Монгол Японы хамтарсан “Бичээс” төслийн баг 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй археологийн томоохон төсөл юм. Анх 1994 оноос эхэлж манай орны нутагт буй Түрэгээс Монголын эзэнт гүрэн хүртэлх хөшөө, бичээсүүдийг судалж ирсэн юм. Тус багийнхан өнгөрсөн онд археологийн малтлагаар 13-р зууны үеийн бурхны баримлын хэсэг олдсон талаар өнөөдөр (2017.03.28) мэдээллээ.
Төслийн багийн удирдагчид болох Монголын түүхч эрдэмтэн А.Очир, Л.Эрдэнэболд, Японы эрдэмтэн Хитоши Мүраози, Юүко Наката, Такаши Мацүкава, Кейго Ямамото нар өнөөдөр МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хуралд оролцсон юм. Энэ үеэр Чинхай балгахсны тухай цогц судалгааг урагшлуулсан гэдгийг онцлов. Энэ газар нь “Чанчүн бумбын тэмдэглэл” хэмээх түүхэн сурвалжид дурдагддаг бөгөөд Хятадын бумбын шашны нэрт төлөөлөгч, их эрдэмтэн Чанчүн бумба нь Чингис хаантай биечлэн уулзаж явсан түүхэн хүн аж. Мөн чухал арилжааны зам байсан гэдгийг нотлох түүхэн дурсгал юм байна.