“Жи-Тайм” гэх сүлжээний залиланг Монголд нэвтрүүлж, манай олон иргэнийг хохироосон Казахстаны иргэн, 60 настай Маженов Маратад холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлэх үед оргон зайлсан бололтой. Түүнийг Мөрдөн байцаах албанаас гуравдугаар сарын 28-наас эхлэн эрэн сурвалжилж, өнөөг хүртэл олдохгүй байгаа тул өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригаас улсын хэмжээнд зарлав.
Түүнд анх эрүүгийн хэрэг үүсгэхдээ хилийн хориг тавьсан ч ямар нэг байдлаар хилээр гарч болзошгүй гэж үзэж буй учраас хил хамгаалах байгууллагынхныг хяналт шалгалтаа чангатгахыг цагдаагийнхан хүссэн гэнэ. “Жи-Тайм”-ын толгойлогч М.Маратыг 2016 оны хоёрдугаар сард монголчуудаас луйвардсан таван тэрбум гаруй төгрөгөө Казахстан руу гэр бүлийнхнийхээ нэр дээр шилжүүлээд хилээр гарах гэж байхад нь цагдаагийнхан баривчлан цагдан хорьсон билээ.
Уг сүлжээний толгойлогчдыг саатуулсны дараа яллагдагчийг хаацайлж, хохирсон иргэдэд худал мэдээлэл тарааж мөрдөн байцаалтад саад учруулж байсан хэсэг хүн бий. Тэдгээр хүнийг хариуцлагад татсан ч Эрүүгийн шинэ хуулиар хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Өдгөө дээрх хүмүүс М.Маратыг хил давуулах гэж оролдож болзошгүй гэж үзэх нэгэн ч байна. Дээрх нэр бүхий яллагдагчийг өнгөрсөн оны долдугаар сард батлан даалтад гаргаад байсан юм.
“Жи-Тайм” гэх залилангийн сүлжээг Монголд нэвтрүүлж, иргэдийг хууран мэхэлсэн Маженов Марат болон түүний хамсаатан Э.Оюунчимэг тэргүүтэй хүмүүс 12 000 иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин