Дорнод бүсийн плей-оффын нэгдүгээр шатны тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр өнгөрсөн улирлын дэд аварга Кливланд Кавалерс Индиана Песэрс багуудын цувралын тав дахь тоглолт явагдлаа. Индина Песэрс эхний хагаст давамгайлж 56-49 харьцаагаар тэргүүлсэн.
Харин гуравдугаар үед хангалтгүй тоглож 17 оноо авч 32-ыг алдав. Шийдвэрлэх дөрөвдүгээр үе 81-73 харьцаагаар Кливлэндийн тэргүүллээр эхэлсэн ба тоглолт дуусах эгзэгтэй мөчид 95-95 харьцаатай үргэлжилж байв. Тоглолт өндөрлөхөд гурван секунд дутуу байхад Леброн Жеймс холын зайн шидэлт амжилттай болгож Кливланд Кавалерс үндсэн цагт 98:95-аар ялалт байгуулсан юм.
Ингэснээр Кавалерс цуврал тоглолтыг 3-2 харьцаагаар тэргүүлж эхэллээ. Энэ өдөр Леброн Жеймс 44 оноо , 10 самбараас бөмбөг авалт, найман оновчтой дамжуулалт өгч тоглолтын шилдгээр нэрлэгдсэн байна.