Таны хүүхэд хаана хэнтэй нөхөрлөж явна вэ? Энэ талаар та бодож үзсэн үү. Магадгүй та миний хүүхэд ахлах ангид орсон, оюутан болсон биеэ даасан болхоор зүгээр гээд зөнд нь орхисон юм биш биз. Хар тамхи гэх цагаан тахалд таны хүүхэд хэн нэгэнтэй толгойгоо мэдүүлсэн байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Өнгөрсөн шөнө 23:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхэд, залуус ахуйн хэрэглээний газ үнэрлэн, мансуурч байсныг тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Тус дүүрэгт оршин суух 19 настай, эрэгтэй А, Э, 18 настай Г болон Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай 14 настай, эрэгтэй О нар нь эзэнгүй хашаанд мансуурсан байдалтай байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлж, тэдний үйлдлийг таслан зогсоожээ. Иймд эцэг эхчүүд та бүхэн үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хаана юу хийж байгааг нь үргэлж лавлаж байгаарай.