Энэ сарын 03-ны өдөр Зайсангийн аманд байрлах, Бурхантай хөшөөний ард зөвшеөрөлгүй барьсан таван давхар барилгын карказыг буулгах гэж шуугиан тарьж байсан. Тус барилгыг булгах болсон шалтгаан нь гэвэл ердөө л хуулийн дагуу ажилласан хэрэг.
Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн хоёрдугаар сард Тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөл авалгүйгээр барилга байгууламж барьж, хашаа хороо татсан бол яаралтай буулгах тушаалыг гаргасан. Сайдын энэхүү тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд дээрх ажил хийгдсэн юм.
Улмаар Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас хүсэлт ирсний дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан А\138 захирамж гаргаж газар албадан чөлөөлөх ажлыг эхлүүлсэн ч ийнхүү шүүхийн шийдвэрийн өмнө хүчин мөхөстлөө. Тодруулбал, дээрх барилгыг бариулж буй иргэн Б.Дайчинхүү нь өнгөрсөн сард Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд гомдол гаргажээ.
Тэрбээр гомдолдоо Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн гаргасан А/138 тоот захирамжийг хууль бус хэмээсэн байна. Ингээд шүүх өнгөрсөн сарын 25-ны өдөр Б.Дайчинхүүгийн гаргасан гомдлыг хэлэлцээд төрийн байгууллагын албан тоот захирамжийг хууль зөрчсен хэмээн үзэж барилгыг буулгах ажлыг зогсоожээ. Ямартай ч тус хэргийг шүүн хэлэлцсэн шүүгч Ц.Одмаа нь өөрийнх нь гаргасан энэхүү шүүхийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг энэ сарын 4-ний өдөр гаргасан захирамждаа дурджээ.
Тэгэхээр яам, дүүргийн Засаг дарга нар хуулийг хэрэгжүүлэхээр ажилласан байхад шүүх яагаад ийм шийдвэр гаргах болов гэдэг нь хачирхалтай. Шүүхийн тайлбарлаж буйгаар газрыг албадан чөлөөлнө гэдэг нь барилга байшин барихаас өмнө хэрэгжүүлдэг хуулийн заалттай. Гэтэл энэхүү заалтыг зөрчин захиргааны акт гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн тус шүүхээс тайлбарлажээ.
Түүнчлэн энэхүү шүүгчийн захирамжид ажил үүргээ гүйцэтгэсэн Засаг даргад Захиргааны хэрэг үүсгэж байгаагаа ч мэдэгджээ. Энэ мэтчилэн хууль бусаар газар авсан хүмүүст шүүх иймэрхүү байдлаар хандаад байвал төрийн ажил гацаж ямар ч дарга тушаал шийдвэр гаргахгүй байх нь дамжиггүй.
Энэ талаар Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн хэлэхдээ “Б.Дайчинхүү гэдэг иргэн ямар ч зөвшөөрөлгүйгээр өнгөрсөн гуравдугаар сард шөнө дөлөөр Зайсанд газар ухаад, карказ босгочихсон. Түүнд хэрэг үүсгээд шалгагдаад явж байгаа. Өнөөдрийн байдлаар бид ямар арга хэмжээ авах боломжтой байна бүгдийг нь аваад, сайдын тушаал гаргаад, төрөөс мөнгө гаргаад буулгуулахаар хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна хэмээн ярьсан ч тэд төрийн ажлыг зогсооход хүргэлээ.
Яг үнэндээ БОАЖ-ийн яамнаас Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Яармагийн гүүрнээс Хүрхрээгийн амны чиглэл, Туул голын эрэг дагуу хашаа, барилга байшин барьсан 28 иргэн, аж ахуйн нэгжийн барилга байгууламжийг буулгахаар болсон. Цаашид дүүргийн төрийн захиргааны байгууллага, яамдын зүгээс хууль бусаар газар эзэмшиж байгаа олон этгээдийн газрыг албадан чөлөөлөх ажлыг үргэлжлүүлэх үед шүүх энэ мэт захирамж гаргаж саад учруулсан шийдвэр гаргаад байвал төрийн ажил яаж урагшлах вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Иргэн Б.Дайчинхүү хөрөнгө оруулалт нэрээр яаж газар авсан бол
Нэгэнт шүүх ийм шийдвэр гаргаж байгаа бол төрийн байгууллагынхан өөр хоорондоо бичиг цаас шидэлцэж хөрөнгө мөнгө зарах нь ч илүүц болж байна гэсэн үг. Манай улсад цэцэрлэг, сургууль барья гэхээр газар олддоггүй мөртлөө иргэн Б.Дайчинхүүд эл газар яаж ийм хурдан олдов гэдэг нь анхаарал татах асуудлын нэг.
Хэдийгээр тэрбээр 2016 онд Байгаль орчны яамны харьяа Аялал жуулчлалын үндэсний төв гэдэг байгууллагатай талбай түрээслэх, ашиглах гэрээ хийж тус газарт 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ч энэхүү газар нь ямар журмаар олгогдсон бэ гэдгийг хуулийнхан шалгахад гэмгүй болов уу. Бас нэгэн анхаарал татсан зүйл нь гэвэл иргэн Б.Дайчинхүү энэ сарын 3-ны өдөр мэдээлэл хийхдээ ”Өнгөрсөн намар надад нэг газрыг 1.5 тэрбум төгрөгөөр авах уу гэсэн санал ирсэнтэй холбоотой гэж би үзэж байгаа.
Хэрвээ уг газрыг авбал газрын зөвшөөрөл зэрг бичиг цаасны асуудал шууд ногоон гэрэл”-ээр шүү гэсэн. Судлаад ирэхэд бараг хоёр тэрбум төгрөгийн херөнгө шаардлагатай болсон. Тиймээс би авч чадаагүй” хэмээх ноцтой мэдээллийг хэлсэн. Тзгвэл эндээс харахад иргэн Б.Дайчинхүү өөрийн газраа яаж, ямар замаар 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж авав гэдэг нь эрхгүй анхаарал татаж байна. Эцэст нь хэлэхэд шүүхийн өмнө хүчин мөхөстсөн төрийн байгууллага өрөвдөлтэй байна.
Р.Саруул
Эх сурвалж: Өглөөний сонин
1 comment
ner ni hurtel Daichinhuu geed hyatadiin erliiz l bna shuu dee