[starbox]
ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ (2017.03.20-26)
Баруун аймгуудаар орсон цас хөдөө орон нутгийн малчид, иргэдэд хүндрэлтэй туссан бол, их хэмжээний цас гамшгийн хэмжээнд хүргэж болзошгүй гэж үзсэн албаныхан хот, хөдөөг холбосон автозамыг түр хугацаагаар хаахаас өөр аргагүйд хүрсэн долоо хоног шувтарч байна. Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрийн хэрэгжилтийг орон нутгийнханд дуулгаж, иргэдийн санал хүсэлтийг сонсох гэсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын баруун аймгуудад ажиллах томилолт, Монгол хүн сансарт ниссэн өдөр, казах түмний Наурызийн баяр болон цаг агаар хүндэрсэн энэ өдрүүдтэй давхцав. Лхагва гаригт (2017.03.22) манан буусан тул Өлгий нисэх буудал онгоц хүлээн авах боломжгүй болж, Баян-Өлгийд 1000 хүүхэд Ерөнхий сайдыг хүлээн дөрвөн цаг унасан нойтон цасан дунд зогслоо гэсэн шүүмжлэл Ж.Эрдэнэбатын томилолтыг тойрон өрнөж байна.
Олимпийн найдвар хэн бэ: Энэ долоо хоногт Монголын Үндэсний Олимпийн Хорооны ээлжит чуулган хуралдан, гишүүдийн олонхийн саналаар Олимпийн хорооны Ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн дахин сонгогдов. Тив дэлхий, олимпийн дэвжээ, спортын их наадмын өдрүүдэд баг тамирчдаа дэмжин догдлохыг хүсдэггүй хүн байхгүй. Гэхдээ энгийн үед ихэнх нь дэлхийн дэвжээнд Төрийн дуулал эгшиглүүлж, ард түмнээ баярлуулдаг тамирчдын амжилт Олимпийн хороотой салшгүй холбоотой гэдгийг мартаж орхидог. Тиймээс гаднаас нь харахад зөвхөн спортын ерөнцийнхөн дунд өрнөж байгаа өрсөлдөөн, томилгоо шиг харагдах Монголын Үндэсний Олимпийн Хорооны ээлжит чуулган, сонгуулийг энэ долоо хоногийн онцлох үйл явдлын нэгд тооцож болно.
Төрийн нууцыг дагасан дуулиан: Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг давж заалдах шатны шүүх хурал, хэргийн зарим баримтыг төрийн нууцаас гаргасан зэрэг үйл явдал нь долоо хоногийн бас нэг сэдэв болж өнгөрлөө. Хэрэг гарсан 1998 оноос хойш Олон улсын парламентын холбооны анхаарлын төвд байсан энэ хэргийн шийдвэрийн талаар хэд хэдэн удаа бичиг ирүүлсэн гэж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мэдэгдэв. Хоёр шатны шүүх энэ хэрэгт буруутгагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 24-25 жилийн ял оноосон бөгөөд одоо тэдэнд Улсын дээд шүүхэд хандан давж заалдах ганцхан боломж үлдээд байгаа юм.
ОУВС-ийн санал УИХ-д очив: Засгийн газар өнгөрсөн долоо хоногт УИХ-д ОУВС-тай хамтан хэрэгжүүлэх “Extended facility fund” хөтөлбөрт нийцүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэв. Суудлын автомашины онцгой албан татвар, хадгаламжийн хүүгийн орлого, импортын тамхинд ногдох гаалийн болон автобензин, дизель түлшний албан татвар, орлогын удирдлагыг сайжруулан хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг нэмэгдүүлснээр төсвийн орлогыг 2017 онд 203.4, 2018 онд 476.1, 2019 онд 497.9 тэрбум төгрөгөөр өсгөх энэ төсөл УИХ дээр хэлэлцэгдэх үед их хэмжээний өөрчлөлт орж, өнгөө хувиргахгүй болов уу.
Төмөр замын төслийн шинэ авлига: Монголын авлигачидтай холбоотой нэгэн дуулианыг “CBC” агентлагийн Швед, Орос, Боснийн сэтгүүлчдийн хамтарсан “Radio-Canada” нийгэмлэг мөн энэ долоо хоногт дэлгэв. Монголд арван сая ам.долларын төмөр замын тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт ялахын тулд Канадын “Bombardier” компани холбогдох албаныханд хахууль өгсөн талаар энэ мэдээнд дурджээ. Ахидаг ч үгүй, урагшилдаг ч үгүй Монголын төмөр замын төслөөс албан тушаалтнууд олон сая доллар завшсан. Зарим нэг нь авлигын хэргээр хуулийн байгууллагад шалгуулж байгаа. Анхаарлын төвөөсөө арчаад хаячихгүй бол хэвлэл болон цагдаагийнханд энэ өдрөөс эхлэн Монголын төмөр замын төсөлд оролцож байгаа Канадын “Bombardier” компани гэж ямархуу аж ахуйн нэгж болох, сэтгүүлчдийн “Radio-Canada” нийгэмлэг гэж ямар байгууллага болохыг эрэн хайх ажил ундарч эхлэх нь ээ.
Хар алт далайн боомт руу: Төмөр замын тухайд дахин өгүүлэхэд, өнгөрөгч долоо хоногт Монгол Улс хар алтаа төмөр замаар Хятадын Тяньжин хот хүртэл тээвэрлэх гараагаа эхлүүлэв. Дорноговь аймгийн Олон Овоогийн өртөөнөөс урд хилийн хамгийн ойр Тяньжин боомт руу өдөрт 100-150 вагон нүүрс ачих боломж нээгдсэн ба албаныхан Хятад руу экспортлох нүүрс сард 200 мянга, жилд 2.5 сая тонноор өснө гэж тооцсон байна. Терминал бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл хоногт 300 вагон буюу 19500 тонн ачаа тээвэрлэх аж.
Оффшор, сайд хоёр: УИХ-ын чуулган завсарлаж улс төр ерөнхийдөө нам гүм байгаа энэ долоо хоногийн төгсгөлд Ерөнхий сайдыг дагалдан хөдөө орон нутагт ажилласан Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт орон нутгаас оффшорын хууль, оффшорчдын тухай гэнэтийн мэдэгдэл хийж, нийтийн анхаарлыг өөртөө татав. Сайдын “УИХ дахь МАН-ын бүлэг үндсэндээ оффшор бүсэд данс эзэмшиж байгаа, хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан хаагчид болон тэдний үр хүүхдүүдийг оффшор бүсэд данс эзэмших, мөн хувьцаа эзэмшихийг хориглосон байгаа. Нэгэнт бүлэг дээр шийдвэр гарсан учир хаврын чуулганаар батлагдах байх. УИХ-аас оффшорчдод хариуцлага тооцох тухай хууль батлагдвал тэдэнд хариуцлага тооцох эрх зүйн боломж бүрдэнэ. Хууль батлагдсаны дараа Засгийн газраас оффшор бүсэд хөрөнгөө нуусан, хувьцаа эзэмшиж байгаа, хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан, албан тушаалаа ашигласан этгээдүүдийг “Хөрөнгөө Монгол Улсад оруулж ир. Оруулж ирэхгүй бол хариуцлага тооцно”гэсэн асуудлыг ярина. Оруулж ирэхгүй бол илрүүлж хүчээр хурааж, Монгол Улсад оруулж ирэх арга хэмжээ авна” гэж хэлсэн ярилцлага мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олон хүний загтанасан газар маажив. Төрийн хөрөнгийг хувьдаа завшиж, оффшорт хадгалуулсан хүмүүсээс мөнгөө ав, оффшорчдод хариуцлага тооцох ёстой гэсэн хандлага ихэссэн энэ үед сайдын мэдэгдэл, УИХ-аар батлагдах хуулийн төслийн эцсийн найруулга, хэрэгжүүлэх механизм зэрэг хэд хэдэн асуудлын дунд ямархуу ялгаа гарахыг хэлэхэд эрт байна. Цаг нь ирэхэд МАН-ын хэт олонхиос бүрдсэн УИХ С.Бямбацогт сайдын хэлсэнчлэн шийдвэр гаргаж чадах болов уу. “Ам алдвал барьж болохгүй” гэсэн хатуу үг бий шүү.