Тайзнаа давхих адуун сүрэг. Тэд монгол морины эд хавийг гайхуулан хурдална. Янцгаан үүрсч, туурай нь тачигнана. Цогтой байна, золбоотой байна. Энэ бол монгол хүний ухаанаас ундарсан “Жороон жороо” бүжгийн оршил билээ. Бид морин дэл дээрээс дэлхийн талыг эзэлсэн баатарлаг түүхтэй ард түмэн. Хөвгүүд хөлд орох цагаасаа хүлгийн зоон дээр өсч, хурдан удмын унаганууд нь эхийнхээ хэвлийгээс босоогоороо унадаг эрэлхэг заяа Монголынх.
Энэ удаагийн нийтлэлийн баатар маань ч Алтайн хязгаар нутагт дуу хадаан мэндэлж, адуун сүргийнхээ дэргэд торниж, хурдны морины зоон дээр өссөн золбоотой нэгэн. Тиймээс ч “Жороон жороо” бүжгийг үзсэн хэн ч Д.Баярбаатарын дэглэлт гэдгийг түвэггүй мэддэг билээ. Энэ цагийн Монголын бүжгийн урлагийн нэрт төлөөлөгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Даваасүрэнгийн Баярбаатарын эгэл мөртлөө баялаг амьдралын хуудсыг хамтдаа нээе.
МАЛД НҮДТЭЙ ХҮҮ
Монголын Үндэсний урлагийн их театрын Уран сайхны удирдаач ерөнхий бүжиг дэглээч Д.Баярбаатарыг “Жороон жороо”, “Мэргэнд буусан чоно”, “Монголын их хатад”, “Нүүдэл” зэрэг Монголын бүжгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан олон бүтээлээр нь үзэгчид андахгүй. Тэрээр 11 настайдаа бүжгийн урлагт хөл тавьснаас хойш зөвхөн энэ урлагийн төлөө өнөөг хүртэл хоёргүй сэтгэлээр зүтгэж буй энэ цагийн цөөхөн авьяастны нэг билээ. Түүний бүтээлийг харахад монгол ёс заншил, ахуй соёлоо уран бүтээлдээ тусгасан нь ажиглагддаг. Ялангуяа нүүдэлчин соёл, хөдөөгийн ахуйг. Арга ч үгүй юм. Нийтлэлийн баатар маань өөрөө үзэсгэлэн бүрдсэн алс хязгаар Говь-Алтай аймгийн Шарга суманд Шарга Хүйсийн говьд долоон хүүхэдтэй, эгэл малчны гэрт мэндэлжээ.
Түүний унасан газар зүүн талдаа эмээ, өвөө ижий аавынх нь шүтээн болсон Асгат гурван богд, баруун талдаа Сутай хайрхан уултай. Д.Баярбаатар ийм л нутагт өсч торнисон учир уран бүтээл, ажил үйлс нь өөдрөг явдаг гэж бэлгэшээж, алтанхан говийнхоо ширхэг чулуунд нь хүртэл залбирч иржээ. Аав Даваасүрэн нь тракторын жолооч байжээ.
Өглөө оройн сэрүүнд аавынхаа хамт тракторын бүхээгт сууж их бүтээн байгуулалтыг харж, ногооны талбайд очдог байсан гэгээхэн үеэ тэр дурсах дуртай. Аав нь хурдны морь уядаг бөгөөд нэг жил зургаан насны морьд нь айрагдахад учиргүй баярлаж хүүхдүүдээсээ “Баярбаатар л малд нүдтэй хүү шүү” гэж урамшуулж байсныг өнөөгийн Д.Баярбаатар мартдаггүй гэнэ. Хүү нь ч хөгшин эмээгийндээ очиж, малын захад өнжих дуртай байж. Тиймээс ч түүний “Жороон жороо” бүжиг хөдөө нутагт өссөн, малд гярхай байсныг нь гэрчилдэг юм.
УЛААНБААТАРТ ДОГОЛОН НУЛИМСТАЙ ҮЛДЭВ
Сурагч Д.Баярбаатар.
Д.Баярбаатар хэрэв бүжигчин болоогүй бол магадгүй малчин болох байсан гэж өөрийгөө онцолсон юм. Харин театрын тайзнаа дүүлж яваа түүний урлагийн замнал 11 настайд нь эхэлжээ. Хотоос Хөгжим бүжгийн коллежид хүүхэд шалгаруулж авахаар ирсэн комисст Шарга сумаас ганцхан хүүхэд тэнцсэн нь Д.Баярбаатар байв. Бүжиг гэж мэдэхгүй хүүд зөвхөн Улаанбаатарт очих л сайхан санагдсан гэдэг. Халзан толгойтой бяцхан хүү аавыгаа даган сургуулийнхаа дотуур байранд амьдарахаар иржээ. Эцэг, эхийнхээ дэргэдээс холдож үзээгүй жаал хүүд ганцаараа хотод үлдэнэ гэхэд эмээх сэтгэл төрж.
Эхний өдрөө “Ерөөсөө л аавыгаа олж гэр лүүгээ явъя” гэсэн бодолтой дотуур байрнаасаа нууцаар гараад алхчихаж. Зам дагаад алхаж байтал хажуугаар нь өнгөрсөн автобусанд аав нь сууж яваа харагджээ. Дагаж гүйгээд, хамаг хөлс нь цутгачихсан хүү эргээд дотуур байр луугаа ортол аав нь тааралдаж. Нэгэнт л гарын үсэг зураад хүүгээ аваад ирсэн учир буцаагаад авч явах эрх аавд нь байсангүй. Доголон нулимстай үлдсэн хүүгээ үнсээд нутаг буцжээ. Ингэж л Даваасүрэнгийн дэрчгэр шар хүү бүжгийн урлагтай анх хувь заяагаа холбосон түүхтэй.
Түүнд Ардын жүжигчин Г.Долгорсүрэн болон Ж.Жав, Б.Алтанцэцэг зэрэг бүжгийн урлагийн мундагууд хичээл орж байв. Ангийнхан нь түүнийг жижигхэн биетэй булцгар цагаан хүү байсан учир Хомбоо гэж хочилдог байж. Баяраа гэж дуудахаар анзаардаггүй хэрнээ Хомбоо гэхээр эргэж хардаг байжээ. Нийтлэлийн баатар маань ангиасаа хамгийн жижиг биетэй нь нь учир жагсаалын эхэнд зогсоно. Дүн гарахад Д.Баярбаатар монгол бүжгийн хичээл дээр ихэвчлэн нэмэх тав авна. Зун болон өвлийн амралтаа нутагтаа өнгөрүүлэхээр онгоцоор очиход аав нь алаг трактортайгаа тосдог байж.
Өвлийн цагт хүүгээ үстэй дээлээр ороогоод 80 км-ийг туулж Шарга сум руугаа хөдөлдөг байжээ. Харин зун нутгийнхаа агаарыг амьсгалж, дэвшин дээр сууж харина. Аав нь хүүгээ ирэхээс өмнө хамгийн ганган эмээлээ бэлдэнэ. Аавынхаа эмээлээр гангарч аваад, дуу аялсан шиг нутгийн айлуудаар хэсэх бяцхан хүүд том болчихсон юм шиг сайхан мэдрэмж төрдөг байсан гэнэ. Аав нь түүнд хаалга нь онгорхой айлын урдуур морьтой гарахдаа мориныхоо амыг татаад цог золбоотой өнгөрч байгаарай гэж захина. Хүү нь одоог хүртэл аавынхаа захиасыг санаж явдаг гэсэн. Тиймээс ч түүний уран бүтээлд морины сэдэв олон бий. Энэ нь аавынх нь морио дээдлэх монгол уламжлалыг зааж сургасан ухаанаас улбаатай ажээ.
АЛТАЙН ТЕАТРААС МӨРӨӨДЛӨӨ ОЛЖЭЭ
1988 онд сургуулиа төгсөөд төрсөн нутгаа зорьжээ. Уран бүтээлийн замналаа 250 төгрөгийн цалинтайгаар “Алтай” чуулгын дагалдан бүжигчнээс эхлэв. Энд л жинхэнэ тэрээр бүжигчин хүний жаргал зовлонг биеэр мэдэрчээ. Тухайн үед гавьяат жүжигчин Б.Лхагваа, Б.Тэрбиш, Н.Оюунцэцэг гээд мундагуудаас монгол бүжиг, бий биелгээний гайхамшгийг залгамжилжээ. Тус чуулга ардын домог, харилцаа дууг илүүтэй сурталчилах бодлоготой байж.
“Сумъяа ноён”, “Шалзат баахан шарга” гээд нэрийн хуудас болсон олон бүтээлтэй. “Алтай” чуулгынхан үргэлж аялан тоглолт хийнэ. Д.Баярбаатар бүжиг дэглээчээс гадна хөөмийч. Тэрээр Ховд аймагт аялан тоглолтоор явж байхдаа анх хөөмийн гайхамшгийг сонсч, сурахаар хичээллэж эхэлжээ. Түүний зүтгэл талаар болсонгүй. Улсын чанартай олон тэмцээнээс хөөмийн төрлөөр шагнал хүртсэн байдаг. Тус чуулгад таван жил ажиллахдаа туршлагажихын хэрээр бүжиг дэглээч болох өөрийн мөрөөдлөө олсон гэдэг. Ангийнхан нь хотод “Нарны домог”-т бүжиглээд байдаг. Тэнд Баяраа шатсаар явж. Тэрээр зүгээр бүжиглэхийг хүссэнгүй. Биеэр жижиг учир бусдаас илүү хөдөлмөрлөж байж, онцгойрно гэдгээ ойлгожээ. Илүү өндөр үсэрч байж өндөр бүжигчдийн хажууд ойртоно гээд мэрийсэн гэдэг. 1993 онд СУИС–д бүжгийн тэнхим нээгдсэнээр Д.Баярбаатар бүжиг дэглээч болох мөрөөдлийнхөө эхлэлийг тавьсан юм.
Түүнд монгол бүжгийн ур ухаан, бүжигчин, бүжиг дэглээч байхын мөн чанарыг сургасан хүн нь Ардын жүжигчин Д.Нанжид багш нь юм. Шавийнх нь өдий зэрэгтэй уран бүтээлч болсон нь Д.Нанжид багшийнх нь буян гэж тэрээр онцолсон юм. Харин бүжиг дэглэх ухааныг Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва багшаар заалгажээ. Багш нь түүгээр зохиол их бичүүлдэг байж. Бүжиг дэглэнэ гэдэг асар олон жилийн ажлын үр дүн, хөдөлмөр байдаг аж. 1998 онд сургуулиа төгсөхөд нь Б.Жамъяндагва багш нь шавиа ассент багшаараа авна гэхэд нийтлэлийн баатар маань хөл нь газар хүрэхгүй баярлажээ. Ингэж тэрээр багш хэмээх хариуцлагатай албанд анх мордсон юм.
АССЕНТ БАГШААС ЕРӨНХИЙ БҮЖИГ ДЭГЛЭЭЧ
Харин 2002 онд Ардын дуу бүжгийн чуулга буюу одоогийн Үндэсний урлагийн их театртай хувь заяагаа холбох хувьтай байжээ. Нэг өдөр түүнийг яамнаас дуудаж, С.Сүхбаатар багшийн санал болгосон залуу гээд шууд чуулгын Ерөнхий бүжиг дэглээчээр томилов. Ажлын эхний өдрөөс түүнд олон бэрхшээл тулгарчээ. Бүжиг дэглээчийн хувьд “Эр бор харцага” дипломны ажлаас өөргүй залуухан боловсон хүчин маань ямар бүжиг дэглэх вэ гэсэн хүндхэн сорилттой учирчээ. Гэвч тэрээр бууж өгч, шантрахыг хүсээгүй гэсэн. Ажлыг багаас нь эхэлж, ганц, нэгхэн хүн дээр шинэ бүтээл дэглэж эхлэв. Ийнхүү жилээс жилд, бүтээлээс бүтээлд туршлагажсаар 2005 онд Ц.Сэвжидийн нэрэмжит уралдаанд гранпри шагнал хүртсэнээр өөрийгөө бүжиг дэглээч болж чадах юм байна гэсэн урмаар хурцалсан түүхтэй.
Д.Баярбаатар монгол бүжгээс гадна Монголын модерн бүжгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. 1999 онд СУИС-д багшилж байхад Францаас алдарт бүжиг дэглээч Килина Кремона ирж, сарын модерн бүжгийн сургалт явуулсанаар нийтлэлийн баатар маань орчин үеийн бүжгийг сонирхож эхэлжээ. Эндээс л түүний алдарт “Мэргэнд буусан чоно” модерн бүжгийн түүх эхэлсэн юм. Тэрээр энэ бүжгэн жүжгийг амжилттай тоглосноор ямархан бүжиг дэглээч болсноо хамт олондоо болон, үзэгчдэд харуулж чадсан аж.
Калина Кремона багштайгаа.
“Д.БАЯРБААТАРЫН ДЭГЛЭЛТ” ГЭСЭН НЭГЭН УРСГАЛ БИЙ БОЛЖЭЭ
Монголын бүжгийн урлагт нэгэнтээ “Баярбаатарын дэглэлт” гэсэн төрөл бий болоод олон жилийг үдэж байна. Хэн ч үзсэн бүтээлийг нь таньж, намба төрхийг нь ойлгодог болсон гэхээр энэ хүний цуцашгүй хөдөлмөр, дундаршгүй авьяасаар бахарахахгүй байхын аргагүй юм. Энэ хэрээр түүнд хариуцлага нэмэгдсэн аж.
Нийтлэлийн баатар маань ч энэ хүндлэл хариуцлагыг ухамсарлаж, илүү ихийг хийхийн төлөө өнөөдөр ч хөдөлмөрлөж явна. Уран бүтээлч хүнд онгод гэж байдаг. Д.Баярбаатар энэ ойлголтын тухайд “Онгод гэдэг гэнэт цахилгаан цахих шиг орж ирдэг” гэж онцолсон юм. Түүний хувьд хөгжмөө сонсох мөчид хөдөлгөөн гэнэт орж ирдэг гэнэ. Хааяа ямар хөдөлгөөн хийснээ мартчихна. Тиймээс шавь нараа хажуудаа байлгаад хөдөлгөөнийг нь тогтоож авахыг захидаг болжээ.
Зөвхөн амаараа ярьснаар бүжиг бүтээл болж чаддаггүй аж. Харин өөрөө мэдэрч, туршиж, засч, хөдөлмөрлөсний хүчинд жинэхэн бүтээл амилуулж чаддаг байна. Үүнээс гадна бүжиг дэглээч хүнд судалгаа хамгийн чухал. Д.Баярбаатар морины тухай бүтээл хийхдээ “Аав яаж моринд морддог билээ, явдал нь ямар байлаа, тухайн үед мориных нь харц ямар байлаа” гэж үргэлж боддог аж. Бидний соёл өөрөө тэр чигээрээ урлаг юм. Харин энэ урлагаа дэлхийд сурталчлахад төрийн бодлого хамгийн чухал гэж бүжиг дэглээч маань онцолж байна.
УРЛАГИЙН ГЭР БҮЛ
Урлагийн хүний гэр бүл байна гэдэг асар том хариуцлага, тэвчээр байдаг. Тэгвэл энэ цагийн бүжгийн урлагийн өнгийг тодорхойлж буй бүжиг дэглээч маань насны ханиараа Б.Нямдаваа хэмээх нутгийн бүсгүйг сонгосон юм. Анх урт түрийтэй гутлаар гангарсан нүдэнд дулаахан бүсгүйг хараад сэтгэл нь нэг л тогтворгүй болжээ.
Тухайн үед өөрийгөө ойлгоогүй ч учрах ёстой хүмүүс учирдаг гэдгээр насны хань нь тийнхүү тосоод ирсэн гэдэг. Хань нь түүний төлөө өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээс татгалзаж, ар гэрийн ажил, үр хүүхдээ өсгөх эрхэм үүргийг итгэлтэйгээр биелүүлсэн юм. Харин одоо нэгэн компанид нягтлан бодогч хийдэг юм байна. Д.Баярбаатарынх хоёр хүүхэдтэй. Охин Б.Нандингуа нь хийлч, удирдаач мэргэжилтэй. Одоо Швейцарьт хийл хөгжмийн гоцлоочоор сурч байна.
Ундарсан авьяастай, уран бүтээлчийн эгэл мөртлөө баялаг намтрыг сөхөд ийм байна. Аавынхаа голомтод эгшиг нь болж мэндлээд, хүсэл мөрөөдлөө хөлөглөн алс хязгаараас “жороолсон” Хомбоо хүү өнөөдөр босоо хүлгийнхээ хийморьтой дүйцэхүйц “чансаатай” уран бүтээлч болжээ. Түүний урлагийн замнал гэгээн байна. Уран бүтээлчийн сэтгэл нь галтай байна. Балчир наснаасаа дээдэлсэн хүлэг морьтой нь жишбэл нас бие хэдийнэ гүйцжээ.
Ч.Гантулга
Эх сурвалж: Зууны мэдээ сонин