Бэлчээрт халгаатай ямааны тоо хониноос илүү гарах нь Малын тоо, толгой түүхэн дээд хэмжээндээ буюу 66 саяыг давсан нь хөдөө аж ахуйн салбарт сайнаасаа илүү саарыг дагуулж байна. Бэлчээрийн даац хэтэрсэн явдал нийслэлчүүд, цаашлаад эрх баригчдын хувьд улиг болсон үг шиг санагдах ч малчдын амьдрал, хөдөө аж ахуйн салбарт бодитоор заналхийлсээр удлаа.

Архангай, Булган, Төв, Сэлэнгэ, Дундговь аймагт бэлчээр үлэмж ихээр доройтон хамгийн их талхлагдсан. Аймаг хооронд байтугай, сум дамнасан эрүүл бэлчээрийн төлөөх маргаан үргэлжилсээр. Монгол Улс малаа тоолж эхэлсэн 1961 онтой харьцуулбал өдгөө бэлчээрийн талбай 20 хувиар багасжээ.

Үүнийг дагаад 100 га бэлчээр, хадлангийн талбайд ногдох малын тоо эрс өсөөд байгаа. 1961 онд 100 га бэлчээрт 32 мал ногдож байсан бол өдгөө 3.1 дахин нэмэгдэж 99 болжээ.

Дорнод, Өмнөговь, Дорноговиос бусад аймагт мал нэмж өсгөх бэлчээрийн боломж алга

Найман жилийн өмнөх судалгаанд нийт 25.2 сая га бэлчээр талхлагдан доройтсоноос есөн сая орчим га-г зайлшгүй малын хөлөөс чөлөөлөх шаардлагатай гэдгийг Газар зохион байгуулалт-геодези зураг зүйн газрын судлаачид анхааруулж байв.

Гэвч өнгөрсөн хугацаанд байдал дордсон уу гэхээс дээрдсэн зүйлгүй. Малын тоогоо өсгөөд л байвал малчны амьдрал, улсын эдийн засаг дээрдэнэ гэсэн хуучны ойлголт ул болсныг харуулах олон жишээг дурдаж болно. Наад зах нь бэлчээрийг өнжөөж, сэлгэхгүй байгаагаас ургамлын бүтэц доройтсон.

Үүнээс болж малын бие давжаарч эхэлснийг судлаачид хэлж байна. Нэгдлийн мал хувьд очиж, зах зээлийн эдийн засагт шилжсэн жилүүдэд мал сүргийн бүтцэд нэлээд өөрчлөлт ороод байна. 1961-1990 оны дунджаар бог мал, сүрэгт 78.1 хувийг эзэлдэг байсан бол 2017 онд 86.7 хувийг эзэлж байна. 1961 онтой харьцуулахад өнгөрсөн онд малын тоо 3.2 дахин нэмэгдсэний олонх нь бог мал байгаа юм.

Задалж харвал, ямаа 6.1, хонь 2.2, үхэр болон адуу 1.8- 1.9 дахин өссөн бол тэмээний тоо 1.4 дахин буурчээ. 1961 оны үед мал сүргийн бүтэц дөрвөн хонь, нэг ямаа гэсэн харьцаатай байв. Харин өдгөө хонь, ямааны тоо эн тэнцүү болжээ. Өнгөрсөн оны байдлаар манай улс 30.1 сая хонь, 27.3 сая ямаатай болсон. Хоёр жилийн дараа гэхэд ямааны тоо хонин сүргийг гүйцэж түрүүлэхээр байгаа юм

. Ямааны тоо толгой нэмэгдэх бэлчээрт ямар халгаатайг нурших нь илүүц биз.

• Монгол Улс малаа тоолж эхэлсэн 1961 онтой харьцуулбал өдгөө бэлчээрийн талбай 20 хувиар багасжээ.

• Зөв бодлого явуулж чадвал малын тоог 2020 он гэхэд 55 сая, 2030 онд гэхэд 50 саяд хүргэж бууруулах боломж бий.

• Нэг мэдэхэд л ноолуурын мөнгө өгдөг хэдэн ямаагаа ч тэжээх өвс, бэлчээрлүүлэх эрүүл газаргүй болсон байх вий.

1961-1990 оны дунджаар ямаан сүрэг нийт малын 19.5 хувийг эзэлдэг байсан бол 2017 онд 41.3 хувийг эзлэх болж, 21.8 пунктээр нэмэгджээ. Ноолуурын мөнгөөр өрхийн орлогоо ахиу болгох гэсэн малчдын “буянаар” ямаан сүрэг Сэлэнгэ аймагт 17.1 дахин, Хэнтийд 11.2 дахин, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай болон Дорнод аймагт 7.4-8.4 дахин өссөнийг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болно.

Бэлчээр нь хамгийн их доройтож, талхлагдаад буй Сэлэнгэ, Архангай аймгуудын мал сүүлийн жилүүдэд хамгийн их нэмэгдсэн. 1961-2017 оны хооронд Сэлэнгэ аймгийн нийт мал 4.9 дахин, Архангай, Хөвсгөл, Хэнтий аймгийн мал 4.2-4.5 дахин өссөн аж. Ер нь улсын тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймагт хөдөө аж ахуйн бодлого алдагдсанаас багагүй хүндрэл үүсээд байгаа.

