Өнөөдрийн байдлаар Монголын арилжааны 14 банк хадгаламжийг жилийн 13-14 хувийн хүүтэй татаж, зээлийг дунджаар жилийн 18-20 хувийн хүүтэй олгож байна. Үүнээс ч илүү хүүтэй олгодог тал бий. Энэ нь зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлын нэг учраас төр, засаг, холбогдох байгууллага төдийгүй эдийн засагчид зөв гарц гаргалгааг эрэлхийлж байна.
Тухайлбал, инфляцыг нам төвшинд барьж, макро эдийн засгийг дэмжих замаар банкны өрсөлдөх чадварыг сайжруулж, зээлийн хүүг бууруулах боломж бүрдүүлэхийг Төвбанк зорьж байна. Олон улсын жишгийг авч үзвэл Чили, Хорват зэрэг орон энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлснээр жилийн 20, 22.9 хувийн хүүтэй олгож байсан зээлийн хүүг зургаа, 6.8 болгон бууруулж чадсан төдийгүй хөрөнгийн зах зээлээ хөгжүүлжээ. Үүнээс гадна нэг хувийн хүүтэй зээл олгодог ч улс орон бий.
Иймд манай улс нэг хувийн хүүтэй зээл олгодоггүй юм гэхэд ядаж арваас хэтрүүлэхгүй, нэг оронтой тоонд барих боломжгүй гэж үү. Ингэж л иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид горьдлого тээсээр явна. Тэдэнд итгэл хүлээлгэсэн үү эсвэл олон нийтээс оноо авах гэсэн үү ямартай ч Мөнгө хүүлэлттэй тэмцэх болон Зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг АН-аас УИХ-д өргөн барьсан. Арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг жилийн 18, цалин, тэтгэврийнхийг 12 хувь байхаар хуулийн төсөлд тусгажээ.
Монголын банк, санхүүгийн байгууллагад үүсээд буй нөхцөл байдал, баялаг бүтээж, бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэнийг зээлийн дарамтаас гаргахын тулд энэхүү хуулийн төслийг санаачилсан гэнэ. Хэрэв ийм байдлаар зээлийн хүүнд хязгаар тогтоовол мэдээж олон нийт талархалтай хандана. Гэхдээ төрийн оролцоотой, албадлагын аргаар зээлийн хүүнд хязгаар тогтоох боломжтой, үүний цаана улсын хэмжээнд эрсдэл үүсэх эсэх, хэрэв тийм бол өөр гарц гаргалаа байж болох талаар эдийн засагчдын байр суурийг сонслоо.
ЗЭЭЛИИН ХҮҮГ АЛБАДАЖ БҮҮРУУЛБАЛ САНХҮҮГИЙН ХЯМРАЛ ҮҮСЭХ АЮУЛТАЙ
Д.Амгалан: Одоогийн байдлаар зээлийн хүүг шууд бууруулахад хүндрэлтэй. Бид зээлийн хүүгийн харьцуулсан судалгаа явуулахад манай улс шиг өндөр зээлтэй орон дэлхийд байдаггүй юм билээ. Энэ нь хадгаламжийн хүүтэй холбоотой. Хадгаламжийн хүү дунджаар 14 хувьтай байна. Харин зээлийн хүү 24,банк бус санхүүгийн байгууллага зэргийг оролцуулбал үүнээс хэд дахин илүү хувьтай байгаа.
Гэтэл Ази, Европт зээлийн хүү нь дөрөв гаруй, зарим нь бүр нэг хувьтай байх жишээтэй. Манай улс ийм жишиг рүү ороход өнөөдрийн хувьд боломж муу. Аливаа асуудлыг хэтэрхий улстөржүүлдэг, олон нийтэд таалагдах гэсэн механизм яваад байна. Мөн чанартаа зээлийн хүүг бууруулахын тулд нэгдүгээрт, хадгаламжийн хүүг бууруулах ёстой. Хоёрдугаарт, инфляцыг нам дор төвшинд барих хэрэгтэй.
Гуравдугаарт, бодлогын хүүг бага байлгах хэрэгтэй. Ингэснээр зээлийн хүү яваандаа буурна. Үүнээс гадна хоёр дахь хувилбар байж болно. Манай улс мөнгөний зах зээлд түшиглэсэн орон. Санхүүгийн бусад тулгуур зах зээл нь ажилладаггүй. Ялангуяа үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаа байдаггүйтэй зээлийн хүү холбоотой. Зах зээлд оролцогчдын 95 хувь нь банкнаас эх үүсвэр босгодог.
Харин хөгжингүй орнууд үүний эсрэг буюу 95 хувь нь хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр босгодог. Нөгөө талаараа банк дунд, урт хугацааны эх үүсвэр босгох боломжгүй. Харин богино хугацаанд эх үүсвэр босгох чадвартай. Банкны 90 орчим хувь нь харилцагчийн мөнгө. Үүнийг өндөр өртөгтэй татсан учраас олгож байгаа зээп нь өндөр байхаас аргагүй.
Зээлийн хүүг бууруулах хуулийн төсөл өргөн барьсан нь банкуудыг дампуур гэсэнтэй ялгаагүй. Хэрэв банкны үйл ажиллагаа зогсонги байдалд орвол байдал улам л хүндэрнэ уул уурхай, барилгын салбарт санхүүгийн том хямрал үүсэх аюултай. Иймд банкны өрсөлдөөнийг бий болгох, хөрөнгийн биржид бүртгэлтэй гаднын банк оруулж ирэх нь зүйтэй. Нөхцөлийг нь бүрдүүлж зах зээлийн зарчмаар зээлийн хүүг бууруулах зарчим руу оруулахгүй бол албадсан тохиолдолд бага хүүтэй зээл харин ч олдох боломжгүй.
