Цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагыг нийслэлийн долоон дүүрэгт энэ сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Энэ хүрээнд нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдаж, цэрэг татлагатай холбоотой цаг үеийн асуудал, бэлтгэл ажил зэргийг хэлэлцлээ.
Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын ажилд бэлтгэл ажил бүрэн хангагдсан, цэргийн зарлан дуудах мэдэгдэл 94.6 хувьтай тараагджээ. МУ-ын Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоол “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх заавар”-ыг баримтлан эрүүл мэндийн үзлэгийн сайтар зохион байгуулж цэрэгт татагдагчдын эрүүл мэндэд анхаарах.
Нийслэлийн хэмжээнд цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн “Эрүүл мэнд-Цахим бүртгэл” төслийг хэрэгжүүлж мэдээллийн санг баяжуулж үүрэг хороодтой уялдуулж ажиллах юм байна. Мөн цэрэг татлагын товчооны томилгоот бүрэлдэхүүн 2018 онд техникийн үзлэгт орсон, дүүргийн замын цагдаагийн тасгаас зөвшөөрөл авсан автомашинуудыг сонгон авч батлагдсан маршрутын дагуу цэрэг хүргэх, тээвэрлэх аж.