Төв талбайн зүүн талын авто замын голоор сурамгай гэгч сүлжин, сүнгэнэх дугуйтай хүүг нэгэн жолооч нүд ирмэхийн зуурт замаас гаргаад “чулуудчихлаа”. “Яав ийв” гэж хүмүүсээс сураглахад дугуй, машин хоёр замаа булаалдсанаас ийм осол гарсныг хэлэв.
Биднийг замын түгжрэлээс мултрах хүртэл хөөрхий хүү ямар ч хөдөлгөөнгүй хэвтсэн хэвээр, ойр хавьд нь таних, танихгүй олон хүн шавлаа. Ийм нэг харамсалтай, эмгэнэлтэй явдал хэдхэн хоногийн өмнө болсон юм. Метрополис гэх тодотголоор үе үе гангарчихдаг нийслэлд минь дугуйн зориулалтын зам хангалттай байсан бол хүү ийн осолдох болов уу.
Ийм их эрсдэл үүрэн, жолооч нартай зам булаалдан “зодолдох” байсан уу. Цементэн дээр удтал хөдөлгөөнгүй хэвтсэн түүний дүр зураг хэдэн өдөр нүдэнд харагдаж, сэтгэл эмзэглүүлсэн. Үүнтэй төстэй хэрэг дахин гарах вий гэх айдас, харууслаас үүдэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт дугуйгаар зорчих орон зайг нэмэгдүүлнэ”, “Дугуйн зам барих дэд хөтөлбөр, төсөл хэрэгжүүлнэ” хэмээн өнгөрсөн жил том дуугарч, даналзсан нийслэлийнхний ажил хэр урагштай буй, энэ онд тэд дугуйн хэчнээн км зам тавих зэрэгт чих тавив.
Нийслэлийн ЗДТГ, Монголын залуучуудын холбоотой хамтран 2013 оноос “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл хэрэгжүүлсэн. Гурван жилийн хугацаанд 186.7 км зам тавихаар төлөвлөсөн тэд Бэлх, Дүнжингарав, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг есөн газарт 45.9 км зам тавиад ажлаа дуусгажээ. Дугуйчдад зориулсан тусгай зам нийслэлд үүнээс өөр үгүй.
Эдийн засаг, эрүүл мэндэд тустайгаараа ямар ч тээврийн хэрэгслийг дагуулдаггүй ийм “машин”-ыг байнга, идэвхтэй унагчдын тоо (30 мянга бий)-той харьцуулахад энэ дэндүү чамлалттай үзүүлэлт. Тэгээд ч энд тэнд хэсэг бусаг тавьсан, зарим газартаа зам гэж хэлэхэд бэрх болсон ийм бүтээн байгуулалтаар замын хөдөлгөөнд оролцоно, зорчино гэдэг үлгэр.
Тиймээс дугуйн зам шинээр барих, байгааг нь тордож, өргөтгөх нь нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудын нэг болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх нь гарцаагүй. Харин нийслэлийн Засаг дарга энэ зовлонг олж харсан уу, эсвэл иргэдээс “коко” үнэлгээ авах гэсэн үү, “Дугуйтай Улаанбаатар” дэд хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо өнгөрсөн оны хавар сүртэй гэгч мэдэгдсэн билээ.
Ингээд Сэлбэ гол, хотын төвийн хэсэгт олон улсын стандартад нийцсэн дугуйн зам тавина гээд өнгөрсөн есдүгээр сард тендер зарласан байдаг. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн ахлах архитектор Д.Хан-Уултай тухайн үед уулзахад “Бид ирэх жил гол дагуух газруудад дугуйн зам тавьж, аялал жуулчлалын бүс болгохоор зорьж буй” гэж ярьсан юм даг. Үүнээс хойш жил болов. Тэд чухам юу хийсэн нь тодорхойгүй. Дугуйн зориулалтын зам нэг км ч нэмэгдсэнгүй, бахь байдгаараа.
