Манай улс анх удаа зайнаас удирддаг агаарын хөлөгтэй болхоор бэлтгэлээ базааж байна. Зайнаас удирддаг хөлгийн оператортой болсноор нисэхийн аюулгүй ажиллагаа болон байдлыг бүрэн хангах юм. Энэ дагуу өнгөрсөн оны сүүлчээс агаарын хөлөг эзэмшигч хувь хүн, байгууллагыг бүртгэх ажлыг эхлүүлжээ. Тэгвэл энэ сарын 31-нээс эхлэн бүртгүүлсэн 22 иргэнийг зайнаас удирддаг агаарын хөлгийн операторын сургалтанд хамруулах юм байна.
Дэлхий дахинаа зайнаас удирддаг агаарын хөлгийг аж үйлдвэр, хөдөө аж ахуй, экологи, хэвлэл мэдээллийн салбарт өргөн ашигладаг. Зайнаас удирддаг агаарын хөлгийн операторын эрэлт хэрэгцээ нэмэгдэж, аюулгүй ажиллагааны сургалт явуулах шаардлагатай болсон. Сургалтаар агаарын онол, Монгол орны цаг уурын онцлог, нислэгийн аюулгүй байдал, хүний хүчин зүйл, хүнгүй нисдэг төхөөрөмж, тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль зэрэг сэдвээр мэргэжилтнүүд хичээл орох гэнэ. ИНЕГ-аас зайнаас удирддаг агаарын хөлгийг зөвшөөрөгдөөгүй бүс, хязгаарлагдмал орон зайд нисгэсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авах юм байна.