АНУ-ын Калифорни мужийн шүүхээс “Хорт хавдар үүсгэгч бодис агуулсан бүтээгдэхүүн дээр сануулах бичиг байрлуулна” гэх шийдвэр гаргасан байна. Тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй кофе худалдаалагч, үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүнийхээ шошго дээр “Хорт хавдар үүсгэх бодисын агууламжтай” гэсэн тэмдэглэгээг тавих юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас кофег албан ёсоор хорт хавдар үүсгэгч бүтээгдэхүүний жагсаалтаас хассан бөгөөд тааруулж хэрэглэх нь элэгний хорт хавдар, церозиос сэргийлэх боломжтойг баталсан. Гэхдээ өглөө өлөн элгэн дээрээ кофе уух нь тийм ч зөв санаа бус хэмээн анхааруулаад, дан ганц кофе гэлтгүй шингэнийг 60 хэмээс өндөр халуунтай уувал улаан хоолойн хорт хавдар үүсэх магадлалыг нэмэгдүүлдгийг судлаачид тогтоожээ.
Шүүгчдийн болон Видсом Их сургуулийн судлаачдын үзэж буйгаар кофе хуурах явцад бий болдог акриламид гэх бодис нь хорт хавдар үүсгэгч аж. Ийнхүү Калифорни мужид үйл ажиллагаа явуулдаг Starbucks, Eleven, Whole goods, Target зэрэг компаниудын худалдаалж буй нэг аяга кофе бүрт “Хорт хавдар үүсгэх бодисын агууламжтай” гэсэн тэмдэглэлээ тавих шаардлагатай болжээ. Кофе үйлдвэрлэгч компаниуд акриламид бодис зөвхөн кофе хуурах явцад бий болдог учир, чанаж, найруулсан кофены агууламжид нөлөөлөхгүй хэмээн мэдэгдсэн ч Шүүхээс “Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж нотлох баримт хангалтгүй” гэх үндэслэл гаргажээ.
Акриламид бодис нь хэд хэдэн төрлийн хорт хавдар үүсгэдэг бөгөөд хүний биеийн бодисын солилцоонд сөргөөр нөлөөлдөг. Тус бодис нь дан ганц кофенд бус бидний өдөр тутам хэрэглэдэг жигнэмэг, чипс, шарсан төмс, сериал зэрэг хуурч, хатаасан бүтээгдэхүүнд ихээр агуулагдсан байдаг аж.