“U money” карт нь нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрээд хоёр гаруй жил болж байгаа юм. Гэвч өнөөдрийн байдлаар картаар зорчдог нийт зорчигчдын 37 хувийг эзэлдэг байна. Бэлэн мөнгөөр зорчиж буй иргэдийн хувьд бэлэн мөнгөний хайрцагийг “хогийн сав” шиг санах болжээ. Жолооч нарын хэлж буйгаар урагдсан, дутаа мөнгөөр зорчих нь энгийн үзэгдэл бөгөөд хуулбарласан мөнгө буюу (канондсон мөнгө), энгийн цаас хийх болсон гэнэ. Энэ тухай “Улаан чулуут-Бөмбөгөр” чиглэлийн автобусны жолооч Г.Батхуяг хэлж байв. Иймд ирэх сарын 1-нээс энэ тогтолцоог халж автобусыг бүрэн цахимжуулахаар болоод байна. Харин иргэдийн хувьд “U money” карт цэнэглэгч газрууд мөнгө дууссан гэх шалтгаанаар цэнэглэдэггүй бөгөөд ялангуяа хотын захын автобусны буудлын гэрээт цэгүүдэд энэ мэтчилэн бэрхшээл тулгардаг байна. Тэгвэл жолооч, иргэдийн дунд үүсээд байгаа энэ асуудлыг бүр мөсөн цэглэж автобусны карт цэнэглэх 480 цэгийг автобусны буудлын ойролцоо бүх газарт ирэх сараас байршуулах юм байна. Мөн Түүнчлэн “смарт” картын үнийг 2000 төгрөг болгон хямдруулж, дөрвөн төрлийн карт иргэдэд санал болгох аж. Тодруулбал,
Энгийн картаар өөрт ойр байрлах ТҮЦ, дэлгүүрээс энгийн болон хүүхдийн “U money” картыг худалдан авч өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглэх боломжтой
“Сити пасс” картаар банкны салбар, ATM, интернетээр цэнэглэн нийтийн тээвэр болон бусад төлбөр тооцоонд ашиглах боломжтой. Уг картыг одоогоор зөвхөн Хаан банкны салбаруудад хандан захиалах боломжтой.
Гар утасны NFC сим картаараа төлбөрөө төлөн зорчих боломжтой. Уг үйлчилгээ мөн адил зөвхөн “Юнител”-ийн үйлчилгээний салбаруудаас захиалах боломжтой юм.
Хязгааргүй зорчих эрхтэй картыг том хүн 25 мянга, хүүхэд 8000 төгрөгөөр худалдан авч сарын турш үнэгүй зорчих боломжтой ажээ.