Б.Болор
Гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаа өнөө үед монголчууд бид өөрсдийгөө болон болон гэр бүлийнхнээ хэрхэн хамгаалах вэ гэдэгт анхаарлаа хандуулья. ОБЕГ-аас иргэдэд гамшгаас өөрийн болон бусдын амь насыг авран хамгаалах сургах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт зохион байгуулдаг. Ингэхдээ иргэдийг гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалан “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларах ёстой. Энэ сарын 30-нд орон даяар аюулын дохио хангиналаа. Төв талбай дээр цугласан олон мянган хүн, хүүхэд том жижиг гэлтгүй бүгд л аюул хэзээ ч нүүрлэхгүй юм шиг ном толгой дээгүүрээ тавьсан шигээ ёс төдийхнөөр өнгөрүүлж байгаа харагдна лээ. Дайнтай орнуудын дэргэд байгалийн гамшигт үзэгдэл нүүрлээд байдаггүй тайван орны иргэд ёс мэт ингэж өнгөрүүлэхгүй гээд яах билээ. Гэхдээ…
Хүн амын тал хувь нь амьдардаг нийслэлчүүд бид газар хөдлөлтийн гамшгаас өөрсдийгөө хамгаалахад бэлэн болов уу. Өндөр, шилэн барилгуудын багагүй хувь нь нурах эрсдэл дагуулсныг олон жилийн өмнөөс хөндөж ярьдаг боловч хийж хэрэгжүүлсэн нь үгүй. Энэ үед бид хаана нуугдах вэ?
Иргэд хэлэхдээ “Байгалийн гамшгийг хэзээ хаана ямар байдлаар болохыг хэн ч тааварлаж мэдэхгүй. Хэрвээ машинаа бариад явж байхад тийм зүйл болбол бид яаж ч чадахгүй. Үнэндээ бол газар хөдлөлтөөс яаж өөрсдийгөө хамгаалах тал дээр хүмүүс мэдлэг дутуу л байдаг санагддаг” гэсэн хариултыг өгч байлаа.
Нийслэлийн хэмжээнд 36 мянга орчим барилга байгаагаас 3800 орчим нийтийн зориулалттай орон сууцны барилга. Засгийн газраас 2011-2015 онд нийтийн зориулалттай 524 барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээ, судалгаа хийсэн байдаг. Эдгээр барилгаас 171 нь газар хөдлөлтөд тэсвэртэй, 278 нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарчээ. Газар хөдлөлтөд тэсвэргүй гэх барилгуудын ихэнхи нь тоосгон болон модон хийцтэй, ашиглалтын хугацаа дууссан, газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй 1970 оноос өмнө баригджээ.
Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд манайд хийгдсэн газар хөдлөлтийн судалгаагаар хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт оршиж байна. Эдгээр хот сууринд нийт хүн амын 85 гаруй хувь нь амьдарч байна. Урьдчилан тааж мэдэх боломжгүй байгалийн гамшигт үзэгдэл болох газар хөдлөлт, цунами, хар салхинд улс орны хөгжил, эдийн засаг, улстөрийн хүчирхэг байдал ямар ч хамгаалалт болж чаддаггүйг олон жишээ батална.
Газар хөдлөлтийн хамгаалалтаараа үлгэр жишээ болсон орон бол Япон. 1995 онд Токиод газар хөдөлж 300 мянган хүн нас барж, 300 мянга гаруй хүн аюулаас аврагдсан мэдээ байдаг. Амьд үлдэгсдийн 77 хувийг иргэд, 23 хувийг аврагчид аварчээ. Японд гэнэтийн аюулын үед иргэдээ нүүлгэх цэцэрлэгт хүрээлэн байдаг. Тэнд дулаан орон байр, хоол ундны агуулах, эмнэлгийн багаж хэрэгсэл гээд бүх зүйл бий. Мөн гамшгийн үед яах ёстой талаарх сургалтыг тогтмол явуулдаг аж. Харин манай улс болзошгүй аюулын өмнө ямар бэлтгэлтэй байгаа бол. Хэрэв газар хөдөлбөл нийслэл хотод барилгуудын багагүй хувь нь нурах эрсдэлтэй гэдэг.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот орчмын хүчтэй газар хөдлөлтийн хагарлуудын дагуу бүртгэгдэж буй газар хөдлөлтийн тоо, мөн хүчний хэмжээ ихсэж, давтамж нь ойртож байгаа талаар эрдэмтэн судлаачид онцолж байна. Он гарснаас хойш 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт арав гаруй удаа болжээ. Газар хөдлөлтийг хэмждэг төхөөрөмжөөр шалгахад манай улсад өдөрт 80-100 удаагийн газар хөдлөлт буюу чичиргээ ажиглагддаг байна. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд хүчтэй газар хөдлөлт болоогүй. Болохыг хэн ч үгүйсгэхгүй.
.
1 comment
Манай замыг хагарсан байхыг нь хажуугаас нь харахаар масло түрхчихсэн талх шиг шалчийсан юм. Харь улсын зам болохоор хамбургерийн үе шиг зузаан байх юм. Юуных юм болоо?