Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: Хүний нөөцийн бодлогодоо анхаарч байна. Тулхтай, туршлагатай түрүү үеийнхний нөөц, бололцоог бүрэн дүүрэн ашиглахын зэрэгцээ бэлтгэгдсэн, орчин үеийн цэргийн хэргийн онол, практикийг эзэмшсэн дараа үеийн албан хаагчдаа зохих түвшинд нь бодлогоор дэмжин сурсан, мэдсэнээ хэрэгжүүлэх боломж олгохыг хичээж байна. Батлан хамгаалах тогтолцооны тулгын гурван чулууны нэг нь зэвсэгт хүчин, хоёрдугаарт, орон нутгийн хамгаалалтын тогтолцоо, гуравдугаарт, дайчилгаа байдаг. Миний итгэл үнэмшилтэйгээр барьж ирсэн шугам бол төрийн тогтолцоог сонгодог парламент тал руу нь илүү ойртуулсан зарим нэг нэмэлт, өөрчлөлт хийж болно, хийх шаардлагатай гэж үздэг.
/Өглөөний сонины 2018 оны тавдугаар сарын 7-ны дугаарт нийтлэгдсэн ярилцлагаас/
УИХ-ын гишүүн А.Ундраа: Манай монголчууд эрүүл мэндийн хувьд шим тэжээл буюу анагаахын хэлээр эрдэс, элементийн дутагдалд орох нь түгээмэл. Ялангуяа нийтлэг Д, А витамин, тодорхой хэсгүүдэд төмөр, фолийн хүчил гээд хүний биед зайлшгүй шаардлагатай эрдэс, элемент буюу бидний нэрлэж заншсанаар төрөл бүрийн витамин, шим тэжээлийн дутагдалд орж, үүнээсээ болоод өвчин эмгэгт өртөмтгий болдог нь олон судалгаагаар тогтоогддог. Манай улсын нийт хүн амын 80 гаруй хувь витамин Д – ийн дутагдалтай. Үүнээс дийлэнх нь маш өндөр хэмжээний дутагдалтай, хэт дутагдалтай, цөөн хувьд нь тодорхой хэмжээний дутагдалтай гарсан. Давсаа заавал иоджуулсан байх ёстой гэдэг шаардлагын ачаар монголчууд өнөөдөр бамбай булчирхайн өвчлөлөөс 97 хувийн үр дүнтэй сэргийлж чадсан нь иоджуулсан давс хэрэглэсний сайн жишээ.
/Gogo.mn сайтад 2018 оны тавдугаар сарын 8-нд нийтлэгдсэн ярилцлагаас/
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудаараа бахархмаар байна. Энэ салбар хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байна. Хөгжил дэвшил ч гарч байна. 90 настай эмээд мэс засал хийж аварч, 100 нас гарсан өвөөгийн хугарсан хөлийг бүтэн болгож байна. Элэг, бөөр шилжүүлж, ясны чөмөг суулгаж байна. Зүрх, уушиг, нойр булчирхай шилжүүлэн суулгах туршилтууд амжилттай хийж байна. Харамсалтай нь бид энэ хөгжил дэвшил, ур чадварыг нь үнэлэхгүйд л асуудал байгаа юм.
/Үндэсний шуудан сонины 2018 оны тавдугаар сарын 8-ны дугаарт нийтлэгдсэн ярилцлагаас/