92 сая хуудас цаасан мэдээллийг цахимжуулах ажил арван жил үргэлжилж буй ч дуусаагүй. Иргэн нэг газраас нөгөөрүү шилжихийн тулд хорооноосоо хасалт хийлгэнэ. Хасалт хийлгэснийг нь тодорхойлох нарийн хуудсаа бариад нөгөө хороон дээр очдог.
Тэмдэгтийн хураамжийг хүртэл нэр зааж өгсөн банкинд тушааж, буцаж баримтыг харуулна. Манай улсын мөнгөний нийлүүлэлтийн 90 гаруй хувь нь бэлэн бус хэлбэрт шилжчихээд байхад төрийн үйлчилгээ л цаасан дэвсгэртээ нэхээстэй.
Санхүүгийн байгууллагын санах ой ийм өндөр түвшинд хүрчихээд байхад төрийнх нь мөн л цаасан хэлбэрт, цоожтой сейфэнд хадгалаастай буй. Төр өөртөө байгаа мэдээллийг иргэдээс нэхэж нааш цааш явуулж, энд тэнд дугаарлуулж, цаас зараад байдгийн учир нь юу вэ. Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дарга асан Р.Содхүү манай байгууллагад тодорхой хэмжээний хүнд суртал байх ёстой гэж хэлээд ажлаасаа халагдсан.
Ухаандаа тус байгууллагаас гар гаж өгдөг зарим лавлагааг хэн авч буйг тагнуул, цагдаагийнхан шалгадаг, түүнд хугацаа хэрэгтэй гэсэн санааг эвийг нь олж илэрхийлэх чадваргүй өвгөн дарга өөрөө өөрийнхөө тойрохыг зуруулсан нь тэр юм. Тэгвэл бүртгэлийн байгууллага хүний хувийн мэдээллээс хурууны хээ, улсынхаас нууцын зэрэглэлтэй үл хөдлөх хөрөнгөөс бусад бүх өгөгдлийг ил болгохоор бэлтгэж байна.
Төрийн нийт үйлчилгээний 65-70 хувийг бүртгэлийн байгууллага үзүүлдэг. Хууль зүй, дотоод хэргийн яамны өгсөн мэдээллээр хувь хүний, аж ахуйн нэгжийн, эд хөрөнгийн гээд нийт 122 төрлийн мэдээллийг бүртгэлийн байгууллага өгдөг. Гэтэл эдгээрийн ердөө 10 үйл чилгээг л иргэд онлайнаар авах боломжтой. 2017 онд гэхэд онлайнаар өгдөг 10 лавлагааг давхардсан тоогоор дөрвөн сая хүн авчээ.
Түүнээс гадна ТҮЦ машинаар 1.5 сая лавлагаа авсан талаарх статистик байна. Гадаад паспортын үйлчилгээг 350 мянган иргэн, аж ахуйн нэгжийн шинэ нэр авах гэсэн 60-80 мянган хүн гээд боддоо. Энэ хэрээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагууд иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн ажиллах ёстой. Даанч чадахгүй байгаа гийн шалтгаан нь бүртгэлийн байгууллагын хуулиудтай холбоотой аж. Монгол Улсад интернэт, байгууллага хоорондын дундын мэдээллийн сүлжээ төдийлэн сайжраагүй, аймгууд шилэн кабельд холбогдоогүй үед дээрх хуулиудыг баталсан.
Тиймээс л бүх лавлагаа, мэдээлэл цаасан хэлбэрээр бугшиж, иргэдийг зуун айлруу чихэлдэхээс өөр аргагүй байдалд оруулдаг. Өнөөдрийн байдлаар нийт 92 сая хуудас цаасан лавлагаа Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт байгаа. Энэ мэдээллийг цахим хэлбэрт оруулах ажлыг 10 жилийн турш хийж байгаа ч, одоо 70 хувийнх нь л ард гарсан гэж Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр хэлж байсан. Мөн янз бүрийн шалтгаанаар бусад хуулийг дагалдуулж бүртгэлийн багц хуулиудыг өөрчилсөөр, нөхөөсөөр дүүрсэн авцалдаагүй хууль болсныг нэмж тайлбарласан.
Гэтэл бүртгэлийн байгууллага зарим үйлчилгээгээ цахим болгох боломж байдаг ч хуулийг нь өөрчилж өгдөггүй өдийг үзэж буй. Цаг үеийн шаардлагаар бий болсон зарим харилцааг сайдын, газрын даргын журмаар зохицуулах нь ч бий. Хуулиас давсан ийм журмууд бүртгэлийн ажилтны хүнд суртлыг өөгшүүлж, иргэдийг нааш цааш явуулсан, энд тэнд дугаарлуулсан, уур уцаарыг нь барсан ажил болоод буй нь өнөөдрийн 100 айлын бүртгэлийн газрын дүр төрх.
Тэгвэл бүртгэлийн ерөнхий хуулийн гол шинэчлэл нь юу вэ. УИХ-д өргөн бариад жил гаруй дарагдаж буй уг төслийг хэлэлцэх боломжит хугацааг парламент хүлээсээр өдийг хүргэв. Бүртгэлийн ерөнхий хуулиар бүртгэлийн мэдээллийн сан маш нууцын зэрэглэлтэй байна гэж заасныг юун түрүүнд өөрчлөх учиртай. Тус сан доторх мэдээллийн яг аль нь нууц байх, юуг нь хязгаартай гаргах, алийг нь нээлттэй байлгахыг тодорхой зааж өгөх ёстой. Маш нууцын зэрэглэлд байх өгөгдлийг дээр өгүүлсэн. Тэр нь төрийн үл хөдлөх хөрөнгө, иргэний хурууны хээ.
• Төрийн нийт үйлчилгээний 65-70 хувийг бүртгэлийн байгууллага үзүүлдэг.
• 2017 онд гэхэд онлайнаар өгдөг 10 лавлагааг давхардсан тоогоор дөрвөн сая хүн авчээ.
• Мэдээллийг цахим хэлбэрт оруулах ажлыг арван жилийн турш хийж байгаа ч, одоо 70 хувийнх нь л ард гарсан. Харин хязгаартайгаар буюу төлбөртэй өгөх мэдээлэлд үл хөдлөх хөрөнгийн барьцааны лавлагаа, хуулийн этгээдийн нэр болон хаягийн байршил, газрын гэрчилгээ гэх мэт орно. Иргэн, аж ахуйн нэгж банк наас зээл авахын тулд үл хөдлөх хөрөнгөө барьцаалдаг.
Гэхдээ тухайн хөрөнгө өөр хаа нэгэн газар барьцаалагдаагүйг батлахын тулд шаардлагатай лавлагааг бүртгэлийн байгууллагаас авах шаардлага үүсдэг. Хамгийн эрэлттэй лавлагаанд ордог энэ үйлчилгээг хязгаартайгаар буюу тодорхой хэмжээний төлбөр төлж, цахимаар авах боломжийг хуулийн төсөлд оруулжээ. Мөн төрийн байгууллага хоорондын бүртгэл мэдээллийн зөрүүг арилгахад хуулийн төслийн зорилго чиглэж байгаа.
Жишээ хэлэхэд, төрөх эмнэлэгт амаржсан 240 мянган ээжийн регистрийн дугаарыг ЭМД-ын сангаас шүүж үзэхэд 13 мянга нь УБЕГ-т байдаг мэдээлэлтэй зөрж байжээ. Энэ бол төрийн байгууллага хоорондын мэдээлэл зөрүүтэй байдгийн энгийн жишээ. Ялангуяа, сонгуулийн үеэр хаягийн асар их зөрүү бүртгэлийн байгууллагад гардаг. Гэтэл оршин суух хаягийг хорооны дарга дугаараар олго чихдог, түүнийгээ бүртгэлийн сандаа оруулдаггүй. Үүнээс болж сонгууль болохоор таньж мэдэхгүй баахан хүнтэй нэг өрх болсноо иргэд мэддэгийн учир нь энэ юм. Дараагийн асуудал иргэний үнэмлэхний чипэнд ямар мэдээлэл байх вэ.
Анх нэвтрүүлэхдээ цахим үнэмлэх гэж нэрлэсэн ч, тэр ид шидийг нь монголчууд үзэлгүй арван жил болсон. Харин ч эсрэгээрээ иргэний үнэмлэхээ өөрөө барьчихаад, мөн болохыг нь наториатаар батлуулах гээд явдаг. Тэгвэл тус чипэнд хүний овог нэр, хаяг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлсөн мэдээлэл, цусны бүлэг, харшилтай эмийн мэдээлэл зэрэг өгөгдлүүдийг суулгахаар ажиллаж байна. Монгол Улс 1997 оноос орон сууцыг хувьчилж эхэлсэн. Харин газар хувьчлалыг 2003 оноос эхлүүлсэн.
Зургаан жилийн хугацаатай хэрэгжиж эхэлсэн энэ хоёр хууль газар болон үл хөдлөх хөрөнгийг тус тусад бүртгэсэн. Ингэж үл хөдлөх хөрөнгийг бүртгэж эхэлснээс хойш 20 жил, газрыг гэрчилгээжүүлснээс 15 жилийн дараа 200 мянга гаруй байшин, 400 гаруй мянган газрын эзэмших, ашиглах эрх хууль ёсоор баталгаажаагүй байдлыг бий болгожээ. Төрийн үл хөдлөх хөрөнгө, иргэний хурууны хээг нууцад хамруулна Мэдээллийн сангууд тусдаа байгаатай холбоотойгоор ийм асуудал үүссэн гэж Засгийн газар үзэж байгаа.
Тиймээс үүнийг шийдэх нь Бүртгэлийн ерөнхий хуулийн бас нэгэн зорилго. Ингэхдээ дундын мэдээллийн санг Үндэсний дата төв дээр бий болгох юм. Улмаар үл хөдлөх хөрөнгө, газрын мэдээллийг нэг дугаар дээр бүртгэнэ. Гэхдээ энэ ажлыг албан журмаар бус явцын дундаа шийдэхээс аргагүй. Ажлын хэсгийн харж буйгаар 10-20 жилийн дараа энэ байдал цэгцэрнэ.
Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ” сонин
2 comments
Шүүхийн архив, ндш-ийн тодорхойлолт, гэмт хэрэгт холбогдож байгаагүй тодорхойлолт мэтийн 7000-10000 төг авдаг хөгийн юмнуудийг болимоор байна.Болихгүй байгууллагын бизнес ухаантай юм бол ядаж төлбөрийг нь банк руу гүйлгэж баахан цаг алдуулж байхаар бэлнээр нь авдаг болмоор байна.Үүнийг санаачилсан байгууллагад чин сэтгэлээс талархмаар байна.
Шүүхийн архив, ндш-ийн тодорхойлолт, гэмт хэрэгт холбогдож байгаагүй тодорхойлолт мэтийн 7000-10000 төг авдаг хөгийн юмнуудийг болимоор байна.Болихгүй байгууллагын бизнес ухаантай юм бол ядаж төлбөрийг нь банк руу гүйлгэж баахан цаг алдуулж байхаар бэлнээр нь авдаг болмоор байна.Үүнийг санаачилсан байгууллагад чин сэтгэлээс талархмаар байна.