Монгол Улсын Улаан номын ховор ангилалд орсон Зантахай загасыг Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Балжийн голын Тавтын гацаа нэртэй газраас олжээ.
Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид энэ сарын 1-8-нд тус газрынхаа “А” хэсэгт судалгаа, эргүүл, хяналт шалгалтаар ажилласан байна.
Уг загасны биеийн урт нь 23 см байжээ. Мөн энэхүү загас нь 2013 онд тус голын эрэгт үхсэн байсныг нь олж тогтоосон гэдэг. Зантахай загас нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансанд “Мэдээлэл дутмаг” гэсэн зүйлд хамаардаг аж. Учир нь тархцын хувьд маш сийрэг бөгөөд Амар мөрний сав, Сахалин, Онон гол зэрэг цөөхөн газар байдаг юм байна. 1930 онд Хэнтий аймгийн Биндэр сум орчмын Онон голоос баригдсанаар Монгол Улсад анх бүртгэгдэж байв.