Тариалангийн талбайгаа ч тэлж чадахгүй, мал аж ахуйгаа ч хөгжүүлж чадахгүй, газар нутгаа булаалдсан хачирхалтай дүр зурагтай болсон. 1960-1991 онд Сэлэнгэ аймгийн мал дунджаар 394.2 мянган толгой байв. Харин одоо 1.5 саяд хүрч, тариалангийн талбайг сэлгэх эрүүл хөрсийг мал эзэлж, талхлах болсныг нутгийн тариаланчид хэлдэг. Хөрсний үржил шимийг хамгийн их бардаг ямаан сүрэг 17.1 дахин өссөн гэхээр ямар хүнд нөхцөл үүссэн нь харагдана.

Малын тоо бэлчээрийн даацаас 30 орчим хувиар хэтэрлээ

Ийнхүү ямар ч бодлогогүй үржүүлж байгаа малыг хэрхэх вэ. Бэлчээр, тариалангийн бүс нутгаа хэрхэн зохистой хэмжээнд ашиглах вэ.

“Монголчууд хонин сүрэг дагасан сүргийн бүтцээр бэлчээрээ хамгаалдаг уламжлалтай байсан. Сүргийн бүтцэд эзлэх жингээрээ хонь илүү байгаа ч тун удахгүй ямааны эзлэх хэмжээ илүү болохоор байна. Хэдхэн жилийн дараа ямааны сүргийн бүтцэд эзлэх хувь 45, хониных 43 хувь болж, тэнцвэрт байдал алдагдах тооцоо гарсан. Уг нь малын тоо толгой 50 сая орчим байвал бэлчээр хэвийн, жил бүр нөхөн сэргээгдэнэ, талхлагдахгүй гэсэн тооцоо бий.

Хэрэв зөв бодлого явуулж чадвал 2020 он гэхэд 55 сая, 2030 онд гэхэд 50 саяд хүргэж бууруулах боломж байгаа” гэж ХААИС- ийн Статистик, математик загварчлалын тэнхимийн зөвлөх, академич Л.Нямбат өгүүлэв. Монгол орны бэлчээрийн даацад тохирох 50 сая орчим толгой малыг хонин толгойд шилжүүлбэл 86 сая болно. Өнгөрсөн оны байдлаар малын тоо хонин толгойд шилжүүлснээр 110.8 саяд хүрсэн нь байх ёстой хэмжээнээсээ 24.8 сая толгойгоор илүү гэсэн үг юм.

Одоогийн байдлаар зөвхөн Дорнод, Өмнөговь, Дорноговь гэсэн гурван аймагт л мал сүргээ нэмж өсгөх бэлчээрийн боломж байгаа аж. Нутаг, бэлчээртэй нь харьцуулж үзвэл тэмээнээс бусад төрлийн малын тоо толгойг цөөрүүлэхээс өөр аргагүй байна. Ялангуяа, ургамлын үндсийг ухаж иддэг ямааны тоог ойрын хоёр жилийн дотор зохистой хэмжээнд хүргэх шаардлагатай байгаа юм. Тиймээс ядаж хоёр хонь, нэг ямаа гэсэн харьцаагаар үржүүлэх хэрэгтэй аж.

Ямаагаа самнаж, ноолуураа зарах нь малчдын амьдралд багагүй нэмэр болж байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь өнөөдрийн тав, арван төгрөгийн төлөө бэлчээрийн жам ёсны тэнцвэрийг алдагдуулах шалтгаан болж таарахгүй. Нэг мэдэхэд л ноолуурын мөнгө өгдөг хэдэн ямаагаа ч тэжээх өвс, бэлчээрлүүлэх эрүүл газаргүй болсон байх вий.

Олон судлаач үүнээс сэргийлж тулд малын хөлийн татвартай болох, ямаанд ногдох татварыг хониноос 2-3 дахин өндөр тогтоох шаардлагатай гэсэн саналыг хэлдэг. Мөн дотоодын хүнсний хэрэгцээ, мах, махан бүтээгдэхүүний экспортоор бэлчээрээ сүйтгэж, зохистой хэмжээнээсээ хальсан мал сүргийн тоог зохицуулах боломж бий.

Хамгийн гол нь ойрын хоёр, гурван жилийн дотор арга хэмжээ авахгүй бол цаашид мал аж ахуйн салбар, сүргийн бүтцийг зохицуулахад улам хүндрэлтэй болно гэдгийг мэргэжилтнүүд хатуу анхааруулж байна.

Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ” сонин

By updown

5 thoughts on “Давжаарсан мал сүрэг ямаанд дарлуулах цаг иржээ”
  1. Цөлжилтийн гол буруутан нь ямаа шүүдээ. Төр ,ямааны тоо толгойд хязгаарлалт тавихгүй бол эх орон минь улаан шороо болж дууслаа.

  2. 1000t malchin gej aldarshuulsan AN namiin gai Enhsaihan gej hujaa 1996 ond mal emnelegiig tatan buulgaj 1998 ond huvichilj malaa eruuljuulj tsalin avdag maliin emch uvchin garahlaar ni tarilgiin hulsuur amidardag sestimd oruulsnii gaigaar uvchin gazar avsandaa

  3. Bi l lav goyo esgii mongol gutal haigaad olddoggui yum,yamaani suu mas unetei emii turuld ordog,bauuni oronuudad yamaani byaslagshig unetei zuil baihguidag,ene teneg mongolchuud,huurhii heden malaa talhalna ch geh shig yamar muuhai ug be?,ugui bailguidee

  4. Үүнээс гарах гарц нь татварын бодлого л байх ёстой. Албан хүчээр тоог хязгаарлаж болохгүй. Ер нь малчид улсад ямар ч татвар төлөхгүй байгаа нь буруу бодлого. Ноос, ноолуур, мах, сүү цагаан идээ гээд орлого их л олж байгаа.

Q-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн