Х.Булгантуяа: Хүүхдүүд боловсрол, эрүүл мэндээрээ хохирчихсон байхад өрийн тоо тэг байсан ч эдийн засагт хортой

Сангийн дэд сайд Х.Булгантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Татварын багц хуульд өөрчлөлт оруулахаар хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хуулийн төслөө боловсруулж дууссан уу?

-Энэ ажлын хүрээнд Сангийн яамны зүгээс 5,000 гаруй хүний хүрээнд 40 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, 5,000 орчим санал хүлээн авсан байна. Мөн аймаг орон нутгийн татварын байгууллагууд орон нутагтаа хэлэлцүүлэг зохион байгуулж, гарсан санал дүгнэлтээ бидэнд илгээсэн. Эдгээр саналыг нэгтгэж, тун удахгүй Засгийн газар УИХ-д ергөн барихаар ажиллаж байна. Ер нь Татварын багц хуулийн гол зорилго нь татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхээс илүү бааз суурийг нь нэмэгдүүлэх, нэгдэн орсон олон улсын татварын байгууллагын шинэлэг зарчмуудыг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжих, ойлгомжгүй хийдэлтэй зүйл заалтыг цэгцлэхэд оршиж байгаа.

Татварын бааз суурийг нэмэгдүүлэхэд “Татвар төлөхгүй байна” гэж шүүмжлэгддэг зарим зах худалдааны төв, жижиг дунд бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжийг хамруулах зайлшгүй шаардлагатай. Үүний тулд татварын тайлагналтыг хялбар болгож, цагтаа тайлангаа өгдөг, шударга, хариуцлагатай татвар төлөгчдийг бодлогоор дэмжих харин татвар төлөхөөс зайлсхийдэг, шударга бусаар өрсөлддөг татвар төлөгчдийн хүлээх хариуцлагыг өндөрсгөж байна. Аж ахуйн нэгж санхүүгийн зах зээлээс санхүүжилт босгоход түлхэц болох үүднээс Хөрөнгийн биржид гаргасан хувьцааны ногдол ашгийн орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг таван хувь болгон бууруулж хөрөнгийн биржээр бонд босгох замаар эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг таван хувь болгон буурууллаа.

Мөн 25 хувийн татварын шатлалыг хоёр дахин нэмэгдүүлж, аж ахуйн нэгжийн НӨАТ -ын босгыг нэмэгдүүлж байна. Түүнчлэн Татварын ерөнхий газрын бие даасан, хараат бус байдлыг илүү сайжруулсан нөгөө талдаа татварын байцаагч нараа хариуцлагажуулсан заалтыг оруулсан. Жишээлбэл, Татварын улсын байцаагчийн буруугаас татвар төлөгч хохирсон бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж ажиллахгүй байх хариуцлага хүлээлгэж байгаа. Анх удаа орон сууц авбал татварын хөнгөлөлтийг 3-6 сая төгрөг болгон нэмэгдүүлэх зэрэг иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжсэн олон өөрчлөлтүүдийг тусгасан.

-ОУВС-гийн шаардлагаар өнгөрсөн жил татварын хуулиудыг чангатгасан. Тэгвэл эдийн засаг сэргэж байгаа энэ үед чангатгасан хуулиудаа сулруулах уу?

-ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орох хэлэлцээг 2016 оны намраас эхлүүлж, 2017 оны дөрөвдүгээр сараас хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ үед манай эдийн засаг маш хүнд байв. Үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон нийтэд таалагдахгүй олон амлалтыг хүлээн зөвшөөрөх нь эрх баригч МАН-д амаргүй байсан.

Нөгөө талдаа Монгол Улс дефолт зарлаж, гадаадаас авсан их хэмжээний өр, зээлээ төлж чадахгүй байх эрсдэл нүүрлэсэн байсан энэ үед өртэй хүн өөдөлдөггүй гэгчээр, их өртэй байж дахин мөнгө зээлэхэд төлж чадна гэдэг итгэлийг төрүүлнэ гэдэг амаргүй байлаа. Тиймээс орлогоо нэмэгдүүл, зарлагаа багасга, төсвийн сахилга батыг сайжруул гэдэг зөвлөмж өгсөн. Үүнийг бид ОУВС хэлсэн хэлээгүй хийх л ёстой ажил.

Өмнө нь хийгээч гэж олон удаа зөвлөөд хийгээгүй явсаар ийм төвшинд хүрсэн байдаг юм. Харин ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдаас төсвийн дэмжлэг хэлбэрээр 2017,2018 онд нийтдээ 1.5 тэрбум орчим ам.доллар олгож байгаа нь ард иргэдэд нэн шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих, дэд бүтцээ шинэчлэх зэрэг хөрөнгө оруулалтын санхүүжилт хийхэд чухал үүрэгтэй болсон. Түүнчлэн эдийн засаг нэлээд сэргэж, ам.долларын ханш хурдацтай өсөж байсан бол буцаад бууж байна. Валютын нөөц 1.5 жилийн дотор гурав дахин нэмэгдлээ.

Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын бизнесийн орчинд итгэх итгэл нэмэгдэж, хөрөнгө оруулалт, ажлын байр ч нэмэгдэж байна. Ер нь эдийн засгийн өсөлт төлөвлөснөөс илүү сайжирч байна. Үүнд мэдээж дэлхийн зах зээл дээрх манай экспортын гол түүхий эдийн үнэ өссөн нь сайнаар нөлөөлж байгаа ч өмнө нь алдагдаад байсан төсвийн сахилга батыг бид сайжруулж чадсан нь хамгийн чухал юм. Нөгөө талаас, ар араасаа нэхэгдсэн бондын өрийг цаг хугацаанд нь төлж чадаж байгаа учраас иргэдийн нуруун дээр хэт их ачаалал өгсөн олон татварын нэмэгдлийг ОУВС-тай тохиролцон буурууллаа.

Шаталсан Онцгой албан татварыг буцааж нэг шаттай 10 хувь болголоо. Тэтгэврийн насны нэмэгдэл, малчны тэтгэвэрт гарах нас гээд хамгийн сүүлд хүүхдийн мөнгийг 60 хувьд олгох байсныг нэмэгдүүлж 80 хувьд олгохоор боллоо. Цаашид ч бид орлогоо нэмэгдүүлэх, зарлагаа хумих, төсвийн сахилга батыг сайжруулах ажлыг хийх ёстой. Мөн хуримтлагдсан ерийг дарах, иргэд, бизнес эрхлэгчдийн алдагдсан итгэлийг буцааж олж авах нь амархан биш байх болов уу.

-Онцгой албан татварын хуульд өөрчлөлт оруулах уу гэдэг асуултын тухайд. Дизель түлшний татварыг хэвээр үлдээсэнтэй холбоотойгоор үнэ нь нэмэгдээд байгаа?

-2017 онд дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэмэгдсэн. Түүнчлэн, ам.доллар болон төгрөгийн харьцаа өндөр байх, онцгой албан татварыг үе шаттай хуучин хэмжээнд ногдуулахаар ОУВС-тай тохирсон зэрэг нь үнийн өсөлтөд нөлөөлсөн. Шатахууны онцгой албан татварын дээд, доод хязгаарыг УИХ тогтоож, Засгийн газар тухайн үеийн хилийн үнэтэй уялдуулж шийдвэрлэдэг.

Өөрөөр хэлбэл, үнэ буурвал онцгой албан татварыг нэмэгдүүлж, өндөр үед нь багасгаж үнийг аль болох жигд барьдаг дэлхийн жишиг бий. Тухайлбал, Японд яаж үнэ нь тогтвортой байна вэ гэхээр татвар нь үнийнхээ 45, Англид 69 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр дэлхийн зах зээл дэх үнэ хөөрөгдлөө гэхэд хөдөлгөх орон зай ихтэй. Монгол Улсын хувьд татварын ачаалал нь найман хувь орчим байгаа. Үүнийгээ дагаад үнийн зохицуулалт хийх орон зай бага. Гэхдээ бид үйлдвэрлэгч орны дараа орох үнээр шатахуунаа борлуулж байна.

-ОУВС-гаас энэ онд 800 орчим сая ам.доллар орж ирнэ гэлээ. Ер нь Засгийн газрын өр хэд болсон байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газрын нийт өр 2017 оны эцсийн байдлаар 23 их наяд орчим төгрөг байна. Монгол Улсын нийт өрийг Монголбанк нэгтгэдэг бөгөөд энэ нь Засгийн газрын ерөөс хоёр дахин их юм. Засгийн газрын өрийг өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэн ДНБ-тэй харьцуулахад 75 орчим хувьтай тэнцэж байна.

Энэ нь хуульд заасан хэмжээнээс 10 орчим хувиар бага байгаа ч цаашид үе шаттай бууруулах шаардлагатай. Засгийн газрын ер нь дотоод өр, гадаад ер, Засгийн газрын өрийн баталгаатай зээл зэрэг багтдаг. Үүнээс Засгийн газрын дотоод өр 4.2 их наяд, гадаад өр 16.8 их наяд төгрөг орчим, дээр нь Засгийн газрын өрийн баталгаатай зээлүүд нэмэгдэнэ. Дотоод өр нь дотоод үнэт цаас, өрийн бичиг буюу вексель болон концессоос бүрддэг.

2016 оны намар 600 тэрбум төгрөгийн векселийг бүрэн төлж барагдуулсан, харин өмнөх онуудад байгуулсан концессын гэрээний хэрэгжилттэй уялдан концессын хэмжээ 2016 онтой харьцуулахад өнгөрсөн оны эцсээр хоёр дахин нэмэгдсэн байна. Засгийн газрын баталгаат зээллэгт тухайлбал, МИАТ-д шинэ онгоц худалдан авахад Засгийн газар баталгаа гаргасан, Хөгжлийн банкинд баталгаа гаргасан гээд 1.6 их наяд төгрөгийн баталгаат зээллэг байна. Үүнийг 2016-2017 оны хооронд бараг хоёр дахин бууруулсан.

-АН-ын гишүүд бүлгийн мэдээлэлдээ Засгийн газар өр дарах нэрийдлээр тэрбум гаруй ам.долларыг үгүй хийгээд байна гэж мэдэгдэж байсан. Энэ ямар учиртай юм бол?

-Чингис болон Димсан бондыг дахин санхүүжүүлэх зорилгоор 800 сая ам.долларын Гэрэгэ бондыг арилжаалсан. Үүнээс Чингис бондыг өрийг төлөхөд 500 саяыг зарцуулж, 160 сая орчим ам.доллараар нь энэ оны зургаадугаар сард Димсам бондыг төлж барагдуулна. Үлдсэн зөрүү болох 100 гаруй сая ам.долларыг төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулж байна.

Өнгөрсөн оны гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг төлж барагдуулахын тулд Хуралдай бондыг арилжаалж, 600 сая ам.долларын бонд гаргасан. Үлдсэнийг нь мөн төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулсан гэсэн үг. Ер нь Монгол Улсын өрийн ДНБ-нд эзлэх хувь хэмжээг багасгах хоёр л сонголт байна. Өрийг бодитоор дарах, ингэхийн тулд төсөв ашигтай гарах ёстой.

Эсвэл ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлж, өрийн ДНБ-нд эзлэх хувь хэмжээг багасгаж болно. Гэхдээ өр, зээлийг юунд зарцуулж байна вэ гэдэг нь хамгийн чухал юм. Түүнээс биш хүүхдүүд нь цэцэрлэггүй, хүмүүс нь ажилгүй, Улаанбаатар хотынхоо утаан дотор хордоод, эмнэлэг нь хүнээр дүүрчихсэн, төрийн үйлчилгээ нь зөвхөн эрх мэдэлтэй эсвэл авлига өгдөгт нь үйлчилж байхад өр тавихгүй гээд суугаад байвал дараа нь үр дагавар нь ямар байх вэ.

Бүгдээрээ боловсрол муутай, эрүүл мэндээрээ хохирчихсон, эдийн засаг нь хумигдсан нөхцөлд өрийн тоо тэг байсан ч Монгол Улсын нийгэм, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөө нь илүү хортой. Зохистой харьцааг барих, өр, зээлийг эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нарийн бодлоготой зарцуулах л ёстой.

-Тэгвэл энэ авсан зээлээрээ хүүхдийнхээ мөнгийг 100 хувьд нь олгож болоогүй юм уу. Ерөнхийлөгч УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлт дээр хүүхдийн мөнгийг 100 хувьд олгохоор хуулийн төсөл боловсруулж, чуулганаар хэлэлцүүлнэ гэдгээ хэлсэн. Нийгмийн дунд ч мөн хүүхдүүдийг ялгаварлалаа гэдэг хандлага байна лээ. Яагаад 80 хувь гэж хязгаарлах болсон юм бол?

-Улс төрийн нам халамжийг баруун, солгойгүй өгөх нь зарим хүмүүст таалагдах байх. Гэхдээ ихэнх нь үүний оронд ажлын байрыг бий болгох, эсвэл нэн тулгамдаад байгаа төрийн үйлчилгээг сайжруулахад зарцуулсан нь дээр гэж үзэх байх. Нийгмийн халамж гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ гэж Нийгмийн халамжийн хуулиар заасан байдаг.

Халамжийн мөнгө бол улсын мөнгө ч биш татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс шаардлагатай хүмүүст хүрээсэй гэж татвар төлөгчид ч хүсэж байгаа байх. Өөрсдийнхөө амьдралыг, байрны зээл, хүүхдийн сургалтын төлбөрийг яая даа гэж байгаа татвар төлөгчдөөс авсан татвараа хэд дахин боломжтой айлд халамж хэлбэрээр өгөх нь утгагүй. Үнэндээ өмнө нь 100 хувьд хүүхдийн мөнгө олгодог байхад 10 хувь нь огт бүртгүүлдэггүй, энэ мөнгийг авдаггүй байсан.

Тэдэнд энэ мөнгө авах шаардлага ч бараг үгүй. Харин бид хүүхэд рүү чиглэсэн ямар ажил хийсэн бэ гэдгийг ярья. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа 600 гаруй төсөл хөтөлбөрийн гуравны нэг нь боловсролын салбарт байна. Эдгээр хөтөлбөрөөр гурван ээлжийн бүх сургуулийг хоёр ээлж болгож, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж байна. Магадгүй зарим хүмүүс надад 20 мянган төгрөг өгч байснаас энэ нь илүү хүртээмжтэй байна гэж үзэх байх. Монгол Улс нэг хүнд ногдох халамжийн мөнгөөр нэлээд дээгүүрт ордог.

Хүүхдүүдийн 60 хувьд хүүхдийн мөнгө олгодог байхад нийт халамжийн зардлын 25 хувийг эзэлдэг байсан бол одоо 80 хувь болгож нэмэгдүүлэхэд 32 хувь орчим болно гэсэн үг. Хүүхэд хамгаалал, халамж нь төрийн үүрэг. Ямар ч гэр бүлд өссөн тухайн иргэн боловсрох, эрүүл өсөх боломжоор төр хангах үүргийг Үндсэн хуулиараа хүлээх^байдаг. Гэхдээ халамжийг хавтгайруулж олгох ёсгүй гэж хувьдаа боддог.

-Тэтгэврийг 500 мянган төгрөгт хүргэх тухай асуудал яригдах боллоо. Төсөв мөнгөний хувьд ийм боломж байгаа юу? -Боломжтой байсан бол аль хэдийн хүргэчихсэн байгаа. Ажлаа хийгээд, хажуугаар нь үр хүүхэд, гэр бүлээ авч явж байгаа төрийн албан хаагчид өнөөдөр 500 мянган төгрөгийн цалин авч байна. Татварын багц хуулийн хэлэлцүүлгээр ч үүнийг ярьж байна. “Татварын байцаагч нарынхаа цалинг хэзээ нэмэх вэ. 500 сая төгрөгийн татвар хураах гэж 500 мянган төгрөгийн цалинтай татварын байцаагч ажиллаж байна” гэж байсан. Үнэхээр боломж нь байвал төрийн албанд ажиллаж байгаа ажилчдынхаа цалинг 2,000 ам.долларт хүргэмээр байна, тэтгэврийн мөнгийг 500 мянган төгрөг байтугай 1,000 ам.долларт аваачмаар байна. Ингэж ярихад амархан ч аль ч Засгийн газар эдийн засаг, төсвийн боломж бололцоондоо баригдаж ажиллаж таарна.

Ер нь тэгээд улстөрчдийн популист амлалтуудын цаана дандаа татвар төлөгчид л хохирч үлддэг шүү дээ. Одоо ямар байгаа билээ гэдгээ харах хэрэгтэй. Бид нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг нэмж, тэтгэвэрт гарах насыг аажмаар нэмээд байхад л Нийгмийн даатгалын шимтгэлийн санд жилд 500 орчим тэрбум төгрөгийн татаас улсын төсвөөс өгч байна. Уг нь тэтгэвэрт байгаа хүмүүсийн тоо харьцангуй бага шүү дээ.

Одоо 290 мянга орчим хүн тэтгэвэр авч, үүнд 1.2 их наяд төгрөг зарцуулдаг. Бүх тэтгэврийн хэмжээг жигд 500 мянган төгрөг болгоход 1.5 их наяд төгрөг болно. Мэдээж ажилласан жил, төлсөн Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнээс шалтгаалан зарим хүмүүсийн тэтгэврийн хэмжээ үүнээс өндөр тогтоогдоно. Ингэхээр бид төрийн албан хаагчдын цалин, бүтэн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээнээс ч их санхүүжилтээр тэтгэврээ тавих болно.

Төсвийн алдагдлыг нэмэхгүйгээр богино хугацаанд тэтгэврийг нэмэх хоёр л арга байна. Эсвэл Нийгмийн даатгалын шимтгэлийг ихээр нэмэх эсвэл татварын хувь хэмжээг нэмж улсын төсвөөс өгөх татаасыг нэмэгдүүлэх. Аль аль нь маш их сөрөг үр дагавартай нь ойлгомжтой. Тооцоололгүй амлалтын оронд бид харин эсрэгээрээ эдийн засгийг сайжруулахын тулд юу хийж байна. Энэ Засгийн газар ямар ДНБ-тэй улс хүлээж авсан, өнөөдөр ямар болсон, нэмэгдүүлэхийн тулд юу хийж байна, төрөлжүүлэхийн тулд юу хийж байна гээд улс эх орноо хөгжүүлэхэд нэг зүгт харж ярьж хөдлөхгүй бол намайг тэтгэвэрт гарахад ч ингээд муудалцаад сууж байх юм шиг байна.

-Тэгвэл төрийн албан хаагчдын цалинг нэмэх үү. Цалингаа нэмүүлэхээр эмч, багш нар хэд хэдэн удаа хэлэлцээрийн ширээнд сууж, ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд байгаа. Үүнийг нааштайгаар шийдэх боломж байгаа юу?

-Цалинг 2012-2016 оны хооронд ч дорвитой нэмээгүй шүү дээ. Төрийн албан хаагчдын ангилалд зарим зохицуулалт л хийсэн. Тэтгэвэрт ч мөн маш бага нэмэгдэл шийдвэрлэж байсан. Харин өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд эдийн засаг сайн гарсантай холбоотойгоор 300 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад урамшуулал олголоо.

Энэ оны төсөвт мөн урамшуулал суусан байгаа. Ерөнхий сайд ч төсөв батлагдах үед төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн холбоо, Засгийн газраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд даргалж гурван талт хэлэлцээрт уг асуудлыг гаргаж тавьсан байгаа. -“Халамжийг хавтгайрууллаа. МАН гарснаараа бараг гурав дахин их халамжийг иргэдэд олгосон байна” гэж байсан.

-Яг хэдэн төгрөгийг олгосон юм бол?

-Ядуурлын төвшинг өнгөрсөн оны намар зарлахад 2014-2016 оны хооронд 30 хувь болж, 10 хувиар нэмэгдсэн байсан. Энэ нь гурван монгол хүний нэг нь ядуу амьдарч, үлдсэн 30 орчим хувь нь ядуурал руу ороход бэлэн байна гэдэг хүнд тоог бид хүлээн авсан. Нэгдүгээрт, эдийн засаг буурсан, цалин тэтгэмжийг нэмээгүй гэсэн хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Хоёрдугаарт, төрөөс үзүүлдэг халамж хамгаалал дээрх онуудад буурсан.

Ийм үндэслэлээр ядуурлын хэмжээ арав орчим хувиар нэмэгдсэн байгаа юм. Энэ бол хоёрхон жилийн дотор гэхэд хүнд тоо. Бид бараг 1990 оны төвшинд хүрэх гэж байна гэсэн үг. Тиймээс үүний эсрэг олон улсаас үзүүлж байгаа тусламж дэмжлэгээр хоолны талон, цалинтай ээж зэрэг төсөл хөтөлбөрийг өрхийн амьжиргаатай нь уялдуулж олгох боломжоор хангах тал дээр хамтарч ажилласан.

Ер нь манай улсын өрхийн орлого дунджаар 800 орчим мянган төгрөг байдаг. Судалгаагаар хүүхдүүдийн 75 хувь нь дунджаас доош орлоготой айл өрхөд амьдарч байна гэж харагдаж байгаа. Тиймээс үүнтэй уялдуулж дунджаас доош орлоготой айл өрхийн хүүхэд буюу 80 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор тогтоосон.

Эх сурвалж:

One thought on “Х.Булгантуяа: Хүүхдүүд боловсрол, эрүүл мэндээрээ хохирчихсон байхад өрийн тоо тэг байсан ч эдийн засагт хортой

  1. сандаг 2018-04-19 23:04 at 23:04

    тэтгэврийн доод хэмжээг 300000 болгоход л болно. харин бүгдэд нь 27000 нэмснээс 700000 аас дээш тэтгэвэртэйд нь огт нэмэлгүй бага тэтгэвэртэй хүмүүс т нь 45000 аас эхлээд 20000 нэмвэл таарах байсан юм.

    Хариулах

сандаг-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн