Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр 2018 онд улсын хэмжээнд нийт 1.000 гаруй км зам хүлээж авахаар төлөвлөжээ. Уг замын ажлыг 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага гүйцэтгэтгэх бөгөөд улсаас 70 орчим тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.
2018 онд шинээр эхлэх ажлууд:
-Улсын төсвөөр: Гурванбулаг-Хишиг-Өндөр чиглэлийн 22 км хатуу хучилттай авто зам, Баян-Өлгий аймгийн төвийн 10.4 км авто замын өргөлтгөл, шинэчлэлтийн ажил, Баянхонгор-Арвайхээр чиглэлийн огцом эргэлтийн 4.4 км замын трассыг өөрчлөх хатуу хучилттай замын ажил.
-Гадаадын зээл тусламжаар: Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын ажил, Баруун босоо тэнхлэгийн Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км хатуу хучилттай зам, “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн замаас Мөст сум чиглэлийн 20.3 км зам.
-Төр хувийн хэвшлийн хөрөнгөөр: Говь-Алтай, Ховд аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэлийн 4 замын уулзвар Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км авто замын барилгын ажил, Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум чиглэлийн 120 км хатуу хучилттай замын барилгын ажлыг хийж гүйцэтгэх аж.
Шинээр баригдсан замаар даац хэтрүүлсэн машинууд хүдэр зөөх зэрэг асуудал үүсгэж, улмаар замын насжилтад нөлөөлж байгааг барилгын компаниуд хэлж байгаа юм. Иймд замын барилгын ажил гүйцэтгэгч ААН-үүд “Авто замын хууль”-ийн болохгүй асуудал дээр өөрчлөлт оруулах хүсэлтээ илэрхийлж байх хэрэгтэйг, мөн төлөвлөгөөт хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй аж ахуйн нэгжид хариуцлага тооцох хэрэгтэйг УИХ-ын гишүүн О.Батнасан онцоллоо.
Дээрх төлөвлөгөөнүүдийг 2018-2019 онд хэрэгжүүлснээр холбогдоогүй үлдсэн Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн төвүүд 2020 онд Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдох юм байна. Ингэснээр улсын чанартай авто замын сүлжээний 50 хувь нь буюу 7.720 км хатуу хучилттай авто замтай болно.