Монгол Улсын хөгжлийн тулгуур болох өсвөр үе, оюутан залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, залуучуудын нийгмийн оролцоо, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, сөрөг зан үйл, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаа хэрхэн зөв боловсон өнгөрөөх тухай мэдлэгийг олгох зорилготой “ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ЭРҮҮЛ ДАДЛААС ЭХЛҮҮЛЦГЭЭЕ” сургалтыг өнөөдөр Их засаг “Чингис СООСЭ” Олон Улсын их сургууль дээр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс, СЭМҮТ, Эрдэнэ тав баг ТББ-тай хамтран зохион байгууллаа.
Тус сургалтад Ерөнхий боловсролын 42, 65, 107-р сургуулийн ахлах ангийн сурагчид, “Чингис Соосэ” Олон Улсын Харилцааны сургууль, “Их засаг” Олон улсын их сургууль, “Эдийн засгийн сургууль”, “Чингис Соосэ” Олон Улсын их сургуулийн дэргэдэх МСҮТ-ийн оюутнууд, нийт 1000 гаруй залуучууд хамрагдлаа.
Энэхүү үйл ажиллагааны үеэр “Хязгаар үгүй мөрөөд” сэдвээр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Эерэг хандлагыг эрүүл дадлаас эхлүүлцгээе” сэдвээр СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга”, Нийслэлийн иргэний дагаж мөрдөх 10 зөв дадал” сэдвээр “Эрдэнэ тав” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар нар мэдээлэл хийв.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Аливаа улс орны залуучууд гэгээн мөрөөдөлтэй, зөв зорилготой байж улс орон хөгждөг. Тиймээс манай газар нийслэлийн Иргэний дагаж мөрдөх зөв 10 дадлыг хэвшүүлэх, эерэг хандлага төлөвшүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгохоор ажиллаж байна. Эл аяны хүрээнд зохион байгуулах цуврал сургалтад нийслэлийн бүх дүүргийн иргэд, оюутан залуусыг өргөнөөр хамруулна. Зөв 10 дадлын тухайд, Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг иргэн, Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог иргэн, Бусдыг хүндэлдэг, талархлаа илэрхийлдэг иргэн, Ёс заншлаа дээдэлдэг, зөвөөр хэрэгжүүлдэг иргэн, Нийгмийн хэм хэмжээ, соёлд суралцсан иргэн, Санаачилгатай, оролцоотой иргэн, Эрүүл мэнд, эрүүл амьдралын хэвшилд анхаардаг хэрэгжүүлдэг иргэн, Бусдын төлөө сэтгэл гаргадаг иргэн, Ногоон орчин бүтээдэг иргэн, Цаг баримталдаг иргэн байх зорилтыг залуучуудтайгаа хамтран дэвшүүлсэн. “Эерэг хандлагыг эрүүл дадлаас эхлүүлцгээе” урианд нэгдэхийг залуучуудаасаа хүсье. хэмээлээ. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.