Хаврын чуулган өнөөдөр /2018.04.05/ хөшгөө нээлээ. Тэгвэл чуулган эхлэхтэй зэрэгцсэн сюрпризүүд цөөнгүй байна. Магадгүй энэ хаврын улс төрийн “халуун” өмнөх жилүүдийнхээс илүү байж мэдэх. Учир нь эдийн засгийн томоохон орд Оюутолгой, Дубайн гэрээ, Эрдэнэт үйлдвэр тойрсон баривчилгаа, Үндсэн хуулийн шинэчлэл дагасан жагсаал цуглаан, эсэргүүцэл тасрахгүй бололтой. Энэ дунд олон нийтийн дэмжлэгийг авч чадахгүй байгаа ч эрх баригч намынхны хүч түрэн батлахаар зэхэж буй Үндсэн хуулийн шинэчлэл иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, улс төрийн намуудын эсэргүүцэлтэй тулгарснаас хэлэлцүүлж чадахгүй бараг жил тойрч байгаа юм.
Төрийн ордон руу Ерөнхийлөгчөөс өөр хүн оруулахгүй гэв
Харин өнөөдөр 10:00 цагаас нээлтээ хийх чуулганыг угтаж, 76 гишүүнд гэнэтийн бэлэг хамгийн эхний үйл явдал бол зарим улс төрийн намуудын жагсаал. Тодруулбал, “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”, “Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо”-ноос өнөөгийн УИХ-ыг Монгол Улсын аюулгүй байдал, хил хязгаар, газар нутгийн бүрэн бүтэн байдал, иргэдийн эрх, эрх чөлөөнд ноцтой аюул занал учруулаад зогсохгүй, баялгийн тэгш бус хуваарилалт бий болгож, үндэсний эв нэгдлийг сарниулсан гэж үзэж Төрийн ордны баруун, зүүн хаалганы үүдэнд улс төрийн суулт хийхээ мэдэгдээд байгаа юм. Энэ үеэр Төрийн ордон руу Ерөнхийлөгчөөс өөр хүн оруулж, гаргахгүй бойкотлох гэнэ.
Жагсаалын талаар “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар “Манай хууль хяналтын байгууллага өөрсдөө оффшорчдын гар, хөл болсон учраас шудрага үнэнийг тогтоож чадахгүй байна. С.Баярцогтыг барьж хорьсон нь зүгээр л түр зуурын шоу. Яг энэ засаглал байгаа цагт хэзээ ч тэр хүн шоронд орохгүй. Харин бидний үеийн залуус хувьсгал хийх юм бол бүх хулгайч нарыг байх ёстой газар нь аваачиж чадна. УИХ-ыг тарахыг тулгасан шаардах хуудсыг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьж, мөн Ерөнхийлөгчөөс онц байдал зарлахыг шаардана” гэлээ.
Зарим гишүүдийг эгүүлэн татах асуудлыг сөхнө
УИХ-ын хэд хэдэн гишүүний ёсзүйн асуудал чуулганы өдөр сөхөгдөнө. Хамгийн эхэнд хүчингийн хэрэгт нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Д.Гантулгад прокурорын тогтоолыг гардуулах эсэх нь олон нийтийн сонирхлын татаж байна. Түүнд АТГ-аас өнгөрсөн хугацаанд 18-удаа дуудах хуудас хүргүүлсэн боловч гадаад томилолттой гэх шалтгаанаар хүлээж авахгүй байгаа юм. Харин өнөөдөр чуулганы нээлтэд ирэх бол тогтоолыг гардуулж магадгүй юм. Мөн УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах эсэх нь хаврын чуулганаар яригдах зайлшгүй яригдах түшээдийн тоонд УИХ-ын гишүүн Д.Мурат, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын нэр бий.
Эх сурвалж: www.polit.mn