Арьсны өвчин судлалын төвөөс өдөрт цөөндөө 100, ОӨУБЕГ-аас дунджаар 900 хүн үйлчилгээ авдаг гэх статистик бий. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Герентологийн төвөөр орж, гардаг хүмүүсийг оролцуулаад, дээр нь барилгын материал авахаар тийш зорьдог иргэдийг нэмбэл өдөрт дунджаар 2000-аад хүн Зуун айлын гудамжаар “зочилдог” гэнэ. Үүний улмаас зөвхөн Зуун айл гэлтгүй Сансрын ШТС, Баянбүрд, 32-ын тойргийн авто замын хөдөлгөөний ачаалал 20-30 хувиар нэмэгддэг ажээ.
Нийслэлийн ИТХ өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Зуун айл орчмын орчин, нөхцөлийг сайжруулах үүднээс барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэх шийдвэр гаргаад буй. Авто замын хөдөлгөөний ачааллаас гадна тэндхийн хөрс ихээр бохирдож, Сүхбаатар дүүргийн XI хорооны оршин суугчид эрүүл, аюулгүй орчинд амьдарч чадахгүйд хүрсэн учраас тэр.
800 ГАРУЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ
Хүүхдийн II эмнэлгийн уулзвараас 32-ын тойрог хүртэл нэг км гаруй зам туулна. Гэтэл тэр хооронд 1000 орчим хүн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг гэх албан бус мэдээ бий. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс авсан мэдээллээр Зуун айлд 800 гаруй иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй аж. Зөвшөөрөл авч, бүртгүүлсэн хүмүүс гэж ойлгож болно. Тэдний 600 нь тэнд байрлах 21 төвд үйл ажиллагаа эрхэлдэг бол үлдсэн нь чингэлэг, жижиг байшин барьж барилгын материал худалдах болон хаалга, цонх, модон эдлэл үйлдвэрлэдэг юм байна. Үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нийтийн эзэмшлийн зам, талбайг эзэлж, авто замын нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулдаг нь хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэхэд хүргэжээ.
Олны хөдөлгөөнийг даган гадна талбайд оймс, улавч, углааш, бохь, тамхи зардаг хүмүүс сүүлийн үед нэмэгдсэн нь цаашид хөдөлгөөний ачааллыг улам нэмж мэдэхээр байв. Түүнчлэн барилгын материалын худалдааг даган 32-ын тойрог орчимд элс, хайрга худалддаг хүн жилээс жилд өсөж байгааг холбогдох албаныхан хэллээ. Зуун айлын зай талбай хомс, баруун, зүүн тал руугаа тэлэх боломжгүй тул барилгын материалын худалдаа эрхлэгчид 32-ын тойрог руу нүүж буй бололтой. Одоогоор нийтийн эзэмшлийн замд 50 иргэн, аж ахуйн нэгж хүнд даацын машинаа байрлуулан элс, хайрга худалдаж байна. Нөхцөл, байдал цаашид энэ хэвээр үргэлжилбэл 32-ын тойрог орчим “хар зах” болж, хотын иргэд зусландаа очиж чадахаа байх нь.
ХҮҮХДҮҮДИЙН ЦУСНААС ХАР ТУГАЛГА ИХ ХЭМЖЭЭГЭЭР ИЛЭРЧЭЭ
Олон жилийн туршид тухайн хэсэгт зохицуулалт хийгээгүйн улмаас хамгийн ихээр хохирч буй хүмүүс нь тэнд оршин суугчид. Худалдаа эрхлэгчид бараа, бүтээгдэхүүнийхээ агуулахыг энд тэндгүй барьсны улмаас тухайн хэсгийн авто замын нэвтрүүлэх чадвар муудаад байгаа. “Хангай” хотхонтой хамт ашиглалтад оруулсан Бага тойруугийн амин сүнс болсон авто замыг өнөө хэр гүйцээж барьж чадахгүй байгаагийн шалтгаан нь замбараагүй барьсан агуулахууд. Бага талбайд хэт олон хүн ажиллаж, олонх нь нүхэн жорлон ашиглаж буйн уршгаар тухайн хэсгийн хөрс их хэмжээгээр бохирджээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан “Барилгын материалын зах орчмын хөрс их, 100 метрээс хол хэсгийнх нь дунд зэргийн бохирдолтой” гэсэн дүгнэлт гаргасан байна. Үүний нотолгоо болох хог хаяж, угаадас асган, бие зассан булан тохойг Зуун айлын хаанаас ч харж болно. Энэ мэт шалтгааны улмаас тухайн хэсгийн хөрсөн дэх хар тугалгын агууламж хүлцэх хэмжээнээс хэтэрчээ. Өнгөрсөн онд хийсэн хүнд металлын шинжилгээгээр хар тугалгын агууламж 27.3 мг/кг байсан гэнэ. Зуун айлын барилгын захтай хаяа нийлэн байрласан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 29, 116 дугаар сургууль, 186 цэцэрлэгийн 153 хүүхдийн цуснаас дээж авч шинжлэхэд тэдний 62 хувиас нь хар тугалга илэрчээ.
“БИД НҮҮХЭЭС ТАТГАЛЗАХГҮЙ”
Үүсээд буй бэрхшээлийг шийдвэрлэхээр барилгын материалын захыг нүүлгэх шийвдэрийг тэнд ажиллаж байгаа хүмүүсийн олонх нь дэмжиж буйгаа илэрхийлэв. Худалдаачин Ц “Гадаа талбайд чингэлэг байрлуулан худалдаа эрхэлж буй хүмүүсийн олонх нь уг шийдвэрийг дэмжиж байгаа. Худалдааны төвүүдийн эзэд л эсэргүүцэж мэднэ. Над шиг гадна худалдаа эрхэлдэг хүмүүс бол нүүхэд бэлэн байгаа. Өвөл, зунгүй гадаа зогсож наймаа хийхийг хэн хүсэх вэ дээ. Зориулалтын байр барьж, барилгын материалын худалдааг нэг дор төвлөрүүлбэл бид нүүхээс татгалзахгүй” гэж ярив. Мужаан цех ажиллуулдаг Т, вакуум цонх, хаалга хийдэг Э, Т, Б нар ч барилгын материалын худалдааг хотын гадна байлгах нь зүйтэй гэдэгтэй санал нийлж буйгаа хэлсэн.
Гэхдээ зах зээлийн тэгш өрсөлдөөн бий болгохын тулд хотод барилгын материалын томоохон төв, задгай худалдаа байгуулахгүй байхыг нийслэлийн удирдлагаас хүсэж байв. Өнгөрсөн жилүүдэд Зуун айлын захыг нүүлгэх яриа гарах бүрт барилгын худалдааны төвүүдийн эзэд эсэргүүцэж байсан талаар худалдаачид хэллээ. Ингэхдээ лангуу түрээслэгчдийг “сэнхрүүлж”, эсэргүүцэхэд уриалдаг байж. Гадна талбайд худалдаа эрхэлдэг хүн цөөн тул арга буюу тэдний санаачилгыг дэмждэг байсан талаар хэлэх хүн олон таарав. Энэ талаар нэгэн эх сурвалж “Гаднах талбайд ажилладаг 80 гаруй аж ахуйн нэгж, 60 орчим иргэн бий. Уг нь энд 1300 гаруй хүн ажилладаг тухай өнгөрсөн онд сонсож байсан. Тэгэхээр “Одкон” зэрэг худалдааны төвд 1000 гаруй хүн лангуу түрээсэлж байгаа юм. Тэр хүмүүс нүүхээс татгалзвал цөөнх болсон бид арга буюу л дагана. Тиймээс нийслэлийн удирдлага захыг нүүлгэх гэж буй бол худалдааны төвийн эзэдтэй зөвшилцөх л асуудал байгаа юм. Мөн ойр орчмын агуулахын эзэдтэй уулзах хэрэгтэй. Зуун айл орчмын орчин, нөхцөлийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлыг тэд л гацааж байгаа шүү дээ” хэмээн ярилаа.
ЭХЛЭЭД НИЙТИЙН ЗЭЭМШЛИЙН ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛӨХ НЬ
Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр Зуун айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсэг байгуулагдаад буй. Судалгааны ажил дууссан бөгөөд тавдугаар сараас өмнө нийтийн эзэмшлийн талбайд худалдаа эрхэлж буй зөрчлийг арилгахаар төлөвлөжээ. Дараа нь барилгын материал худалдаж буй зарим цэгийг Авто худалдааны цогцолбор болон Налайхын барилгын материалын үйлдвэр, технологийн парк руу нүүлгэх нь. Гэртээ засвар хийхээр төлөвлөсөн хүмүүс хотын зүүн захаас баруун руу явахад бэрхшээлтэй тул Авто худалдааны цогцолборт хэсэгчлэн аваачихаар болжээ. Ийнхүү эхний ээлжийн чөлөөлөлтийн дараа ирэх наймдугаар сараас өмнө Зуун айл орчмын авто замын уулзварыг өргөтгөж, 4-6 эгнээ болгон, нэвтрүүлэх чадварыг нь сайжруулах юм байна.
Ингээд 2019-2020 онд хуучин барилгыг шинэчилж, худалдааны шинэ төв барих аж. Үр дүнд нь одоогийн Зуун айл орон сууцны хороолол болж, тэндхийн оршин суугчид ажилтай, орлоготой болох нь. Зуун айлын захыг нүүлгэх ажлыг судлах ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга “Ажлын хэсэг хоёр сар гаруй хугацаанд ажиллалаа. Ингээд тайлангаа нийслэлийн ИТХ-д танилцуулсан. Тус хурлаас энэ оны гуравдугаар улиралд багтаан захыг нүүлгэх үүрэг өглөө. Бид нүүлгэх ажлыг гурван үе шаттайгаар зохион байгуулах юм. Тэнд ажиллаж, амьжиргаагаа залгуулж буй хүмүүсийг хөөж, хүчээр гаргахгүй. Эхний ээлжинд нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, авто замыг нь өргөтгөн, хоёр хэсэгт нь тус бүр 200 автомашины зогсоол барина.
Дараа нь хуучин худалдааны төвүүдийг буулгаж, худалдаачид болон үйлчлүүлэгчдийн тав тухыг хангасан, олон улсын стандартад нийцсэн томоохон худалдааны төв барих юм. Худалдаачид газраа чөлөөлж өгсний хариуд бизнесээ өргөжүүлэх, тав тухтай үйлчилгээний газартай болох боломжоор хангагдана гэсэн үг. Ирээдүйд барилгын материалын худалдаа Авто худалдааны цогцолбор, “Бэлх” зах болон одоогийн Зуун айлд үлдэж, үйлдвэрүүдийг хотоос гаргахаар төлөвлөсөн” гэв. Иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоохгүйн тулд нийслэлийн удирдлага ажиллах таатай орчин бүрдүүлэхээр Налайх дүүрэг дэх паркийн зураг төсөл батлагдан, бүтээн байгуулалт өрнөж буй тул хүндрэл үүсэхгүйг дээрх ажлын хэсгийнхэн онцолсон. Тиймээс Зуун айлд худалдаа эрхэлж буй хүмүүс нүүхэд бэлэн гэдгээ хэлж байна. Орчны бохирдол, хөдөлгөөний ачааллаараа нийслэлд тэргүүлдэг Зуун айл тун удахгүй орчин үеийн хэв загвар бүхий орон сууцны хотхон болох нь.
2 comments
дэмжинээ дэмжинэ. ХАРИН БАРИЛГЫН МАТЕРИАЛ ЗАРАХ ЦЭГИЙГ ТУСАД НЬ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ЯАЖ ИНГЭЖ ХОТЫН ТӨВДӨӨ УЛСЫНХАА ТӨВ ЦЭГИЙН АЖУУДА БАРИЛГЫН ХОРТОЙ ТООС ШОРОО БУЖИГНУУЛААД СУУЖ БАЙХ ВЭ. ЭЛХИЙН ХАА Ч ИЙМ УТГАГҮЙ ЮМ БАЙХГҮЙ АНЦХАН МОНГОЛ БАЙНА
Авто худалдааны цогцолбор шиг хотоосоо ялгүй алслагдсан . Агуулах, склад, саравчтай ,хангалттай зам талбай ,зогсоолтой, Түүхий материалын онцлогоор нь бүлэглэсэн байдалтай тус бүртэй хашаа хамгаалалттай, Эргэн тойрон ойжуулж тоосонцороос хамгаалсан байвал зүгээр ч юм уу .