Монголчууд гэнэн итгэмтгий зантай бас аливаа зүйлээс огт хаширдаггүй улс. Хэн нэгэн хямд үнээр машин оруулж ирэх, гадаадад ажилд зуучлах, олон хүн элсүүлбэл өөрт нь өндөр цалин өгнө гэхэд хуйларч мөнгө төгрөгөө хуу хамж, орон сууц, машин, хашаа, байшингаа барьцаанд тавьж орхидог. Ингээд эцэс сүүлд нь хохирогч болчихдог.
Гэнэн ч юм шиг, эсвэл гэнэт баяжих гэсэн шуналаа барьж дийлдэггүй юм уу. Тэгээд болоогүй намайг ингэж залилчихлаа, тэгэж хэлээд хамаг юм аа алдчихлаа гэх гомдлосон сэтгэгдлүүд цахим сүлжээгээр нэг тархжээ.
Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэж буй гэмт хэргийг таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэргээс иргэд олон нийтийг урьдчилан сэргийлэх , ухуулга, мэдээлэл өгөх зорилготой “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэж буй залилах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга замууд” сэдэвт сургалт, зөвөлгөөн өнөөдөр боллоо.
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа санхүүгийн пирамид 18, бараатай пирамид 15, өнгөлөн далдлагдсан шууд худалдааны компани 15, шууд худалдааны компани 3 байна. Гэтэл хуулиараа энэ бүхнийг бүгдийг нь хориглочихсон байна. Гэсэн ч энэ үйл ажиллагаа зах зээл явагдаж, залилан луйвар нь улам гүнзгийрч байна.
Хамгийн сүүлийн жишээг татвал Stanford олон улсын хөрөнгө оруулалт, та нэг жилд 1200 хувийн ноогдол ашиг авна, та 10 мянган долларын хөрөнгө оруулалт оруулчихвал долоо хоног бүр 650 долларын ашиг авна гэх сурталчилгаа явж байна. 2009 онд бас нэг аж ахуй нэгж Зэс эрдэнийн хувь тарааж 24500 хохирогчтой хуурамч хувьцаа тараасан луйврыг Санхүүгийн зохицуулах хороо шалгаж байгаа юм байна.
Б.Болор