Санжаажав аграмбын лагшин шүтээнийг анхны байранд нь буцааж залахад зориулсан хэвлэлийн хурал дээр хэлсэн үг
XX, XXI зууныг дамнан амьдарч байгаа байгаль шинжээчид, нийгэм судлаачдын хувьд нэгэн онцгой сонин үзэгдэл, шинэ асуудал гарч ирлээ. Урьд өмнө нь ийм үзэгдэл ч байгаагүй, ийм асуудал ч байгаагүй билээ. Огт байгааг хэмээн баттай хэлж яаж чадаж байна вэ? гэж гайхаж болох юм.
“Дэлхийн түүхийн философи (нэн ЭРТНЭЭС ХХI ЗУУНЫ эхэн)” гэсэн номыг бичих гэж бэлтгэж байхдаа миний бие дэлхий дахины төрийн, иргэний, шашны түүхтэй холбоотой олон ном, өгүүлэл, бусад материалтай танилцсан болно. Дараа нь “Монголын түүхийн философи (нэн ЭРТНЭЭС XXI ЗУУНЫ эхэн)” гэсэн номыг бичих явцдаа бас л цөөнгүй ном, бүтээг баримттай танилцлаа. Үүний дараагаар “Байгалийн хувьсгалын философи” гэсэн ном бичлээ. Энэ номонд амьгүй байгаль ба амьд байгалийн түүх тодорхой аргачлалын тусламжтайгаар товчлогдоод дурьдагдаж байгаа юм. Хожуу нь “Нийгмийн философи” гэсэн ном мөн бичсэн болно. Энэ номонд уламжлалт нийгмүүд, шинэчлэгдсэн нийгмүүдийн тухай олон асуудалтай танилцаж, бусад судлаачдын үзэл, онолыг нягталж, үнэлгээ, дүгнэлт өгсөн юм. Дээрх номуудыг бичих явцад манай лам, оточ нарын лагшин шүтээнтэй төсөөтэй тэдгээртэй адилтгаж болох ямар нэгэн баримт тааралдаж байсангүй. гэхдээ төсөөтэй үзэгдэл байгаа юу гэхлээр байгаа Хүний араг яг, занданшуулсан цогцос дэлхийн хэмжээнд авч үзэх аваас их олон бий. Хүний чулуужсан яс ч бий.
Дунд зэргийн ачааны машины тэвш дүүрэхээр хэмжээтэй хүний чулуужсан яс бас байгаа. Хэдэн арваар тоологдох занданшуулсан гэгдэх цогцос, шарил ч мөн бий. Гэхдээ л Итгэл Хамбын лагшин шүтээн, Чүлтэмжамц цоржийн лагшин шүтээн, Санжаажав аграмбын лагшин шүтээнтэй адилтгах зүйл тэр бүхний дунд ер байхгүй. Яг ижилхэн, адилхан лагшин яагаад байхгүй вэ гэхлээр, Нэгдүгээрт, мөнхүү гурваан лагшиныг ямар нэгэн эм, бэлдмэл, бодис хэрэглэж хатаагаагүй, задалж дотор эрхтэн, уураг тархийг нь аваагүй байна. Тийм атал газар, доор оршуулаад 80-100 жил болсны дараа тэдгээр лагшин яг л амьд мэт анхны янзаараа үлдэж хоцорсон байлаа.
Давс, давирхай, барагшун мэтийг хэрэглээд хатаасан цогцосноос өөр. Намагт живж хүчилтөрөгч үгүй орчинд сайтар хадгалагдсан, мөн уурхайн гүнд дарагдаж хатуурсан, тэрчлэн мөнх цэвдэг дотор орж, хөлдсөн, их элсэн цөлд хатаж хадгалагдсан гэх мэтийн бүх тохиолдлоос дээрх гурван лагшин шүтээн огт өөр, шал ондоо юм.
Гурван лагшин шүтээн гурвуулаа монгол хүн, тэр тусмаа энэ үед амьдарч байсан, бие биенээ, мэддэг, бүгд шашны томчууд, оточ маарамба нар, номч мэргэн хамба гэвш нар байгаа нь бүр ч гайхалтай ажээ. Энэ гурван хүн биесээ мэддэг, тэгэхээр өөрсдийгөө ийм төлөв байдалд үлдээсэн нь адилхан зорилгоор, ижилхэн арга, хэрэгжүүлсэн байж болох талтай байна. Одоо гэхэд энэ үзэгдэл, энэ асуудал үндсэндээ монголчуудын гэхээр асуудал болчихлоо. Монгол хүний гурван бодитой, биетэй байж буй лагшин шүтээнд “сүсэгтэй олон түмэн бүр XIX зууны үеэс мөргөж, залбирч, зовлон жаргалаа, зам мөрөө даатгаж ирсэн байна. Дурьдсан гурван лагшин шүтээнийг үнэхээр онцгой үзэгдэл гайхамшигтай зүйл гэдгийг өнөөдөр дэлхий нийт хүлээн зөвшөөрөөд байгааг хэлэх хэрэггэй.
Шинжлэх олон салбарын эрдэмтэд, судлаачид оролцсон хэд хэдэн комисс Итгэл Хамбын лагшинг судалж шинжилжээ. Биологийн шинжлэх ухааны олон салбарын үүднээс хийсэн шинжилгээний эцсийн дүн гарчээ. “Энэ лагшин шүтээнийн биеийн дулаан тасалааны температуртай ойролцоо байна Уураг тархи нь сулавтар байдлаар ажиллаж байна. Ямар нэгэн сувгаар орчноосоо энерги авч бодисын солилцоогоо тэтгэж байна.
Явагдаж буй шашны зан үйлийг хамбын бие мэдэрч, сэрж байна. Цөмийн шинжилгээ хийж үзэхэд хамбын биенд бактери, вирус алга. Орчноосоо энерги, мэдээлэл авсаар лагшин шүтээн амьдлаг оршлоо үргэлжлүүлж чадаж байна” гэж судлаач эрдэмтэд үзжээ. Тусгайлан томилогдсон комиссын бүрэлдэхүүнд биологи, геологи, хүн судлал,генетик, физик, нийгэм судлалын доктор, профессорууд оролцжээ. Шүүх магадлангийн нэртэй, туршлагтай эмч нар мөн байлцжээ. Судалгааны дүнг хэлэлцэх зорилгоор эрдэм шинжэлгээ хурлууд зохиож оролцогчид нь итглэл тавьж, үг хэлж, маргаан, хэлэлцүүлэг явуулжээ. Илтгэл тавьсан, үг хэлсэн хүмүүс “Итгэл хамбын лагшин шүтээн гэх үзэгдэл бол үнэхээр сонин, урд өмнө байгаагүй, өвөрмэц, онцгой үзэгдэл, асуудал юм.
Сүсэгтэн олон түмэн энэнийг ямар нэгэн ид шид, онцгой увидсын хүч гэж үзэх нь аргагүй байна. Байгалийн холбогдох шинжлэх ухаанууд мөнхүү үзэгдлийг нэгэн утгатайгаар ноттой тайлбарлах хэмжээнд биш байна” гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Монгол улсад байгаа нөгөө хоёр лагшин шүтээний хувьд тэдгээрийг Итгэл хамбынхтай адилаар нарийвчлан судалж завдаагүй байна. Нэгийг нь Улаанбаатарт авч ирээд нилээд судалсан. Итгэлт хамбынхтай адилавтар болох нь тогтоогджээ. Учир нь цоржийн бие бүрэн бүтэн байгаа. Уураг тархи, дотор эрхтэн нь төдийлөн их өөрчлөгдөөгүй. Бие нь зөөлхөн хэвээрээ. Мөнхүү хоёр лагшин шутээн л тэдгээрийг мэдэх монголчууд, Архангайчууд, Цахир сумынхан XIX зуунаас эхлэн сүсэглэж, жаргал, зовлонгоо даатгаж, ивээл өршөөл эрж, өргөл өргөж тахиж иржээ. Сүсэглэдэг хүмүүсийн тоо сүүлийн үед бүр ч олон болжээ.
Олон түмэн сүсэглэж мөргөсөөр байгаа, өөрийн эрхгүй сүсэг бишрэл төрүүлдэг лагшин шүтээнүүд бодитой байгаа, биетэй байгаа болохоор мөнхүү хоёр шүтээнийг арай илүү их боловсронгуй байр, оршнолд шилжүүлэн байрлуулж, очих замыг засаж, дүүжин зам тавьж, хүрэлцэн ирсэн сүсэгтэн олон, жуулчид, судлаачид, эргэл мөргөлчдөд зориулсан үзмэр болгон тавьж ашиглуулж байх нь зүйтэй юм. Энэ нь алсдаа аялал, жуулчлал, эргэл мөргөлийн нэг томоохон газар болох ёстой. Бурханы шашинтай бүх улс орноос, Орос, Хятад, Солонгос, Япон, Энэтхэг, Төвд гээд олон орноос эргэл мөргөгчид цувах болно. Ингээд бодохлоор “Увдисын орон” цогцолборыг бүтээн байгуулах төсөл бол их том төсөл, мөн юм. Энэ төслийг хэрэгжүүлэх үйлсэд иргэн бүр, сүсэгтнүүд, Архангай, Завхан, Өвөрхангайн аж ахуйн нэгжүүд, пүүс компаниудын эзэд, захирлууд хандив өргөж өргөнөөр оролцох нь их буянтай, алсыг харсан, Монголоо бодсон ариун үйлс болох учиртай байна. “Увдист орон” цогцолбор буй болсноор лагшин шүтээнүүдийг сонирхсон бүх шинжээчид орон орноос хүрэлцэн ирж тав тухтай нөхцөлд судалгаа хийх боломж нээгдэх болно. Хүмүүний мөнхөрхүйн үйлсэд монголчуудын оруулах ирээдүйн их хувь нэмрийн суурь, дэвсгэр чухамхүү тэнд тавигдаж, бусад орны судлаачидтай хамтран ажиллах, амжилтанд хүрэх сайн үйлс тэндээс эхэлж ч болох юм.
Хоёр лагшин шүтээний нэгийг нь хүмүүс Улаанбаатарт авч ирээд огт өөр орчин, нөхцөлд хадгалж, өөрт нь хор хөнөөл учруулж болохоор зохисгүй хандсан нь харамсалтай хэрэг боллоо. Харин тойн эрдэнэ Чүлтэмжамцын лагшин шүтээн бол анх хаана, ямар орчинд байсанд тэр хэвэндээ, тэр байдлаараа Хос Оршинолд залагдсан нь цагаа олсон, сайн хэрэг болжээ. Харин Итгэл Хамбын тухайд бол шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэдээс бүрдсэн комисс удаа дараа томилогдоод, комисс нэг бүр өөр өөрийн аргаас өөр өрийн өнцгөөс, хамгийн орчин үеийн багаж, оновчтой технологи ашиглаж хийсэн дугнэлтүүдэд итгэхээс өөр аргагүй билээ. Тойн эрдэнэ Чүлтэмжамц, Санжаажав аграмба, Итгэл хамба, Сэнгээ ринбүчи нар бол бурханы шашны шүхэр, далбаан доор оршиж байсан шинжлэх ухааны олон салбар, мэдлэгийн олон төрөл, зүйлийн оргил оройд нь гарч чадсан хүмүүс юм. Тэгээд зогсохгүй одоо, XXI зууны 20-иод оны үеийн судлаачид, эрдэмтэдийн таньж завдаагүй зүйлүүдийг тэр цагтаа тэд нээж олоод өөрсдийн биен дээр туршиж чадаад биесээ лагшин шүтээн болгож үлдээгээд явцгаасан нь үнэхээр гайхамшиг мөн болно. Ухаантан мэргэд, ариун үйлстэн, гэгээрсэн хүмүүсээ дурсдаг, тэдгээрт гүн хүндэтгэл үзүүлдэг нь ер хүмүүний ёс билээ.
