Хеликобактери пилори нь спирал хэлбэртэй, 5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төсгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян юм.

Ходоодны хорт хавдар үүсгэхэд голлох нөлөө үзүүлдэг хеликобактерийн талаар Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Ч.Сарантулгатай ярилцлаа.

-Манайхан хоносон хоолыг маргааш нь халаах юм уу, цай хийж иддэг. Гэтэл сүүлийн үед хоносон хоол идэх нь ходоодны хавдар үүсгэдэг гэх болсон. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Хүн амьдрахын тулд өглөө, өдөр, орой хоол идэх хэрэгтэй. Мэдээж юм идэж байгаа юм чинь ходоодоо хогийн сав гэх үү, хоолны сав гэж нэрлэх нь тухайн хүний хэрэг. Бид өдөр бүр ходоодоо цочроож байдаг. Түүнээс өвдөхгүй, 100 хувийн баталгаатай эрүүл байх эрхтэн биш. Өвдөхөөр бол өвдөнө.

Ходоодыг өвтгөх эрсдэлт хүчин зүйл болдог хоол бий. Тухайлбал, хадгалсан, даршилж нөөшилсөн хоолнууд, түүнийг хэт их хэрэглэх. Мөн огт ногоо хэрэглэдэггүй хүмүүсийг эрсдэлтэй гэж үздэг. Ходоодыг өвтгөх эрсдэлт хүчин зүйл болдог хоол бий. Миний судалж, үзсэн зүйлд хоносон хоол ходоодны хавдрын эрсдэлт хүчин зүйл гэсэн юм байхгүй. Байхгүй юмыг би дур мэдэн ярьж болохгүй.

Ходоодны хорт хавдрыг үүсгэж болох хоносон, халуун хоол, цай ч бай янз бүрийн эрсдэлт хүчин зүйлүүд байдаг. Гэхдээ Монгол Улс албан ёсны мэргэжлийн хүмүүсийг цуглуулаад үүнд судалгаа хийх ёстой. Энэ судалгааг олон хүн дээр хийдэг болохоор олон жилийн хөдөлмөр орж байж албан ёсны тоо гарна. Америк хүний амьдралын хэв маяг, уур амьсгал нь Монгол хүнийхээс өөр.

-Энэ талаар хийсэн судалгаа байдаг уу?

-Төр, засгаас анхаарч энэ талын мэргэжлийн хүмүүсийг төсөв мөнгөөр нь хангаад судлах шаардлагатай. Төсөв гаргахгүй бол бид цалингаасаа илүү гаргаж чадахгүй. Бичиг цааснаас эхлээд зардал ихтэй. Олон хүний араас хөөцөлдөнө, утсаар ярина, емайл бичнэ, компьютерт шивнэ, гарч байгаа шинж тэмдгийг өндөр үнэтэй шинжилгээгээр оношлоно.

Хавдраас урьдчилан сэргийлэх аргыг нь бид судалж гаргаж өгөх ёстой. Энэ бүхнийг улс төсөвлөж мөнгө гаргахгүй бол жирийн эмч нар судалж чадахгүй. Олон мянган хүнийг хамруулснаар тэндээс үр дүн гардаг. 200-300 хүний дотор ярьж болдоггүй юм. Манайд хийж буй судалгаанууд цаг хугацаа шаардсан, өндөр зардалтай болчих гээд байдаг.

Би лам биш учраас судалгаан дээр үндэслэж ярина. Яагаад гэвэл миний ярьсан зүйл улс, эх орны ч юм уу, шийдвэр гаргах зохих хүмүүст нөлөөлөх ёстой болно. Нөлөөлөхийн тулд нотолгоо гаргаж өгөх ёстой. Ийм юм байхгүй болохоор америк, европ хүний урьдчилан сэргийлэх аргыг яриад байх үр дүнтэй ч юм уу, үгүй ч юм уу.

-Стресс ходоод өвчлөхөд нөлөөлдөг үү?

-Нийгэмд дарамт, стресс их байна. Тиймээс нөлөөлнө. Үүнээс яаж ангижрах вэ гэвэл нэг бол галзуурах эсвэл нүхэнд очиж хэвтэх. Бид ийм нийгэмд амьдарч байгаа. Цалин мөнгө, нийгмийн амьжиргаа дээшлээд байвал стресс багасна.

-Хайрч, хуурсан зүйл идэхээр ходоод өвдөөд байна гэдэг. Энэ нь ходоод өвчилсөн байна гэж ойлгож болох уу?

-Бидний тоодоггүй архаг өвчнүүдийн сэд­рээгч хүчин зүйл нь байвал дахиад байдаг. Тэгсэн хэрнээ хүний хөдөл­мөрийн чадварт нөлөөлөхгүй. Үрэвсэл дахих тусам тухайн эрхтэн эд, эсийн өөрчлөлтөд орно. Хавдруудын урьдал өвчин дандаа архаг үрэвсэл байдаг.

Тухайлбал, бөөрний үрэвсэл дахих тусам шээсээ ялгаруулдаг бөөрний хэмжээ багасч, дутагдалд ордог. Үүнтэй адил үйл явц бүх архаг өвчинд байна. Хавдаргүй ч гэсэн би даарч хөрч болохгүй, уушгины архаг бронхиттой учраас тамхи хэрэглэхээ больё гээд анхаарвал хэн ч боль гэхгүй.