Ч.Хашчулуун: Зээлийн хүүг бууруулах гол нөхцөлийн нэг нь улсын төсвийг алдагдалгүй батлах, ингэхдээ зарлагыг нэмэгдүүлэхгүй байх ёстой. Үр дүнд зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ.Зээлийн хүү өндөр байгаагийн гол шалтгаан нь дотоодын эдийн засгийн хүч сул, бололцоо муу байгаатай холбоотой. Гаднаас хөрөнгө орж ирдэггүй. Нэг үгээр хэлбэл, манай улс хөрөнгийн дутагдалтай байна гэсэн үг.
Үүнээс гадна дотоодын хадгаламж багатай учир хөрөнгө оруулалт хийх гэхээр тэр нь хүрэлцдэггүй. Жишээлбэл, нэг үйлдвэр байгуулъя гэж бодоход дотоодод эх үүсвэр хангалттай байвал гаднаас хөрөнгө оруулалт авах шаардлагагүй. Гэтэл манай улсыг эрсдэлтэй гэж үзээд гаднаас хөрөнгө оруулалт орж ирдэггүй. Дотоодын эх үүсвэр хадгаламжаар бүрддэг. Гэтэл хадгаламжийн хүү өндөр. Хүүг бууруулах гэхээр Төвбанк, Засгийн газрын зээлж буй зээлийн хүү мөн өндөр.
Үүнээс харахад дотоодын зах зээл ихээхэн хэмжээний хөрөнгийн дутагдалтай байгаа юм. Иймд арилжааны банкуудыг буруутгах нь өрөөсгөл. Ер нь манай улс гаднын хөрөнгө оруулалтыг татах, дотооддоо хуримтлал хэрхэн үүсгэх зэрэг нөхцөлийг бүрдүүлснээр зээлийн хүүг бууруулна. Түүнээс зээлийн хүүг хүчээр бууруулах ямар ч боломжгүй. Хэрэв зээлийн хүүг албан хүчээр тогтоох, хязгаар тавибал далд эдийн засаг руу орох эрсдэлтэй.
ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨН ХАДГАЛАМЖТАЙ ХҮН ЦӨӨХӨН УЧРААС ХҮҮГ НЬ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ
Л.Оюун: -Банк өөрийн эх үүсвэр буюу өндөр хүүтэй хадгаламжаас иргэдэд зээл олгож байгаа учраас хүү нь өндөр байгаа юм. Иймд өөрийн эх үүсвэрийн зардал буюу хадгаламжийн хүүг бууруулбал зээлийн хүүг бууруулах боломж бүрдэнэ. Арилжааны банкууд гаднаас зардал багатай бонд босгох зэргээр эх үүсвэр бүрдүүлбэл зээлийн хүүг бууруулж болно.
Товчхондоо, зээлийн хүү өндөр байгаа нь хадгаламжийн хүүтэй л холбоотой. Өндөр хүүтэй хадгаламжтай орон хаана ч байхгүй. Манай улсын хувьд их хэмжээний мөнгөн хадгаламжтай хүн цөөхөн учраас хүүг нь бууруулах бүрэн боломжтой. Өнөө үед бууруулах ч ёстой. Ингэснээр иргэд бага хүүтэй зээл авч, үүний ашиг нь хадгаламжийн хүүгийн орлогыг нөхнө.
ЗЭЭЛИЙН ХҮҮ ОДООГИЙНХООС БАГА БАЙХ БОЛОМЖ БИЙ
Ч.Анхбаяр:- Арилжааны банкны зээлийн хүү одоогийнхоос бага байх боломж бий. Яагаад гэвэл, банкны салбарын нөхцөл байдлыг харахад барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт олгох зээлээ хумисан байна. Энэ байдал өнгөрсен хоёр жилд үргэлжилсэн. Гэхдээ арилжааны банкууд Төвбанк, Засгийн газрын үнэт цаасыг авах байдалтай удаан яваад байж болохгүй.
Эргээд тухайн салбар руу анхаарал хандуулах нөхцөл байдал банкны салбарт үүссэн. Тиймээс эрсдэлтэй ч байсан хамаагүй уул уурхайн салбарт өмнөхөөс хоёр дахин илүү зээл олгосон байх жишээтэй. Иймд бага хүүтэй зээл олгох эх үүсвэр банкуудад бий. Харин эдийн засгийн одоогийн тоон үзүүлэлтийг харахад ипотекийн зээлийн хүүг бууруулах боломж баг Банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ өндөр, валютын ханш тогтворгүй байна.
Зорилтот инфляцын төвшин тав байвал зохимжтой байдаг. Гэтэл үүнээс илүү байгаа. Хамгийн гол нь ипотекийн зээлийн эх үүсвэрийг тодорхой дэмжлэгтэйгээр тасралтгүй эргэлдүүлэх учиртай. Одоогийн байдлаар хурд нь нэлээд саарсан, зогсонги байдалд хүрс учраас наймаас бага хүүтэй байх боломж одоохондоо харагдахгүй байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
1 comment
6 хувь болгох