Өнөөгийн бид ч гэсэн яг л ийм ёсзүйн үүднээс, тэгэхдээ шинжлэх улааны байр, сууринаас номч мэргэн лам нартаа хандах учиртай. Манай шашны түүхэнд олон олон сонин баримт тэмдэглэгдэн үлджээ. Жишээ нь манай баруун аймгуудад XX зууны дундуур яригддаж байсан нэгэн домог бол Самдан гэвшийн тухай дурсамж юм. Тэрээр бурханы сургаалыг насан туршдаа судалж оргил оройд нь хүрч чадсан нэгэн байв гэнэ. Бурханы шашин, суртал хормой, хаяаанаасаа эхлэн шатлан гүнзгийрсээр, дээш дээшээ оройдоо хүрэх цагтаа нууц тарни, ид увдис, бясалгахуйн дасгалуудтай холбогддог. Тэр бүхнийг сурч эзэмшсэн хүн сэтгэл бодлоороо эд эс, булчин, шөрмөсөө, бүр орчныхоо эд юмсыг ч залах, жолоодох бурханлаг чадавхыг олдог ажээ. Өндөр насалж, эрдмийн оройд гарсан гэвш нар тэрхүү ид увдисаа жанч халах цагтаа гэр дүүрэн шавь нартаа биеэрээ үлгэрлэн үзүүлж, гэрчлэн, нотлон харуулаад өөд ёс жаягтай, зан үйлтэй байжээ. Самдын гэвш бээр жанч халах өдөр, цагаа урьдчилан зарлаад товлосон цагтаа нөхөд шавь нараа цуглуулж “Хорвоогийн бүх амьтан хэвтэж үхдэг бол Самдан гэвш би зогсоогоороо үхнэ” гэж төвдөөр хэлээд зогссон янзаараа амьсгал хураажээ.
Нөхөд, шавь нар балмагдаж удтал сууцгаасаар, харин гэвштэн зогссоор л байжээ. Тэр үед нь биеэрээ байлцаж, нүдээр харж, чихээрээ сонссон гэх хөгшин лам нараас хожуу сонсож мэдсэн гэх XX зууны дундуур Ховдын Манхан, Зэрэг, Алтай, сумдаар энэ тухай шагшин ярьцгаадаг байв. Үе тэнгийн насны хамба, нар, гэвш нарын дунд хааяа хааяа “Миний үхэх үед намайг хэн болохыг чи үзнээ гайгүй!, гэх буюу эсвээс чиний хэр мундгийг үхэх үе чинь би үзэх байлгүй” гэх яриа нэлээд ширүүссэн маргаан, мэтгэлцээний үед гардаг байжээ. Ид увдисыг олсон томчууд жанч халахын цагтаа хэн байсныгаа илтэд харуулж сүр хучийг үзүүлэх, түмний нүдийг бүлтийлгэж зуун жилд ч эс замхрах дуулиан тарих нь ховор үзэгдэл биш байсан бололтой. Үүгээрээ нэг ёсондоо өрсөлддөг, уралддаг нэрээ тод үлдээдэг, мөнхөд дуурсах дуулиан дэгдээхийг хүсдэг байсан ч байж болох юм…
Мөнх байх, мөнхөд орших хүсэл бол нэн эртнийх билээ. Тэгэхлээр энэ гурван лагшин шүтээн нь мөргөхийг эрмэлзсэн хүсэл, үзэл санааны нэгэн тод илрэл, тэр зүгрүү хийсэн нэгэн ” алхам ч байж магадгүй. “Бид ийм хэмжээ, түвшинд хүрч ” гэгээрээд цаг дууссаны учир биесээ ийм байдлаар орхиод явцгаалаа. Залгамж үе минь энэний учрыг тайлаарай!, дараачийн алхмыг хийгээрэй! хэмээн бидэнд гэрээслэсэн байж ч болох талтай. Бүхэл бүтэн гурав, дөрвөн зууны туршид Монголын ард түмний оюун санааны амьдралд томоохон байр, суурь эзэлж Монгол хүний үйл хөдлөлийг залж жолоодож байсан бурханы шашны лам хуваргууд бол монголын оюунлаг хүмүүс сэхээтнүүдийн нэгэн чухал давхраа мөн билээ. Тэдний дунд том эрдэмтэд, алдартай, нэрд гарсан оточ, маарамба байжээ. Ганц нэр дурдахад Тариатын хүрээнд тодорсон оточ Лүнрэгдандар тухайн цагтаа хол ойрдоо цуутай нэгэн байв.
