хүмүүсийн талаар зөвшилцөхдөө “муухай аашлахгүй” байж мэдэх ч Тайланд, Австрали тэргүүтэй орнуудад нэгэн зэрэг томилогдож, өдгөө бүрэн эрхийн хугацаа нь дууссан Элчин сайд нарыг эгүүлэн татах, орных нь хүнийг томилох цаг ирэхэд Ерөнхийлөгчтэй “дайн” зарлаж мэдэх вий.
Үнэндээ Ерөнхийлөгч, УИХ хоёрын “дайтах” шалтгаан үүгээр тогтохгүй. АТГ-ын дарга, дэд даргыг томилуулах саналыг УИХ-д оруулах бүрэн эрхээ иргэдээс санал авах замаар эдэлсэн Ерөнхийлөгчийн хүслийг парламент нам дарав. АТГ-ын одоогийн удирдлагыг өөрчилнө гэдгээ нэг бус удаа мэдэгдсэнийхээ дараа хийсэн Ерөнхийлөгчийн эл алхам энэ удаа бүрэн эрхээ булаалгах бус, харин ч тусгай чиг үүрэгтэй тус байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөөлөхийг санаархсан үйлдэл болсныг учир мэдэх олон хүн хэлж буй.
Хоёр жилийн өмнө АТГ-ын даргаар нөхөн томилогдсон комиссар Х.Энхжаргалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх хуулиар олгосон хугацаа зургаан жил. Хуулийн хугацаа нь дуусаагүй байхад Ерөнхийлөгч тэр албан тушаалд өөр хүн дэвшүүлсэн нь л асуудал дагуулж буй юм. Авлигын эсрэг хуулийн 21.1 буюу “АТГ-ын дарга, дэд даргыг зургаан жилийн хугацаатай томилно”, 21.5 буюу “АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэсэн тодорхой заалт бий.
Нөгөө талаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг нөхөн томилсонтой жишиж, төсөөтэй байдал үүсгэн тайлбарлаж буй. Харин Төрийн албаны тухай хуулийн 72.1-т “Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа хуулиар тогтоосноос өмнө дуусгавар болбол эрх бүхий этгээд өөр хүнийг нэр дэвшүүлж, саналаа УИХ-д оруулна” гэж заасан байдаг бөгөөд 72.2-т “Энэ хуулийн 72.1-д заасны дагуу томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацаатай адил байна” гэсэн тодорхой заалт бий.
Авлигын эсрэг үйл ажиллагааг хараат бусаар, элдэв нөлөөллөөс ангид удирдан чиглүүлэхийн тулд нөхөн томилогдсоных нь ч бүрэн эрхийн хугацааг зургаан жил байхаар хуульчилсан гэдэг. Үүнийг батлах мэт бүрэн эрхийн хугацаагаа дуустал нь ажилласан дарга одоогоор алга.
Ийм ойлгомжтой зүйлийг Ерөнхийлөгчид тайлбарлах хуульч түүний дэргэд үгүй нь харамсалтай. Төрийн тэргүүнд зөвлөж, дэмжих ёстой баг, Тамгын газар нь юу хийж байна вэ. Түүний бүрэн эрхийг дэргэдэх хүмүүс нь “булааж” буй аятай харагдаж байна. Мэдсээр байж хуулийг өөр зүйлтэй жишин буруу тайлбарлаж, олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байгаагийн уршиг урт холын замд аюултай.
Аль аль нь ард түмнээс сонгогддог, эрх, үүрэг нь холилдож, сүлэлдсэн УИХ, Ерөнхийлөгч хоёр үл ойлголцол, зөрчлийн замыг туучиж ирсэн нь үнэн. Тэр тусмаа томилгоо тойрч анх удаа толхилцож байгаа ч юм биш. Гэвч цагаан дээр хараар бичсэн хуулийг хүссэнээрээ тайлбарлаж, засаглалыг төлөөлсөн байгууллагууд өөр хоорондоо харилцаж ирсэн дэг жаяг, тогтсон хуулийг үл тоон, процедурын шинжтэй зүйлээр шалтаг хийн өөнтөглөх нь яав ч сайны шинж биш билээ. Төрийн хоёр гол институцийн үл ойлголцол, толхилцооноос хэн ч хожихгүй, улс, эх орны эрх ашиг л хохирно гэдгийг хаана хаанаа ухаарах цаг болсон доо, уг нь.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
2 comments
zi gee l solison in deer de
энэнд МЭнхболд гол Буруутан нь шүү дээ