Энэ сарын 03-22-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 4529 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс зам тээврийн ослоор 183 хүн гэмтэж, долоон хүн амиа алджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 29.9 хувиар буурсан аж. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж Улаанбаатар хотын өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгөв.
Нийслэлийн Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр 2017 оны гуравдугаар сарын 02-ны өдрөөс 22-ны өдөр хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 18.375 мэдээ, мэдээлэл иржээ. Өмнөх 21 хоногтой харьцуулбал залилан болон хулгайлах төрлийн гэмт хэрэг буурсан бол дээрэм, танхай, булаах, золгүй байдлаар амь насаа алдах хэрэг 8.8 хувиар өссөн байна. Мөн өнгөрсөн өдрүүдэд биеэ авч явах чадваргүй согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 2893 хүнийг эрүүлжүүлж, шүүхийн шийдвэрээр захиргааны зөрчил гаргасан 199 хүнийг баривчилсан бол архины албадан эмчилгээнд 3 хүнийг явуулжээ. Харин захиргааны зөрчил гаргасан 6877 иргэн, 10 аж ахуйн нэгжийг 46 сая 372 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна. Нийслэлийн хэмжээнд энэ оны оны эхний хоёр сард 2987 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар буурч, бүртгэгдсэн гэмт хэргийн илрүүлэлт 4.6 хувиар өсчээ.