Усан цахилгаан станцын асуудлаар ажлын хэсэг ирэх сард Эрхүүд уулзана

Усан цахилгаан станцын асуудлаарх Орос, Монголын хамтарсан ажлын хэсэг ирэх сард Эрхүү хотноо уулзалт хийхээр болжээ. Хурлын үеэр Оросын эрдэмтдийн судалгааны үр дүн болон бусад асуудлыг танилцуулна гэж Эрхүү хотын Мелентьевийн нэрэмжит Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Эрчим хүчний системийн хүрээлэнгийн гидроэнерги, усны аж ахуйн системийн лабораторийн эрхлэгч Вячеслав Никин мэдэгджээ.

Тэрбээр Засгийн газар хоорондын комиссын хурлын Монголын төлөөлөгчид цаашид холбоотой ажиллахаас татгалзахгүй гэдгээ илэрхийлсэн гэжээ. Хамтарсан ажпын хэсэг өнгөрсөн нэг жилийн хугацаанд зөвхөн ганц удаа буюу өнгөрсөн аравдугаар сард Улаанбаатарт хуралдсан юм. Хамтарсан ажлын хэсэгт Оросын талаас 27 хүн орсны найм нь шинжээчид юм. Харин Монголын талаас 32 хүн багтсаны 22 нь эрх бүхий албан тушаалтан гэнэ.

Өнгөрсөн оны наймдугаар сард БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл одоогоор Сэлэнгийн усан цахилгаан станц барих шийдвэрийг гаргаагүй хэмээсэн билээ. “Сэлэнгэ мөрөнд УЦС барих шийдвэрийг эрдэмтдийн судалгаа гарсны дараа л гаргана гэдгийг дахин сануулахыг хүсэж байна. Тэр үед бид шийдвэр гаргах болно. Сүүлийн зуун жилд дэлхийн дулаарал эрчимжиж байгааг та бүхэн анхаарсан биз ээ. Монгол Улсад ч мөн адил. Үүнээс болж өндөр уулсын оргилын мөнх цас хайлж байна. Хэрвээ мөнх цас үгүй болбол Сэлэнгэ мөрний түвшин багасна. Аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд УЦС барих боломжийг судалж байна” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн