Ирэх сарын 20-21-нд Шангри-Ла зочид буудалд “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал болох гэж байна. “Би эм монголиан партнерс” компанийн санаачилгаар зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэнд олон улсад хэдийнэ танил болсон компаниудын уул уурхайн салбарынханд зориулан үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, технологиуд тавигдах юм байна. Эндээс нүүрс, төмрийн хүдэр, алт, зэс, элс хайргыг хуурай аргаар баяжуулах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ХБНГУ-ын “Allmineral”, уурхайн хаягдал усыг шүүж, дахин ашиглах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Австри улсын “Andritz”, өрмийн машин болон түүний дагалдах машин үйлдвэрлэгч “Rockmore” зэрэг компаниудын техник технологиудтай танилцах болох гэнэ. Мөн үзэсгэлэн худалдааны үеэр гадна дотоодын аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах боломж нээгдэх аж.
Одоогоор ХБНГУ, Австри, Швейцарь зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орны 20 гаруй компани үзэсгэлэнд оролцож, тоног төхөөрөмж, технологио танилцуулахаар албан ёсоор бүртгүүлжээ. Мөн шилэн бус фотоволтайк хавтан үйлдвэрлэгч Австрийн “Дас Энержи”, бага оврын онгоц үйлдвэрлэгч “Даймонд Эйркрафт” компанийн захирлууд ирнэ гэж зохион байгуулагчид нь мэдээлэв.