Туул голын бохирдол өнгөрсөн гуравдугаар сард ямар байсныг Цаг уур, орчны шинжилгээний газрынхан шинжлэн тогтоожээ. Түүнчлэн бохирдлын хэмжээг сар бүр тогтмол хянаж буй гэнэ. Дэлхийн хамгийн бохирдолтой таван голын нэгээр Туул тодорлоо гэж бид халагласан нь саяхан. Үнэхээр гамшгийн хэмжээнд хүрсэн, эсэхийг тус газрынхнаас тодрууллаа. Тэд Туулыг хотоос дээш болон доош, мөн хот орчимд гэсэн гурван хэсэгт хуваан, нийт 10 цэгээс дээж авч, бохирдлыг нь хэмждэг юм байна. Хамгийн дээд буюу хотоос дээших цэг нь Уу булан. Түүнээс нааш Налайх, Баянзүрхийн гүүр, Зайсан, Сонсголон, хотоос доош бол Сонгино, Хаданхясаа зэрэг цэгээс дээж авч шинжилжээ.
704 км урсдаг Туулын нийслэлийг дагасан хэсэг нь хамгийн их бохирджээ. Улаанбаатар хотоос дээших хэсэгт Туулын ус хурынх шиг цэвэр цэнгэг гэнэ. Харин Сонгиноос Төв аймгийн Алтанбулаг сум хүртэлх 60-70 км нь гамшгийн хэмжээнд хүрчээ. Түүнээс цааш Орхонд нийлэх хүртэл урсахдаа харьцангуй цэвэршдэг юм байна. Байгалийн зүй тогтлын дагуу гол ойролцоогоор 60-70 км урсаад цэвэршдэгийг “мөрдсөн” нь энэ. Нийт 704 км урт гэхээр дөнгөж 10 хувь нь л бохирдсон тул арга хэмжээ авах боломжтой гэнэ. Тэр утгаар нь дэлхийн хэмжээнд толгой цохихоор бохир гэж хүлээн зөвшөөрч боломгүй гэдгийг мэргэжилтнүүд тэмдэглэсэн.
Гадаргын усны бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг илтгэх хамгийн гол хэмжүүр нь хүчилтөрөгчийн агууламж. Ууссан хүчилтөрөгч ч гэж нэрлэдэг аж. Цэвэр усанд хангалттай хүчилтөрөгч байж орчны экосистемийг тэтгэн, өөрийгөө цэвэршүүлдэг. Гэтэл сүүлийн үеийн шинжилгээгээр Туулын их бохирдолтой хэсэгт хүчилтөрөгч илрэхээ больжээ. Гадаргын ус хүчилтөрөгчгүй болбол бохирдол дээд хэмжээндээ хүрсэн гэсэн үг бөгөөд мэдээж амьтан, ургамалгүй болно. Дөрөвдүгээр сараас уулын цас мөс хайлж, голтой нийлснээр урсгал нь ихсэж, ууссан хүчилтөрөгчийн хэмжээ бага зэрэг нэмэгддэг гэнэ.
Үүнтэй урвуу хамааралтай биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч гэсэн үзүүлэлт бий юм байна. Энэ нь усан дахь органик бохирдуулагчийг хэлж буй. Ууссан хүчилтөрөгч багасах хэрээр биохимийн хэрэгцээт нь өсдөг. Өнгөрсөн гуравдугаар сарын шинжилгээгээр Туул голын Сонгино орчмоор урсах хэсэгт биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч хүлцэх хэмжээнээс 85 дахин давсан байжээ. Энэ бол муу үзүүлэлт аж. Нэг литрт гурван мг агуулагдах ёстой атал 255 мг-д хүрчихэж. Үүний зэрэгцээ аммоны азот буюу аммиак 74, эрдэс фосфорын агууламж 25 дахин ихэссэн гэдгээс ямар хэмжээний гамшиг нүүрлээд буй нь мэдэгдэх болов уу.
Туулын 10 хувь нь гамшиг болтлоо бохирдсоны гол буруутнаар Төв цэвэрлэх байгууламж тодорчээ. Учир нь хатан Туул Улаанбаатар хотын хаягдал усыг зайлуулах гол объект болсоор багагүй хугацаа өнгөрөөд буй. Тус байгууламжийн хаягдал ус голтой нийлж буй хэсгээс гамшиг эхэлдэг байна. Үүнээс гадна Нисэхийн нэг, Биокомбинатын хоёр ч байгууламж бохирдолд хувь нэмэр оруулдаг.