-Тэгвэл ходоодны шарх юунаас үүсдэг юм бол. Олон дахин дурандуулах нь ходоод шархлуулдаг гэдэг. Энэ үнэн үү?

-Гараа гэмтээгээд сайн эмчлэхгүй бол үе рүүгээ орж бохирдоод ганц хуруудаад сүүлдээ тайруулдагтай яг адилхан. Дурангаар ходоодны хавдрыг оношилдог. Хеликобактериа салгаж чадахгүй байж дуран руу чихэж болохгүй. Хүмүүс жаахан асуудалтай болоод л дурандуулж байгаа. Урьдчилан сэргийлэх үзлэг, хөтөлбөр тухайн өвчний эрсдэлийн эсрэг, эрт илрүүлэх бо­ломжтой аргыг хэрэглэнэ.

Ходоодны хавдрыг улс, нийгмээрээ эрт илрүүлээд, эмчлээд эмчилгээ нь үр дүнтэй бол­сон орон байна. Тухайл­бал, Япон. 40 жилийн өмнө манайх шиг байсан. Одоо бууруулж чадсан. Хүний хүүхдүүд хийж болоод байна, бид ч гэсэн чадна. Гол нь улс хэрэгтэй зүйлдээ мөнгө гаргаж, сайн судалгааг дэмжих ёстой.

-Хүмүүс хелико бактериа тоолуулна гэж их ярьдаг. Хеликобактери гэж юу юм бэ. Заавал тоолуулах ёстой юу?

-Хелико гэж хо­доодны үрэвслийг үүсгэгч бактери байгаа. Энэ нь хавьтлын маягаар шүлс, ахуйн замаар дамждаг. Тиймээс дэд хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол ангижрахгүй. Ходоодны хавдрын нэг эрсдэлт хүчин зүйлийн нэг мөн. Системтэй арга хэмжээ авч улс, ний­тээрээ хөдлөхгүй бол амар арилдаг өвчин биш. Халдвар дамжих замыг таслан зогсоосны дараа өвдсөн хүмүүсээ эмчилбэл үр дүнтэй. Гурвал эмчилгээ хийлгээд зүгээр болсон ч захын цайны газраас бактери авна.

Та аяга, тавгаа халааслаад явахгүй нь тодорхой. Мэдээж та гэртээ орж ирсэн хүнийг энэ хеликотой, хеликогүй гэж аяга, тавгаа ялгахгүй учраас хавьтал үүснэ гэсэн үг. Халдвар дамжих замыг таслан зогсоосны дараа өвдсөн хүмүүсээ эмчилбэл үр дүнтэй. Үнэнийг хэлэхэд замыг нь таслан зогсоогоогүй байж хэдэн зуун сая ам.доллараар гадаадаас эм авч уух нь үр ашиггүй зардал гарна. Эмчлэх гээд олон эмч ажиллаж байна. Тэдний хөдөлмөрийг үгүйсгэх ёсгүй. Гэхдээ юмыг тоймоор нь харахгүй бол болохгүй.

-Ходоодны хавдраар ямар насныхан их өвчилж байна вэ?

-Өвчилж байгаа хүмүүсийн ихэнх нь 45-50 насныхан болоод байгаа. Үүнд Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжил сөрөг нөлөөтэй. Ид хийж бүтээдэг, амьдралд зохих хэмжээний туршлагатай болсон, алдаа гаргах магадлал багатай, аль ч салбарт тэргүүлэгч нар байдаг.

Ийм хүмүүс маань өвдөхөөр Монгол Улсын хөгжил, дэвшилд оруулах хувь нэмэр багасна. Үүнийг шинжлэх ухаан­чаар судалж, сэргий­лэхгүй бол энэ насныхан маань өвдөж, амь насаа алдаад байвал манай улсад хохиролтой. Хоёрдугаарт, ар гэртээ зохих хэмжээний хуримтлалтай болохоос нь өмнө эдийн засгийн зарлагатай болно.Эмнэлгээр явсан хүн орлого олохгүй.

Өвчин зовиургүй ч 45-аас дээш насны хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй. Өвчинг ямар ч эрсдэлээс хамгааллаа гэсэн нас гэдэг өөрөө эрсдэл. Та урт наслах тусам таны эрхтэн өвдөх магадлалтай гэсэн үг. Яагаад гэвэл элэгддэг бие дээр амьдарч байгаа учраас үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Их өндөр наслах нь ходоодны хавдар биш гэхэд түрүү булчирхайн хорт хавдар эрэгтэйчүүдийн дундаж наслалт 70-аас дээш гарахаар 2-3 дахин ихэсдэг.

Эх сурвалж: “Эрүүл мэндийн жор” сонин

By updown

One thought on “Ч.Сарантулга: Хеликобактери шүлс, ахуйн замаар дамждаг”
  1. Нэг асуултаа хэд асуулгаж бж тойруу замаар хариулдаг эмч вэ. Товч бөгөөд тодорхой ярьж баймаар юм эмч нар.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн