Буддын соёлын Махагала нийгэмлэгийн тэргүүн, докторант М. Тэгшбаяртай уул овоо тахих зан үйл хийгээд бурхны шашны талаар ярилцлаа.
-Та Монголын бурхны шашны их сургуулийг 1990 онд төгссөн. Сургуулийнхаа үүх түүхээс хүүрнээч?
-Гандантэгчэнлин хийдийн хамба лам, номч мэргэн гавж С.Гомбожав, Буриадын хамба Агваан Доржиев нарын санаачилгаар 1970 онд Монголын бурхан шашны дээд сургууль байгуулагдсан. 50 шахуу жилийн хугацаанд өнөө цагийн шашны нэр нүүр болж яваа эрдэмтэн мэргэд, номын багш нар энэ сургуулиас төрсөн.
Тухайлбал, хамгийн анхны төгсөлтөөс Монголын бурхны шашинтны төвийн тэргүүн, хамба лам Д.Чойжамц, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав нар, удаах төгсөлтөөс Гандантэгчэнлин хийдийн хансүр Ё.Амгалан, Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал, доктор, профессор гавж Ш.Сонинбаяр, Азийн буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга, доктор, гавж Т.Булган, гавж Д.Цэрмаа тэргүүтэй эрдэмт олон дээдэс бий.
-Танай 12 дахь төгсөлтөөс номч мэргэн лам нар олон төрсөн байдаг?
-Бид 1996-2000 онд Монголын бурхан шашны их сургуульд суралцаж төгссөн. Лам нар нэг зиндааныхан гэж хэлдэг л дээ. Манай зиндаанаас олон түмэн илүү сайн мэддэг хүмүүсийг дурдвал сүүлийн үед энэрэл нигуүсэл, хүний амьдралын мөн чанарын талаар илтгэл, лекц уншдаг, Эрдэнэ зуу хийдийн хамба лам, “дуучин” Х.Баасансүрэн, Агнистын гэгээ цувралыг эрхлэн гаргагч, Төвдөч орчуулагч, baabar.mn шилдэг нийтлэлчдийн клубийн гишүүн П.Бадрал тэргүүтэй олон лам нар төгссөн. Одоо манай зиндааны лам нар олонх нь хийдийн хамба лам, мөн удирдах албан тушаал хашиж, ном, буяны үйлсээ хийж явна.
-Та нийгэмлэгийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Буддын соёлын Махагала нийгэмлэг 2015 онд байгуулагдсан. “Оюун түлхүүр” сангийн захирлаар ажиллаж байсан С.Даваадолгор, Монгол Улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс, иргэн С.Төгсбаатар, Дашчоймбол дацангийн гэвш, 10 гаруй жил бурхны шашны гүн ухааны номыг судалсан Ж.Ерөөлт нарыг удирдах зөвлөлдөө ажиллах санал тавьж хамтран байгуулсан ба зарим шинэ хүмүүсээр эгнээгээ өргөжүүлэн ирсэн.
Манай нийгэмлэг үйл ажиллагааны хувьд үндсэн гурван зорилготой ажилладаг. Нэгдүгээрт, бурхны сургаалыг сонирхдог, судлах, танин мэдэхийг хүсэгч хүмүүст зориулан төвөд хэлний анхан, дунд шатны сургалт явуулдаг. Мөн бурхны шашны талаар болоод хувь хүн хэрхэн зөв төлөвших, бурхны сургаалыг тайлбарлах, таниулах үйл ажиллагаа явуулдаг. Манай нийгэмлэг ямар нэг үнэ хөлс, төлбөр мөнгө авдаггүй бегөөд хэн бүхэнд нээлттэй байдаг.
Хоёрдугаарт, Монголын эрдэмт лам дээдсийн зохиол бүтээлийг судлах, тухайн үеийн эрдэм боловсролын хэл болж байсан төвд хэлнээс тэдний зохиол бүтээлийг орчуулан нийтэд түгээх, судалгааны эргэлтэд оруулах ажлыг хийдэг.
Гуравдугаарт, байгаль хамгааллын чиглэлээр түлхүү ажиллахаар төлөвлөж байна. төлөвлөгөө гаргасан. Үүнд энэ хавраас байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг зарим төрийн бус байгууллагатай хамтран Богд уул, Туул голын эхийг хамгаалах, мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжөөр мод бут тарьж, түүнийгээ арчлан ургуулахад түлхүү анхаарна. Энэ ажилд МУИС, ШУТИС-ийн сайн дурын экологийн клубүүдтэй хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна. Цаашид Туул голын хамгаалалтын захиргаа, Хан Хэнтийн дархан газрын хамгаалалтын захиргаатай тодорхой ажлууд дээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.
-Шашны салбарынхан байгаль хамгаалах чиглэлээр хэрхэн ажилладаг вэ?
-Монголчууд эрт үед байгалиа хамгаалъя гэж төдийлөн ярьдаггүй ч ахуй амьдралаараа байгалиа хамгаалдаг байж. Жишээлбэл, өвс ургамлыг талхлахгүй байх зорилгоор монгол гутлын хоншоор ээтэн хийх, гол усанд сүү, цус хийдэггүй, алдас болно, хэмээн ардын аман дамжлага, хорио цээрийн, зан үйлээр дамжуулан байгаль орчноо хамгаалдаг байж. Богд Чингис хааны “Их засаг” хууль, Дөчин дөрвөн хоёрын их цааз журмуудад байдаг ч хүн бүр байгаль эхдээ элгэмсүү сэтгэлээр ханддаг байсан учир бидний үед онгон дагшнаараа уламжлан иржээ.
Тэгэхээр байгаль орчныг хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол хүмүүсийн ухамсар сэтгэхүйг өөрчлөх, ойлгуулан таниулах ажил гэдэг нь харагдана. Дээхэн үед саяхан болтол эмээ өвөө, ээж аав нь үр хүүхдэдээ байгаль эхтэй хэрхэн харьцах талаар аажуухан тайлбарлан өгч, ухамсрыг нь төлөвшүүлдэг байсан. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, Монголын бурхны шашинтны төв, сүм хийдүүдтэйгээ хамтран анхаарлаа хандуулж ажиллаасай гэж боддог. Уг нь бидэнд бурхны шашинт бусад орнуудаас хавьгүй илүү бичиг соёлын, зан үйлийн, хорио цээрийн зэрэг маш баялаг эх сурвалж, уламжлал бий.
-Монголчууд уул овоо тахих зан үйлээ буруу хийгээд байна гэлтэй. Уг нь арга хэмжээ шашны хүрээнд байх ёстой ч баяр наадам тал руугаа шилжээд байна гэж харагддаг?
-Өнөөдөр бидний санааг зовоож буй гурван асуудал байна. Эхнийх нь гэвэл байгаль хамгаалах зан үйл хүссэн хүсээгүй уул овоо тахих зан үйлтэй холбогддог байсан. Энэ зан үйл нь өнгөн талаас нь харахад хэдэн лам очоод ууц шүүс болоод идээ унд засаад хийж байгаа зан үйл шиг харагддаг. Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд болоод сүм хийдүүд, лам нар нийлж, уул овооны тахилгыг эмх цэгцэд нь оруулах хүсэлтэй ч зөвхөн бид зүтгээд болгочихно гэдэг бол ахадсан ажил.
Нэг талдаа бурхны шашинтны төв болон олон түмэнд танигдсан лам хуврагууд, багш дээдэс, нөгөө талд төр засаг захиргааны байгууллага, орон нутгийн удирдлагууд анхаарлаа хандуулж байж уул овооны тахилга зөв зүйтэй болно. Манай нийгэмлэгээс тодорхой судалгаа хийсний үндсэн дээр төрийн тахилгыг үйлдэх талаар төрийн ёслолын алба зэрэг байгууллагад хүсэлт гаргахаар төлөвлөж байна.
Уул овооны тахилга гэдэг нь зөвхөн шүтлэг бишрэлийн асуудал биш ээ. Хүн болж төлөвших, ахас ихсээ хүндлэх, өв уламжлалаа дээдлэх зэргийг давхар агуулдаг. Энэ жил бид ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС, МБШИС-ийн багш нар, судлаачдын баг бүрдүүлээд Монгол орны уул хайрхны сан тахилгын судруудыг нэгтгэн, зөв зүйтэй уламжлал ёсоор тахидаг болох, хүмүүст танин мэдүүлэх зорилготой “Их өлзийт” төслийг хэрэгжүүлж эхэлж байна.
-Төслийн хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Үндсэн гурван ажил хийнэ. Буддын соёлын Махагала нийгэмлэгийн номын санд Монгол орны уул хайрхны 400 гаруй сангийн судар хадгалагдаж байна. XVII зууны дунд үеэс Монголын эрдэмт лам нар, хутагт хувилгаадын айлдан зохиосон, маш цөөн тоотойг нь Халхын ноёд, хүмүүс Төвөдийн эрдэмт лам нарт айлтган зохиогдсон. Энэ сангууд нь зүгээр нэг яруу найрагч шүлэгчийн бичсэн бүтээл биш.
Учир нь эрдэм номтой лам хувраг, хутагт хувилгаад аливаа уул хайрхныг ажиглан шинжиж, бясалгал бүтээлийн хүчээр уулын эзэн савдагтай уулзаж, савдаг буюу газрын эзний дүр байдлыг тодорхойлон, тухайн уулын эзэн юуг таалдаг, эс таалдаг, хэрхэн тахилгыг үйлдэх нь зүйтэй зэргийг айлдсан байдаг. “Их Өлзийт” төслийн хүрээнд уул овооны тахилгын зан үйлийн тайлбар, гарын авлага, сан судар бүхий Монгол орны зүүн, говийн, төвийн, хангайн, баруун гэсэн таван цуврал ном гаргахаар төслийн багийнхан ярилцан зөвлөж, бэлтгэл ажилдаа ороод байна.
Монголчуудын уул овооны тахилга ямар учиртай, хэрхэн үйлдэж ирсэн, тухайн бүсийн тахилгын их судрууд болон орчуулга, зан үйл багтана. Жишээлбэл, уул овоогоо ямар өдөр тахих, тахилгад очиж буй хүмүүс ямар идээ будаа бэлдэх, хувцас хунар хийгээд бодол сэтгэл ямар байх нь зохистой, талаар лам хуврагууд, бодол хийгээд очсон хойно ном уншиж байхад ямар сэтгэл агуулж байх, уул овоо тахилгын наадмын болон тэнгэрт айлтгах үгс гэх мэт зан үйлийн тайлбар багтах бөгөөд сонирхсон хүн бүхэн төрөлх хэлээрээ судлах боломжтойгоороо онцлог байх юм.
-Уул овоогоо буруу тахисан тохиолдолд ямар саад барцад учирдаг вэ. Зарим газарт тахилга хийсний ард энд тэндгүй хадаг зүүчихсэн, бэлээр нь архины шил хөглөрсөн байдаг?
-Уул овооны тахилга улаан, цагаан гэж хоёр янз байдаг юм байна. Улаан тахилгатай бол шүүс мах, архи сэржим өргөдөг. Цагаан тахилгад амьтны амь орсон мах шүүс, галаар хөллөсөн догшин ундаа болох архи нанчид өргөдөггүй. Зөвхөн сүү сааль, цагаан идээ, арц хүжээр тахидаг. Жишээ болгон хэлэхэд Өмнөговь аймгийн Ханбогд сум буюу Гашуунсухайтын боомтын наана Тогоо хүрэн гэж хайрхан бий.
Уг хайрхны тахилгын сударт тэрхүү уулын эзэн нь шар өнгийн алчуурыг тэргүүндээ зангидсан, онгомол улаан дээлтэй, баруун мутартаа цацлын шанага барьсан, зүүн мутраа нуруун талдаа авсан эмгэн буурал бий гэж байдаг. Энэ уулын эзэнд бол мах, архи өргөдөггүй тул хүмүүс цагаан идээ, жимс, сүү тараг зэргийг өргөх ёстой. Түүнчлэн энгийн үед багсарсан арвайн гурил, мөсөн чихэр өргөнө гэж сударт нь байдаг. Жишээ болгон дурдсан хайрхныг тахихдаа мах шүүс, архи нанчид өргөдөггүй байх нь.
Сүүлийн үед хэтэрхий элбэг болсонтой холбоотой хадаг, архи дарс, мах, идээ будааг замбараагүй байдлаар уул овоонд тавьж байна. Гэтэл тэр нь муудаад, таагүй үнэр гарган уул хайрхны эзэн, лусыг баясгах бус хилэгнүүлж догшруулахын үндэс болж байна. Гэвч тэр хүмүүсийн буруу гэхээсээ илүү бид үүнийг ойлгуулан ухамсарлуулах ёстой болов уу.
Мөн манайхан уул овоондоо өргөхөөр шилтэй архийг залхууралгүй авч гардаг атлаа буцахдаа хоосон шилээ аваад явдаггүй, хогийн цэгт хаялгүй тэнд нь орхичихдог. Уул овоо хогийн сав биш гэдгийг бид мэднэ, лус нь маш тансаг сайхан, цэвэр ариун, үнэрч гэнэ. Тиймээс муудаж ялзарсан зүйлс, тамхины үнэрт эгдүүцэж дургүйцдэг. Дорноговь аймгийн Мандах сумын нутагт Арван наймын богд уул гэж бий. Тэр хайрхны дэргэд нэр алдрыг нь хэлдэггүй, буруу тахивал салхи шуурга босож, хуй гардаг гэлцдэг.
Ийм уул хайрхан манай оронд маш элбэг, уг нь уул овоо тахиж буй зорилго болбоос дэлгэр сайхан зун, өнтэй сайхан өвөл, зон олон жаргалтай байх үүднээс хийж буй зан үйл. Гэтэл буруу тахиснаас үүдэн лус савдаг нь баясах нь байтугай хилэгнэж догшроод хур бороо нь ордоггүй, хуй салхи нь гардаг сөрөг үр дагавартай бий болдог. Үүнийг бурхны шашны лам хувраг бид судалж, зөв зүйтэй хийх талаас нь хэлж ярьж, тайлбарлаж байх учиртай.
-Өнгөрсөн зууны ихэнх цаг үе бурхны шашинд таатай байсангүй. Мөн тухайн цаг үед бурхны шашны олон судар устсан байдаг. Харин танай нийгэмлэгийн хувьд 100 түүнээс илүү настай судар бичгийг хэрхэн цуглуулав?
-1930-аад оноос хэлмэгдүүлэлт эхэлж, шашин номыг хорьж, судар номыг устгаж үгүй хийсэн. Гэхдээ их савны ёроол хоосон үлддэггүй. Хүмүүс өөрсдийн нутгийн зарим сангаа нууж, хадгалж үлдсэн байдаг. Хожим нь үүнийгээ цаг төр зөөлрөх үест гаргаж ирсэн. Би шашны их сургуулийг төгсөх үеэсээ ганц нэгээр сурвалжлан цуглуулж ирсэн бөгөөд шашны сургуулийг хамт төгссөн, Үржиншадүвлин хийдийн хувраг, номын нөхөр Х.Батсүх асан ижил сонирхолтой тул бид хамтдаа Монгол орны уул хайрхны 400 гаруй сан тахилгын судруудыг цуглуулж, эмхэлсэн. Мөн сүсэгтнүүд, лам хуврагуудаас асууж цуглуулсан, хуулбарлаж авсан судар номууд багтсан.
-Та бүгдийн цуглуулсан судрууд хэдий зөвхөн шашных мэт харагдавч монголчуудын оюуны бүтээл, түүхэн баримт бичиг мөн. Үүнийг сэргээн олон нийтэд түгээх үү?
-XX зууны өмнө төвөд хэл монголчуудын эрдэм боловсролын хэл байв. Тухайн үед боловсрол олж авах тогтолцоо нь сүм хийд байжээ. Тэр үед Монголын эрдэмтэй олон зуун лам нар урлахуй, тэжээхүй, анагаах ухаан, гүн ухаан зэрэг бурхны шашны арван ухаанаар маш олон номыг төвөд хэлээр зохиосон байдаг. Угаас манай зорилго тул бид ганц уул хайрхны сан тахилгын судрыг судлах, нэгтгэн хэвлүүлэхээр үл тогтон хийж бүтээхээр төлөвлөсөн олон ажлууд бий.
-Уул овооны тахилгын талаарх таван цуврал номыг хэвлүүлэх зардал мөнгө хэр өндөр гарч байна. Хөрөнгө санхүүжилт босгох зорилгоор цаг тооны бичиг гаргасан гэсэн?
-Эцсийн байдлаар мөнгөн дүнгээ гараагүй байна, мэдээж арилжаа наймаа эрхэлдэггүй лам хувраг бидний хувьд дангаараа хэвлүүлэн олны хүртээл болгоно гэдэг ихээхэн хүндрэлтэй. Бид зарим нэр бүхий томоохон аж ахуйн нэгжид хандаж байна. Мөн Монгол төрийн тахилгатай арван хайрхны эзний шүтээн дүр, тэдний сан судар, л дуу магтаал бүхий арга билгийн календарьтай цомог гаргасан. Үүгээр бид ашиг олох гэсэнгүй, ном хэвлэх, бэлтгэл ажилд шаардлагатай хөрөнгийг босгох зорилготой юм.
Тухайлбал, уг шүтээн цомогт орсон “Түнба-ши”-н шүтээн орсон бий. Шашин номын талаас нь авч үзвэл бурхан багш урьдын олон төрөлдөө өөр өөр дүрээр эрхэм гурван шавь Шаарийбуу, Монголжийбуу, Гунгаавуу нар юм. Энд багтсан “Түнба-ши”-г шүтээн дүрээр нь бүтээсэн, үүнийг залсан аливаа айл албан байгууллагад эв түнжин, итгэл ойлголцол дэлгэрдэг учиртай. Мөн төрийн тахилгат арван хайрхны эзний шүтээн дүрүүд, анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын айлдсан “Цагийг тохинуулагч залбирал” буюу Жинлав цогзол хэмээх ном, нийт лусын эзэн Цагаан өвгөн, өлзийт найман тахил, хаан төрийн долоон эрдэнэ гэх мэт шүтээнийг багтаасан.
-Сан судар бүхий шүтээн цомгийг хаанаас авах боломжтой вэ?
-Сүсэгтэн олон Монгол төрийн тахилгат арван хайрхны эзний шүтээн дүр, сан судар, магтаал дуу, арга, билгийн тооллын цаг улирлын бичиг бүхий шүтээн цомгийг худалдан авч настан буурлууд, аав ээждээ бэлэглэхийн сацуу “Монгол орны уул хайрхны сан тахилгын судрууд” уул овоо тахилгын гарын авлага номыг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулан, өглөгийн эзэн, буяны нөхөр болох боломжтой.
Хамгийн гол нь равнайлан олон жилийн турш шүтэж, арц уугиулан сан судрыг нь уншиж уул хайрхандаа хүсэл эгээрэл, заяа буянаа даатгаж байх боломжтой зэргээрээ давуу талтай юм.
Энэ шүтээн цомог Гандан хийдийн “Найман тахил”, Төмөр замын Пунцоглин хийдийн шашны эд зүйлийн дэлгүүр, “Интерном”, “Азхур”, “Номун соёл” дэлгүүрт борлуулж байна.
-Уул овооны тахилга болон бурхны шашны талаар ярилцаж, мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танай нийгэмлэгийн санаачилсан “Их Өлзийт” төсөлд өндөр амжилт хүсье.
-Танай сонины хамт олонд баярлалаа.
Т.Болор-Эрдэнэ
Эх сурвалж: “Өглөөний сонин”
1 comment
yamar saihan gegeerel bolobsroliin talaar ajilladag lam be?saihan sanagdaj bna!Mongolchyyd ter dyndaa sine chagiin zaluuchuud ene talaar jaahan ch gesen bolobsrol olbol yamar be?Sasiniig muulsan l ikhe amitad haragdah yum!tolgoi setgel ni hoosorson ard tymend yhaan hairla!byrhan syteen mini…..