Шилэн Цогоо: 30-тайдаа ажил хийж 820 сая төгрөгийн байрыг авсан юм

2018-05-09 11:08
tsogoo

Олны дунд “Шилэн цогоо” гэх хочоороо алдаршсан зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл 30 насандаа ажил хийж 820 сая төгрөгийн үнэтэй байрыг худалдаж авсан гэнэ.

Хэвлэл мэдээллийн салбараас дэд сайд хүртлээ дэвшсэн Цогоогийн хөрөнгө бас л олны хараанаас мултарсангүй. Залуу хүн богино хугацаанд хэрхэн хөлжсөн нь олны сонирхлыг татахаас яах билээ.

Ингээд Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар томилогдсоноосоо хойш яамны эрхэм болсон тэрбээр ХОМ-тээ 2015 оноос хойш нийт 820 сая төгрөгийн хоёр байртай, 2015 онд Лексус-470, Lexus RX-400 автомашинтай байснаа 2016 оноос хойш Лексус-470 нь хасагдсан гэх мэт байдлаар мэдүүлсэн.

Түүний цахим хуудсаар нэгэн иргэн захидал илгээжээ.

-Та яаж 820 сая төгрөгийн байртай болсоноо тайлбарлаад өгөөч? гэхэд

Шилэн Цогоо ийнхүү хариулжээ.

Б.Цогтгэрэл: -Яаж 820 саяын байртай болсон??? гэнээ. 2011 онд 30-тайдаа ажил хөдөлмөр хийж авсын. Энд хүн муулж суухаар эхнэр хүүхэд гэр бүлдээ наад цаг заваа гарга. Харахад 50 нэлээд гарсан хүн шиг л байхын” гэсэн хариултыг өгчээ.

 “Ичсэн хүн хүн ална” гэгчээр муу үг хэлгүй, энгийн асуултад ингэж яаран бүдчин хариулт өгсөн нь харин ч өөрийгөө илчлэх шиг. Ямартай ч ард түмний төрийн түшээд, албан тушаалтнуудад тавих анхаарал, хяналт хэзээ ч сулрахгүй гэдгийг эрхэм өндөр сэнтийтнүүд өдөр бүр санаж, үг хэлээ цэгцэлж, үргэлж бэлэн байхгүй бол буруу зөрүү үгнээсээ болж булайгаа дэлгэж, урт хэлээрээ хүзүүгээ ороох нь байна шүү.