УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн гуравдугаар сард захирамж гаргаж, Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирыг томилсон байдаг.
Өнгөрсөн сар гаруйн хугацаанд ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж, таван дэд ажлын хэсэг байгуулан ажиллажээ. Харин Д.Дамба-Очир гишүүн өчигдөр УИХ-ын даргад Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгээс түр хугацаанд чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн байна.
Мөн өөрийн оронд ажлын хэсгийг ахлах хүнийг томилж өгөхийг хүсчээ. Түүний энэ хүсэл нь Оюутолгойн гэрээг шалгаж, Монголд ашигтай эсэхийг тогтоох хүсэлгүй гэдгийг нь давхар илтгэлээ. Олон нийтийн дунд хамгийн их анхаарал татаж буй асуудал бол Оюутолгойн гэрээг луйвар болсон эсэхийг мэдэх юм.
УИХ дахь энэ ажлын хэсгээс ард түмэн олон зүйл хүлээж байв. Гэтэл ажлын хэсэг ахлагчаасаа эхлээд Оюутолгойн гэрээг шалгахаас татгалзаж буй. Уг нь Д.Дамба-Очир гишүүн саяхан л “Оюутолгойн гэрээтэй холбоотой олон яриаг энэ ажлын хэсэг мухарлана” хэмээн ярьж суусан.
Гэвч ямар асуудал түүнийг ажлын хэсгээс татгалзахад хүргэв. Элдэв янзын дарамт шахалт байв уу. Ямартаа ч тэр ийм алхам хийсэн нь УИХ-ын гишүүнээс татгалзаж байгаатай агаар нэг юм. Учир нь тэр ард түмний өмнө хүлээсэн үүрэгтэй, үүргээ биелүүлэхээр тангараг өргөсөн УИХ-ын гишүүн. Парламентад хоёр удаа сонгогдсон, туршлагатай улстөрчдийн тоонд багтана.
Эрдэнэтийн олон мянган иргэний илтгэлийг хүлээж, энэ УИХ-д дахин сонгогдоод буй. Гэсэн ч сонгогдсон тойрог төдийгүй, Монголын ард түмний эрх ашиг, үнэнийг мэдэх эрхээс тэр татгалзлаа. Тэр УИХ-ын гишүүний үүргээ биелүүлж, үнэн зөвийг хайх эрлийг хийж чадсангүй.
Тэгэхээр магадгүй Д.Дамба-Очирын дараагийн алхам нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах юм. Өчигдөр болсон МАН-ын намын бүлгийн хурлаар ажлын хэсгийн ахлагчтай холбоотой асуудлыг хэлэлцэн Д.Дамба-Очирын оронд томилох хүнийг ярилцжээ.
Ажлын хэсгийг энэ удаа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахлахаар болсон байна. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогдлон ажиллаж байгаа. Эх орныхоо эрх ашгийн төлөө явах учиртай энэ ажлын хэсгээс нэг их зүйл хүлээх хэрэггүй гэдгийг мөн л Д.Дамба-Очирын “ухралт” давхар харуулж байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: Зууны мэдээ