Дугуйчид эрхээ хязгаарлуулсан хэвээр. Тэд захаасаа осолдож, бэртэн, амиа алдсаар. Харин зам тавих ажилтай холбоотой бүтэлгүй зүйлс ойрын өдрүүдэд дуулдах боллоо. Нийслэлээс өнгөрсөн намар зарласан тендерт ялж, “Дугуйн зам” төсөл хэрэгжүүлэх болсон ОДНД компани Чулуун овооны тойргоос “Нарантуул”-ын уулзвар хүртэл дугуйн зам тавих эхний даалгавраа гүйцэтгэхдээ л нийслэлчүүдийг доромжилж, нүглийн нүдийг гурилаар хуурсан ажил хийжээ.
Уг нь дугуйн зам гэдэг тодорхой стандарттай. Тэр ч бүү хэл, явган хүний замтай зэрэгцүүлэн тавибал өргөн нь төд байна гээд хүртэл тодорхой заасан байдаг гэнэ. Гэтэл тус компанийнхан явган хүний замаас хумслаад, өөр өнгөөр будчихсаныг олон нийтийн сүлжээнд ихэд шүүмжилж буй. Энэ ажилд 427 сая төгрөг төсөвлөсөн гэх мэдээлэл бий. Дугуйн зам тавих ажил манайд ингэж л өрнөж байна. Үнэхээр өрөвдөлтэй.
Цахим орчинд хэд хоног шуугисан энэ явдлын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтэн “Явган зорчигчийн замыг талыг нь дугуйнх болгож будах ажлыг өнгөрсөн намар хийсэн. Тухайн үед гэнэт хүйтэрсэн учраас ажлаа түр хойшлуулсан юм билээ. Хүмүүсийн хэлж буй шиг 1.2 тэрбум төгрөг үүнд зарцуулаагүй. 427 сая төгрөгөөр гүйцэтгүүлсэн” хэмээн тайлбар тавьж сууна.
Өнгөрсөн намар, энэ хаврын аль нь ч байсан яагаад ийм хуумгай, чанаргүй ажил хийж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулах ёстой гэж. 427 сая гэдэг тийм ч бага мөнгө биш шүү дээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр энэ жил нийслэлд дөрвөн чиглэлд дугуйн 15 км зам тавихаар төлөвлөжээ. Тодруулбал, Бага тойруу дотор, Нарны замын урд талаар, X хорооллын уулзвараас Баянзүрх дүүргийн Арслантай гүүр хүртэлх хэсэгт ийм бүтээн байгуулалт хийх аж. Өнөөх шуугиан дэгдээгээд буй Чулуун овооны тойргоос “Нарантуул” хүртэлх замын ажил ч үргэлжлэх сурагтай. Эдгээрт 500 сая төгрөг төсөвлөжээ.
Туул, Сэлбэ, Тэрэлж гол дагуу 187.4, хотын төв хэсэгт 162.7, нийт 350.1 км зам “Дугуйн зам” төслийн хүрээнд тавихаар төсөл боловсруулсан гэж нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дугуйн замын төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ц.Түмэнтолгой саяхан хэвлэлд ярьжээ. Хэрэв тэд хэлсэндээ хүрвэл дугуйн зам энэ онд 15, ирэх жилүүдэд 350 км-ээр уртсах нь. Үгүй бол төлөвлөгөөндөө хүрэлгүй, замын талаас буцсан төслийн тоог “Дугуйн зам” нэгээр нэмэх нь. Бас нэг сонин мэдээ байна.
Дугуйн зам нийслэлд хангалттай биш атал нийслэлийн ЗДТГ түрээсийн дугуйн үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж буйг бид өнгөрсөн оны хавар шүүмжлэн бичиж байв. Гэтэл түрээсийн дугуйн “Ubike” төсөл “Дугуйн зам”-аасаа түрүүлээд хөдөлчихлөө.
