Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрынхан болон зарим аймаг дахь цагдаагийн газарт хар тамхи, мансууруулах бодис болон тэсэрч, дэлбэрэх бодисыг илрүүлэгч, тандан судлагч орчин үеийн тоног төхөөрөмжийг хэрэглэж эхлээд байна.
Уг төхөөрөмж нь хар тамхи, мансууруулах бодис, тэсэрч дэлбэрэх бодисыг нарийвчлан илрүүлэх сүүлийн үеийн дэвшилтэт технологи бөгөөд Англи улсаас ирсэн мэргэжилтнүүд алба хаагчдад дадлагажуулах сургалтыг зохион байгуулж буй нь онцлог юм.
Энэ ондоо багтан нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс болон бусад аймаг дахь цагдаагийн газрыг энэ төрлийн тоног төхөөрөмжөөр хангах аж.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн тодотголоор батлагдсан хөрөнгөөр эдгээр тоног төхөөрөмжийг тодорхой үе шаттайгаар худалдан авч, цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа ашиглаж эхэлжээ.