Гуравдугаар сард хийсэн судалгаагаар Төв цэвэрлэх байгууламж бохирыг 74, Нисэхийнх 54, Биокомбинатынх 70 хувьтай цэвэрлээд Туул голд цутгаж байжээ. Тиймээс Сонгино, Хаданхясаанд Туул гол маш бохир, Төв аймгийн Алтанбулаг сум орчимд бохир гэсэн үнэлгээ авчээ. Холбогдох стандарт, дүрэм журмын дагуу гадаргын усны чанарыг маш цэвэр, цэвэр,
бага бохирдолтой, бохирдолтой, бохир, маш бохир гэсэн зургаан зэргээр ангилж, үнэлдэг юм байна. Дээр дурдсан хоёр цэг хамгийн дээд буюу бохирдлын V, VI зэрэгт багтжээ.
Төв цэвэрлэх байгууламж 54 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй. Энэ хугацааны турш л голд заналхийлж ирсэн гэсэн үг. 1980-аад оны үед ч Туулын хотоос дооших хэсэг нь маш бохир гэж гарсан мэдээ байдаг аж. Мэдээж нийслэлийн хүн амын тоо харьцангуй цөөн байсан учраас одоогийнхтой харьцуулахад хамаагүй цэвэр байж таарна.
Жил бүрийн шинжилгээний дүнг нарийвчлан гаргахад 2002 оноос бохирдол нь огцом ихэссэн гэнэ. Бүтэн жилийн турш хийсэн хяналт шинжилгээний дүнг тодорхой аргачлалын дагуу нэгтгэн боловсруулдаг гадаргын усны чанарын индекс байдаг аж. Туул голын Сонгиноос Хаданхясаа хүртэлх хэсэгт хийсэн шинжилгээгээр 1991-2002 онд усны бохирдлын индекс жил бүр долоогоос бага байжээ. Гэтэл 2002 оноос эхлэн жил ирэх тутам нэмэгдсээр 2015 онд 48.78-д хүрчээ. Энэ нь одоогоор хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож буй.
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшнийг 2017 оны гуравдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэл харьцуулан гаргасан дэлгэрэнгүй мэдээллийг зурагт үзүүллээ. Энэ оны нэгдүгээр сард бүр доошлон 48 хувьд хүрчээ. Тус байгууламж сайн ажиллах үедээ бохирыг 98 хувь хүртэл цэвэрлэдэг. Харамсалтай нь, хүлээн авсан бохироо дээд хүчин чадлаараа буюу 98-99 хувь цэвэрлээд голд нийлүүлсэн ч үлдэх 1-2 хувиас нь маш их бохирдол Туулд ордог.
Тиймээс байгууламжийн үйл ажиллагаанаас гарах хаягдал усыг голд нийлүүлэхийг хязгаарлах нь Туулаа бохирдлоос аврах гол арга юм билээ. Шинэчлэн, технологийг нь сайжруулчихвал, цаашлаад хаягдал усаа нийлүүлэхээ больчихвол Туул богино хугацаанд бүрэн цэвэрших боломжтой юм байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрынхан зөвхөн Туулыг бус, орон нутагт ч судалгаа шинжилгээ хийдэг аж. Их бохирдолтой, зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай гол өдгөө Туулаас өөр бий юү гэдгийг лавлахад “Монгол орны хэмжээнд манай байгууллагаас 98 гол, 18 нуурын усны чанарыг шинжилж, хянаж буй. Туул голын Сонгино, Тавантолгойн гүүр, Хаданхясаа орчмын хэсэг, үүнээс гадна Орхон аймгийн нутгаар урсах Хангал, ОХУ, Монгол Улсын хил дагуух Хиагт гол одоогоор хамгийн их бохирдсон, зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай. Түүнчлэн хоёр гуравхан жилийн өмнө маш цэвэр байсан Сэлэнгийн Хүдэр гол 2016 оноос бохирдолтой гэсэн ангилалд шилжсэн нь харамсалтай” гэсэн юм.
Орхон аймгийн Хангал голын бохирдлын гол эх үүсвэр нь Туулынх шиг үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус аж. Хиагт голыг бохирдуулж буй эх үүсвэр ОХУ-д бий, мөн л цэвэрлэх байгууламжаас үүдэлтэй гэнэ. Хүдэр голын хувьд сав газарт нь үйл ажиллагаа явуулж буй алтны уурхайнхан 2-3-хан жилийн дотор улаанаар нь эргүүлжээ. Зохисгүй ийм явдлыг хязгаарлахгүй бол Орхоны эхийг ч ийм хувь заяа хүлээж буйг онцолсон юм.
Эх сурвалж: