Нийтийн тээврийн бэлэн мөнгөний хайрцгийг хурааж эхэлсэн бөгөөд 2017 оны 4-р сарын 01-ээс эхлэн иргэд зөвхөн картаар үйлчлүүлдэг болно. Уг ажлын хүрээнд “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн зүгээс 20 мянган картыг амьжиргааны түвшин доогуур иргэдэд үнэгүй тараахаар болоод байгаа аж. Одоогийн байдлаар карт борлуулах цэг 449 байгаа бол тоог 31-ээр нэмэгдүүлж 480 болгохын зэрэгцээ эдгээр цэгүүд өглөө 06.00-аас эхлэн оройны 19.00 цагаас хойш ажиллаж, карт цэнэглэх бүрт хоёр хувийн урамшуулал авах аж.
Үүнээс гадна том хүн болон хүүхдэд зориулсан сарын хугацаатай хязгааргүй багцын картыг худалдаанд гаргаад байгаа бөгөөд том хүн 25 мянган төгрөг, хүүхэд 8 мянган төгрөгөөр картаа цэнэглэсэн тохиолдолд, сарын турш хязгааргүй зорчих юм байна. Энэхүү шинэ картыг “Хаан” банкны салбаруудад захиалан авах боломжтой аж. Мөн “Хаан” банкны карттай иргэд дансаа смарт карттайгаа холбосноор өөрийн дансаар төлбөрөө төлөх боломж бүрдэх гэнэ.
Бас нэг өөрчлөлт нь иргэд нийтийн тээвэрт гар утасныхаа “Сим” картыг уншуулж зорчихтой болжээ. Ингэхдээ гар утасныхаа “Сим” картыг “NFC” сим картаар сольж,зорчих төлбөрөө хийх боломжтой юм байна. Уг картыг “Юнител” -ийн үйлчилгээний салбарт борлуулж байгаа гэнэ. Энгийн смарт картыг иргэд “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн Хэрэглэгчийн төв, нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвийн “Драгон”, “Мишээл”, “Дүнжингарав” салбараас авах боломжтой бөгөөд 3600 төгрөгөөр худалдаалагдаж байсан картны үнийг 2000 төгрөг болгож, хямдруулжээ.
Анх нийтийн тээвэрт цахим карт нэвтрүүлэхдээ хотын экс удирдлагууд картаар үйлчлүүлэгч иргэдийн тоо 90 хувьд хүрвэл бэлэн мөнгөний хайрцгийг хураахаар төлөвлөж байжээ. Гэвч иргэдийн тоо энэ хувьд хүрээгүй бөгөөд нийтийн тээврийн орлого 30-40 хувиар буурсан байна. Тиймээс автобусанд зорчиж буй иргэдийг заавал картаар үйлчлүүлдэг болгох зорилтыг тавиад байгаа аж.
Олхонууд Бабу