Эл төслийн сонгон шалгаруулалтад “Никель Ганбаа”, “Петровис” ХХК, “Хас” банкны хамтарсан консорциум шалгарч, нийслэлчүүдийг дугуйгаар хангах ажлыг 2033 он хүртэл хариуцах болсныг хотын мээр өчигдөр зарлав. Тэд төслийг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд 2018-2020 онд 150 зогсоолтой 2000 дугуй, 2021-2026 онд 250 зогсоолтой цахилгаан 2500 дугуй, 2027-2033 онд цахилгаан 5000 дугуй нийлүүлэхээр төлөвлөжээ.
Энэ уг нь сайхан санаачилга. Дэлхийн бусад орны жишгээр дугуйн зогсоол, түрээсийн болон засвар, үйлчилгээний цэг байгуулж, тэмдэг, тэмдэглэгээ тавих зүйтэй ч хамгийн чухал нь зам юм. Зам үгүй бол хэчнээн үнэтэй, сайхан дугуй байгаад нэмэргүй. Энэ зүйгээр бол бид эхлээд замын асуудлаа шийдэх ёстой.
Гэтэл манайхан эсрэгээрээ дугуйндаа л анхаарсаар байна. Унадаг дугуй идэвхтэй унадаг хүний тоо жилээс жилд өсөж буйг мэргэжлийнхэн хэлдэг. Үүнээс гадна дугуйт тэшүүр (роллик), дугуйт тавцан (скүүтэр, скэйт) унагч ч олон болжээ. Замын ачааллыг хөнгөлж, эрүүл амьдралын хэв маягийг сонгож буй тэдэнд зориулж дэлхийн орнууд тусгай зам, талбай байгуулахад хүртэл гойд анхаардаг байна.
Гэтэл бид ад шоо үзсээр. БНХАУ-ын дарга Си Зиньпиний нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан дөрвөн гол ажлын нэгд унадаг дугуйн зам, түрээсийн үйлчилгээ ордог юм билээ. Гэхдээ тэд замыг нь унадаг дугуйнаас түрүүнд тавьсан шүү дээ.
Эх сурвалж:
8 comments
hogiin mongol
замын мөнгийг батүүл хүүтэйгээ шаачихсан шүү дээ.
Өнгөрсөн зун хөлөө гэмтээчихээд дугуй унаж чадаагүй. Энэ хавар дугуйгаа гаргаж унасан чинь явахад бэхтэй болжээ. Уг нь 2016 он хүтрэл жил жилд л дээрдэж байсан юмсан.
Иргэдээ машин биш дугуй унуулах гээд байгаа нь сайшаалтай ч замгүй газар яаж явах болж байна даа. Явган хүний замнуудаа сайжруулж, замжуулаач ээ. Дугуй чинь энэ бүгдийн дараагийн асуудал биш үү?
дугуй унах уг нь боломжийн 1-т алхахаас хурдан 2-т эрүүл мэнд. тэгтэл дугуй унах нь маш аюултай нэг бол үхчих гээд эсвэл хүн дайрчих гээд. тэгээд дугуйгаа зарсан даа. зам, зам бас дахин зам… хэрэгтэй бна шүү
huugee dugui unah gheer ni uheh gee yu geed unuulahgyi bgaashdee
huugee dugui unah gheer ni uheh gee yu geed unuulahgyi bgaashdee
dugui zam bhgyi uchraas osoltoi
явгн зам дэр сйн харвл нариихн будсн байга тэр чн нөгө домгт дугуйн там шүдэ.2-3 жийгээд л өвдгөр ттсан бродур гээч таарна тэрчн авто зм.тэнд чамд зай бхгүйэ найдвартй ослтой.сургуулийн орчнд л зай магд.ер н УБд дугуй унх орчин бхгүйдэ. никл ганба мэртй уулзаюуда.мэр авч болхгүй, хаяж бас болхгүй үлгр шгл юм яриа бхда.ганбаад шарк тусалчхсн байдг-зам бхгүй орчн бүрдээгүй бхд баахн дугй хийждэ.