Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт эдийн засгйин экспертүүдийн анхдугаар уулзалт энэ сарын 24-нд боллоо. Бээжин хотноо зохион байгуулагдсан тус уулзалтаар “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зарчим, арга замын талаар хэлэлцэв. Энэ үеэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талын механизм байгуулах асуудал болон нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдийн талаар гурван улс өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж, харилцан санал солилцжээ.
Дээрх хөтөлбөрт өнгөрсөн оны зургаадугаар сард Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон гурван улсын төрийн тэргүүн нарын гуравдугаар уулзалтын үеэр гарын үсэг зурсан билээ.
Уулзалтад манай улсаас Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, хятадын талаас Хөгжил шинэчлэлийн хорооны Баруун бүсийн газрын орлогч дарга Шяо Вэймин, оросын талаас Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Америкийн газрын орлогч дарга А.В.Зеленев нар зэрэг томоохон төлөөлөл оролцсон юм. Үүний үр дүнд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд цаашид авах арга хэмжээ болон хэлэлцэн тохиролцсон асуудлаар Протокол байгууллаа.