Дэлхийн жишигт нийцсэн дүүжин цамхагийг Богдхан ууланд барихаар төлөвлөжээ. Богдхан уулын орчим газар ашиглалтын төлбөр төлөөгүй үйл ажиллагаа явуулж буй 28 аж ахуй нэгжийн гэрчилгээг хүчингүй болгож, 90 хоногийн дотор газар чөлөөлөх, унаган төрхийг сэргээх шаардлага хүргүүлжээ.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн “Богдхан уулын Баруунширээт орчмоос Улаанбаатар тэр чигтээ харагддаг. Энд дүүжин цамхаг байрлуулснаар аялагчид уулынхаа оргил дээр очоод тэндээс илүү тод харах боломж бүрдэнэ. Энэ бүхнийг нэгдсэн байдлаар төлөвлөж, аяллын маршрутыг албан ёсны болгох хэрэгтэй.Төөрвөл яах вэ, уул ямар байх вэ, хаана нь сууж амрах вэ, ямар тэмдэглэгээтэй замаар явах вэ зэрэг холбогдох ажлуудыг хийж байна. Урд нь ийм төлөвлөгөөтэйгөөр яваагүй. Ямартай ч төлөвлөгөөгөө хийж байна. Ингээд үе шаттайгаар хэрэгжүүлээд явах болно” гэжээ.
Дүүжин цамхаг бариснаар хуурайшилтын зэрэг өндөртэй энэхүү уулын оргил руу гарах, аюул осол дагуулах эрсдэлээс сэргийлнэ гэж үзжээ.