Бригадын генерал руу хурандаа хутга барьж дайрчээ

Батлан хамгаалах салбарын дарга нарын хооронд харилцааны таагүй уур амьсгал сүүлийн жилүүдэд тогтох болсон гэж уг салбарт ажилладаг хүмүүс хэлдэг. Энэ байдал хурцдсан уу, эсвэл генерал цолын үнэлэмж эрс муудсанаас болсон уу, ямартай ч цол багатай нь цэргийг дээд цолтон руугаа хутга барьж дайрчээ. Энэ явдал өнгөрсөн долоо хоногт болсон гэнэ.
БХЯ-ны Хяналт, шалгалт, үнэлгээний газрын ахлах мэргэлтэн, хурандаа Б.Наранбадрал ажил дээрээ халамцуу явж байхад нь бригадын генерал П.Доржсүрэн тааралдан ажлын байранд ийм байдалтай явж болохгүй хэмээн шаардлага тавьсан аж. Тэр даруйдаа хурандаа гэртээ харьсан гэнэ. Төд удалгүй хутга барьж ирээд бригадын генералд агсамнасан юм байна. Үүнийг мэдсэн батлан хамгаалах салбарын офицерууд “Энэ салбарт захирах, захирагдах хэм хэмжээ алдагдсан, генерал цолыг хавтгайруулан олгож, үнэ хүндийг нь унагасны харгай үүнээс харагдаж байгаа юм” хэмээж байлаа.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлсэн гэнэ. Тус хэлтсийнхнээс лавлахад “Генерал, хурандаа нарын хооронд таагүй явдал болсон нь үнэн. Хэрэг бүртгэх тасагт үүнийг шалгаж байгаа. Батлан хамгаалах салбарынхан генералын гар гэмтсэн тухай ярьж байна гэсэн. Энэ нь ташаа мэдээлэл шүү” хэмээв. Батлан хамгаалахын дэд сайд нэг генералтайгаа шөргөөцөлдөж нэгнээ гэмтээсэн хэрэг хэдэн жилийн өмнө гарч байсан ч тэгсхийгээд намжсан юм. Үүнтэй адил эр улсууд хоорондоо учраа олох байлгүй хэмээн тус салбарынхан ярилцаж байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин