Өнөөдөр (2018.04.03) Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ үеэр АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H-2 визийг мэдүүлэх эрх дөрөвдүгээр сарын 1-нээс нээгдсэн гэдгийг мэдээллийн эхэнд онцлов. Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболдын хэлснээр Consul.mn вэб хуудсанд хөдөлмөрийн виз гэсэн тусгай цэс гаргаад визтэй холбоотой мэдээллүүдийг өгч байгаа аж.
Визний хувьд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ХНХЯ-аас олгогдсон эрх бүхий этгээд АНУ-ын ажил олгогчтой байгуулсан гэрээний үндсэн дээр Монгол Улсын иргэдийг бүртгэж авч уг хөтөлбөрт иргэдийг хамруулах ёстой юм байна. Мөн визний төлбөр хураамжнаас өөр мөнгө төлөхгүй гэнэ.
Сонгогдоод виз нь гарсан хүний зардлыг ажил олгогч даах бөгөөд энэ асуудалд анхаарал болгоомжтой хандахыг холбогдох албаны хүмүүс анхааруулав. Өнөөдрийн байдлаар тусгай эрх авсан, Америкийн ажил олгогчидтой гэрээ байгуулсан компани байхгүй юм байна.