Номч мэргэн лам нарынхаа бидэнд үлдээсэн их өвийг зуун зуунаар нь бүртгэх, олж цуглуулах, эдүгээ цагийн хүмүүст ойлгогдох хэл, нэр томъёо, найруулгаар орчуулах, хувилж тараах явдал чухал байна. Нэр цуутай эрдэмтэн лам нар маань төвд хэл дээр төвд бичгээр ном бүтээлээ туурвида мөн бүгд төвд нэртэй байсан нь Монгол хүний бүтээсэн бүхнийг төвдүүд бүтээсэн мэт төөрөгдлийг үүдсээр иржээ. Монголчууд бол нэн эртнээс нааш анагаахуйн ухааны хур их өв уламжлалтай ард түмэн билээ. Нэн эртнээс эхлэн олон төрөл, зүйл араатан, адгуус, шувуудыг агнаж, гаршуулж, аш, шимийг нь авч, үржүүлж, гэршүүлж ирсэн нь амьтны анатоми физиологи, үржил селекци, өвчин, эмгэгийн талаар ихээхэн мэдлэгтэй болоход нь тусалжээ. Хүннү улс Хүннүгийн эзэнт гүрний үед гэхэд л цэрэг эрсийн шарх, агт морьдын гэмтэл бэртлийг эмчилж, эм тан бэлдэж, мэс ажилбар хийж байжээ.
Их Хүннү гүрний дараах Сүмбэ гүрэн, Их Нирун улс, Кида- улс, Их Монгол улс, Чингисийн их эзэнт гүрэнд цэрэг эрсийг эмчилдэг оточ нар, агт морьдыг эмчилдэг хүмүүс мянгат, түмт нэг бүрд байжээ. Тэдний хэрэглэж байсан багаж зэмсэг, эм бэлдмэл, эмчлэх сувилах арга, барилын талаарх мэдээ түүхий сурвалжуудад гэрч болон үлджээ. Археологийн олдворууд дунд анагаахуйн холбогдолтой ховор нандин зүйлс ч цөөнгүй бий. Харин бурханы шашин Монголд баруун зүүнгүй, хойно өмнөгүй дэлгэрч урд нь гэрийн сургалтаар бэлтгэгдэж ирсэн оточ нарыг сүм хийдүүдийн дэргэд бэлтгэдэг болсноос эхлэн сургалт төвд хэл дээр явагдаж Монголчуудын анагаахуйн их сантай хольцолдож Дорно дахины гэхээр өнгө зүс, нэр хаягийг олж чанагшлан хөгжих болжээ. Наад зах нь 4000 жилийн хур их уламжлал бүхий Монгол анагаахуйн өв сан тухайн түүхэн цаг үедээ дангаар ноёрхох болсон бурханы шашны шүхэр, далбаан доор ийнхүү орж уламжлалт -шинжүүдийнхээ заримыг гээж, ихэд саармагжиж, сургалт нь Төвд хэл дээр явагдах болсноос шалтгаалан нэр томъёо нь хүртэл төвдөчлөгджээ. Иймэрдүү хувьсал өөрчлөлтийн урт замыг туулахдаа үндэсний сэхээтнүүд, оточ маарамба нарынхаа ном, бүтээлүүдийг ч эзэнгүйдүүлж, олон үнэт зүйлсээ алдаж хохирчээ.
Одоо бид 300 жил орчмын алдаа, цалгардлаа засах, залруулах хэрэгтэй байна. Номч мэргэн лам нар, оюунлаг хүмүүсийнхээ өнгөрсөн 300 гаруй жилийн дотор туурвисан бүтээлүүдийн бичигдсээр ирсэн түүхийг таних, судлах, нэг бүрийг хөрвүүлэх, улмаар их, дээд сургуулийн сургалтанд ашиглах шаардлагтай байна. Ингэснээр бид бүхэн гээснээ буцаж олох, мартсанаа эргэж санах, үнэт чалаа сэргээх, цаашид үргэлжлүүлэн өвлүүлэх боломжтой болох билээ. Манай нийгэм судлаачид, байгаль шинжээчид, лам хуврагууд өөр өөрсдийн аймаг, хошуунд урьд өмнө нь тодорч алдаршсан эрдэмт хүмүүсийнхээ төвд төвд үсгээр бичсэн, мөн уйгаржин хийгээд тод Монголоор бичсэн, бас дөрвөлжин болон соёмбо үсгээр тэрчлэн хад чулуун дээр бичсэн бүхий л ном, бүтээл, нэг бүрийг олж цуглуулах, сурвалжлан тодруулах, бүртгэх, түүнээрээ музей байгуулах хэрэгтэй байна. Ингэх нь өнөөгийн Монголчуудын оюун санааны амьдралд ч хэрэгтэй, цаашиилбал Монголын эдийн засгийн амьдралд хэрэгтэй, эртний баялаг түүхтэй гэгддэг Монгол орны оюунлаг сэхээтнүүдийн бүтээж буй болгосон биетэй болон далай их соёлтой танилцах боломжийг дэлхий нийтэд олгоно гэдэг маш чухал зүйл юм. Хот, хөдөө ажиллаж байгаа эрдэм шинжилгээний байгууллагууд, манай ШУА, хувиараа судалгаа хийдэг хүмүүс, мөн манай оюунлаг бизнесменүүд энэ хэрэгт оролцох ёстой. Ном, бүтээлүүдийг олох, орчуулах судлах, олшруулах, хот хөдөөд тараахад туслаж, хувь хандиваа нэмэрлэх хэрэгтэй. Ингэж тал бүрээс нь оролцож байж л бид мартагдсан, гээсэн бүхнээ сэргээж, бас дэлхий нийтэд нээлттэй болгож чадна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
6 comments
buzariin muhar suse
Хэхэ. Хүүрнүүдийн музей байгуулах гээд байгаамуу? Монголчууд энэ мухар сүсгээсээ хэзээ салнаа? Мартсанаас нөгөө алган цөгцөө олсон уу? Ромбу гаригийнхан таг л байна уу?
ene xvmvvs burxanii xutgiig olson xutagtuud yum gedgiig bid biees ni xarj bna. Xarin chinii bieiig ot bolon shavij xoollod shoroo boloxiig xen ch tooj xaraxgvi. nom unsh MAL mini
Хатаасан хүүрэнд ингэж мухар сүсэг, харанхуй ухаанаар хандах гэж. Арай л мунхарч тэнэгрч байна Монголчууд.Шинжлэх ухаанчаар судлаач. Түүх археологи, антропологи гээд салбар байдагсан.Арай л бүдүүлэг мунхаг байна .
medehgui medehgui tsaashaa
Мухар сүсэг байна уу үгүй юу шүтэх шүтэхгүй нь хүний эрх . Гадны эрдэмтэд судалхаар ирвэл сайн бус уу. Манайд хэрэгтэй ч байж болно шүү.