Cell сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд өлсгөлөнгийн мэдрэмж ужиг өвдөлтийг дарахад опиат болон анальгинаас дутахгүй үр дүнтэй гэж бичсэн байна. Пенсильванийн их сургуулийн нейрофизиологич Эмбер Алхадефф “Өлсгөлөнгийн мэдрэмж өвдөлтийн хэмжээг өөрчилнө гэж бид таамаглаагүй. Гэвч туршилтын хулгануудын ашиглалтаас бүх зүйл тодорхой болсон. Амьтан ямар нэг шархтай байсан ч өвдөлтөө хайхралгүй, хоол тэжээл хайх ёстой болдог” гэж ярьсан байна.

Өвдөлт бол бүх амьд биетэд байдаг ойлгомжтой бөгөөд нийтлэг дохио. Уг дохио нь амьтны биеийг цаашдын гэмтэл, бодлогогүй алхмаас сэрэмжлүүлдэг. Эрдэмтэд бүх төрөл зүйл, хүйс, газар орны амьд биет өвдөлтийг адилхан мэдэрдэг гэж эртнээс үзэж ирсэн боловч тийм биш нь тогтоогдсон. Жишээ нь, Канадын нейрофизиологчид хоёр жилийн өмнө эрчүүд ба эмэгтэйчүүд өвдөлтийг мэдрэлийн өөр өөр эсүүдээр мэдэрдэг ба ужиг өвдөлт тэдний биеэ авч явах байдалд өөр өөрөөр нөлөөлдгийг илрүүлсэн юм. Үүнээс улбаалан эрдэмтэд өвдөлтийн мэдрэмж орчноо хүлээн авахад хэрхэн нөлөөлдгийг судлахаар шийдсэн байна. Алхедефф болон түүний хамтрагчид хулганыг ажиглах үедээ биеэ авч явах байдал болон өлсгөлөн, цадалтын мэдрэмжийг удирддаг мэдрэлийн эсүүдийн харилцан уялдааг санамсаргүй нээжээ. Судлаачид хулганыг нэг өдөр өлсгөхөд шархадсан хөлөө долоож арчлах нь багассан аж.

Энэ үзэгдлийг нээсэн эрдэмтэд хулганын тархин дахь өлсгөлөн ба өвдөлтийн мэдрэмжүүдийг холбодог нейронуудыг олохыг оролдов. Үүний тулд нейронуудад гэрлээр удирддаг вирус суулгаж ажиглалт хийсэн байна. Эндээс үзэхэд тархины гүнд оршиж, өвдөлтийн төвийн үүрэг гүйцэтгэдэг саарал эдийн AgRP хэмээх нейрон таатай бус мэдрэмжийг дарж байгааг тогтоожээ. Уг нейронуудыг албаар ажиллуулахад хулгана цатгалан байсан ч өвдөлтийн мэдрэмжийг бүрэн хааж байв. Судалгаанд оролцсон Николас Бетли “Энэ тохиолдолд өвчин намдаах үр дүн нь морфин болон опиатынхтай адилтгаж болохоор байсан” хэмээн онцлов. Одоохондоо AgRP нейрон хүний тархинд байдаг эсэх, байлаа ч өвдөлтийг бүрэн дарах эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ энэ судалгаа ужиг өвдөлттэй тэмцэж, опиат шиг хамаарал үүсгэхгүй арга нээхэд тусалж магадгүй юм.

“ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ” СОНИН

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн